-Жагсаалд эхний өдрөөс нь тууштай оролцсоны хувьд одоогийн үр дүнд хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Цаг үеийн нөхцөл нь ингэж таарав уу, эсвэл иргэд олон хоног жагссан нь үнэхээр нөлөөлөв үү, ямартай ч Засгийн газар хөдөлж эхэллээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тодорхой хэмжээнд үр дүн гарсан гэж үзэж байна.
-Засгийн газар, хууль, хяналтын байгууллагынхан энэ асуудлыг нэгэнт анхаарлын төвдөө авсан учраас иргэдийн зарим нь та бүхнийг жагсаал, цуглаанаа өндөрлүүлэхийг уриалж буй. Таны байр суурийг сонирхъё?
-Бид Эрүүгийн хуулийг чангатгах нэмэлт, өөрчлөлт тусгуулах асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь, тэр саналыг бүрэн гүйцэд тусгаагүй. Олон нийтэд мэдээлэхдээ “Жагсагчдын шаардлагын дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа” гэсэн боловч яг нарийндаа залуусын саналыг бүрэн дэмжиж, оруулаагүй. Бидэнтэй хамтран ажилладаг хуульч ч үүнийг анхааруулсан. Залуус энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ерөнхий сайдтай биечлэн уулзмаар байна. Өвлийн хүйтэнд гадаа олон хонолоо. Биднийг хүн гэж үзэхгүй байгаа бололтой.
-Ямар шаардлагыг нь хүлээж аваагүй юм бэ?
-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг өндрөөр тогтоох санал хүргүүлсэн юм. Хангалттай хэмжээнд чангатгаагүй гэж үзэж байна. Мөн хуулийн цоорхой гэж хэлж болохоор зүйлс ч бий.
-Сүхбаатарын талбайд хэд хоносон бэ. Бие махбод, эрүүл мэндэд нь ямар нэг өөрчлөлт гарсан уу?
-Маш их ядарч байна. Толгой эргээд, нүд анилдаад л. Энд тэнд очоод суучихмаар л санагддаг болсон. Байгаа байдлаа харахаар харьчихмаар, энд үлдэж байгаа залуусаа орхиод явах гэхээр хэцүү. Хажуугаар нь энэ жагсаалд өөрийн итгэл үнэмшлээрээ оролцож байгаа залуус маань сахилга бат алдах вий, хэн нэгний нөлөөнд автах вий, сэтгүүлчдэд буруу зөрүү зүйл ярьчих вий гэж болгоомжлох юм. Ийм тохиолдолд бидний нэр хамтдаа муугаар гарна шүү дээ. Жагсагчдыг нийтэд нь харлуулах, нийгэмд буруугаар ойлгуулах гэсэн оролдлого энэ өдрүүдэд өчнөөн удаа гарсан. Тиймээс сэрэмжтэй, сахилга баттай, хатуужилтай байхыг хичээж байна. Бид энд эрхлэх гэж ирээгүй. Талбайд гэр барьснаас хойш залуусын эрч нэлээд суларсан.
-Яг ямар үр дүнд хүрвэл Б.Бат-Очир энэ жагсаалыг сэтгэл хангалуун өндөрлүүлж, гэртээ харих вэ?
-Хэдий дутуу дулимаг, алдаа оноотой ч гэсэн ийм богино хугацаанд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь нэг талаараа амжилт. Чамлахаар чанга атга гэдэг. Одоо харин үүнийгээ илүү боловсронгуй, чамбай болгох шаардлагатай. Тэгж чадахгүй ч байж магадгүй.
Тиймээс бид төлөвлөгөө, тооцоололтой байх нь чухал. Хэзээ барьцаа ахиулж, хэдийд нь бууж өгч, аль үед хөлд нь суух вэ гэдгээ мэддэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, аливаа асуудалд ухаалгаар, өгөө, аваатай хандах нь чухал. Биелэх боломжгүй зүйл хүсээд ч юм уу, муйхарлаад зүтгээд байж болохгүй.
Залуус жагсаалын эрчийг сулруулахгүй, биднийг гээд зориод ирж буй хүмүүсийн итгэл найдварыг алдахгүй гэсэндээ талбайд хонож байгаа. Хонон өнжин тэмцэж байгаа учраас л ийшээ ирэх хүмүүсийн цуваа тасрахгүй, өдий олон өдөр үргэлжилж буй. Гэтэл өөр ашиг сонирхолтой хүмүүс энэ жагсаалыг үймүүлэх гэж оролдсон хэвээр. Энд ч чанга яригч, дуу өсгөгчтэй хүмүүс ирчихсэн шал өөр зүйл ярьж байх юм. Тэнд ч хэсэг бүлэг хүн бүх ард түмний эв нэгдлийн хурал зохион байгуулна гээд иргэдээс гарын үсэг цуглуулж байх жишээтэй. Энэ нь надад таагүй сэтгэгдэл төрүүлж байна. Жагсаалыг өмчирхөх гэсэн юм биш. Гол нь тэмцлийн галыг унтраахгүй гэсэн залуусын хичээл зүтгэлийг ашиглаж байгаа нь муухай. Ажиглахаар дандаа дунд, ахимаг насны ах, эгч нар бий. Тэд ямар нэг үйлдэл хийхгүй, хичээл зүтгэл гаргахгүй, тууштай байж чадахгүй хэрнээ л сайн сайхан зүйлс ярьж, хүмүүсийн тархи угааж байна. Хөхөө өвлийн хүйтэнд цементэн дээр цаасан хайрцаг дэвсэж хоноод ч болов хариуцлага нэхэх тэсвэр тэвчээр тэдэнд байхгүй шүү дээ. Энэ бол зориг, тууштай байдал.
-Хүн бүр өнөөгийн нийгэм гажуудаж, цэвдэг, хахир болсныг хэлж байна. Ийм нийгмийг бүтээхэд иргэдийн сонголт, хариуцлагагүй байдал, улс төрийн мэдлэг, ойлголтын түвшин ч нөлөөлсөн гэж боддог юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Би Япон Улсад долоон жил амьдраад, саяхан эх орондоо ирсэн. Тийшээ явсан гол зорилго нь ядуу амьдралаасаа салах байсан. Гэхдээ тэнд байх хугацаандаа ядуу амьдрал биш, ядуу сэтгэлгээнээсээ салах нь илүү үнэ цэнтэйг ойлгосон юм. Ядмаг сэтгэлгээнээсээ ч салсан. Аливааг харах өнцөг, хүлээж авах хандлага ямар чухлыг ойлголоо. Би Японд байхдаа их хэмжээний мөнгө хуримтлуулаагүй ч багагүй зүйл сурч, өөрийнхөө хэмжээнд амжилт гаргасан. Ойр тойрны хүмүүс “Монголоо мундаг” гээд хэт их магтаад, шагшраад байхаар хэцүү санагддаг юм билээ. Тэр болгонд өөрөөрөө үлдэх гэж хичээсэн. Би-гээр өвчилчихгүй юм сан гэж бодсон. Монголоос ирж буй залуус амьдрал ямар хүнд байгааг байнга хэлдэг, “Та очоод л шантарна” гэдэг байлаа. Энэ үг намайг мохоох биш, харин ч хурцалсан. Хэдий нийгэм, цаг үеийн байдал хэцүү ч тэр бүх сорилтыг биеэр мэдэрч, даван туулж амьдрахыг хүссэн учраас л эх орондоо ирсэн юм. Би долоон жилийн өмнө, хүмүүсийн хэлдгээр жинхэнэ “орк” залуу байсан. Харин одоо бол тодорхой хэмжээнд боловсорсон. Харийн оронд хөдөлмөрлөж, суралцлаа. Алдаж, онож, голж, гологдож, шилж, шилэгдэж ч үзлээ. Хүнд мэдэхгүй зүйл байхаас биш, чадахгүй зүйл үгүйг ойлголоо. Ингээд бодохоор Монголын нийгмийн одоогийн байдал монголчуудын ядуу сэтгэлгээтэй салшгүй холбоотой. Ийм сэтгэлгээ яг л удамшлын өвчин шиг үеэс үед дамжиж байгаа нь харамсалтай.
-Ер нь ядуу сэтгэлгээ гэж чухам юуг хэлж байна вэ?
-Ядуу амьдрах, дорой байхаас аргагүй хайрцаглагдсан, ядмаг сэтгэлгээтэй гэсэн үг. Ийм байхаар өөртөө итгэлгүй, эрмэлзэлгүй болчихдог. Монголчуудын дийлэнх нь ядуу амьдарч байна. Үүнээсээ болоод их бухимдалтай явдаг. Гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаануудын нэг нь ч энэ шүү дээ. Ийм орчинд өсөж торнисон хүүхэд эрүүл, эрх чөлөөтэй сэтгэлгээтэй иргэн болж төлөвших нь ховор. Нэг зүйлийг онцлоход, энэ зөвхөн миний л бодол шүү. Санал нийлэхгүй хүмүүс ч бий байх.
Намайг Монголд ирсэн даруйд найзууд минь зуслан руу авч явсан. Тэндээс хотын төвд орж ирэнгүүтээ л хямарсан. 11 дүгээр хороололд авто замын дэргэдүүр алхаж байхдаа өөрийн эрхгүй бачимдаж, хоолой зангирч байлаа. Авто зам нь битүү түгжрэлтэй, дан хуучин, тоос шороо болсон машинаар дүүрчихсэн. Жолооч нар нь хоорондоо хэрэлдэж, дуут дохиогоо хангинуулаад л. Хэдийгээр сэтгэл зүйн бэлтгэлтэй ирсэн ч үүнийг хараад тэсгэл алдсан. Үнэн хэрэгтээ тэр машинуудын тоос шороо бол өнөөгийн нийгмийн өнгө төрх, дуут дохио нь энэ цаг үеийн хашхираан болчихсон байна шүү дээ. Тэр машин дотор суугаа аз жаргалгүй, стресстэй монгол хүний харц, дүр төрх намайг хамгийн их эмзэглүүлсэн.
МУИС-ийн гудамжаар явахад “Халаасны хулгайчаас болгоомжил” гэсэн бичиг хаа сайгүй байсан нь бас эмзэглэл төрүүлсэн. Их сургуулийнх нь гудамжинд хулгайчид үүрлэчих-сэн байна гэхээр л монголчуудын сэтгэлгээ хэр түвшинд буй нь ойлгомжтой. Зөв сэтгэлгээтэй иргэдтэй, эрүүл нийгмээс хулгай аяндаа шахагдчихдаг юм.
-Өөрөөс нь ярилцлага авч буй сэтгүүлчийн гарыг дулаацуулахын тулд бээлийгээ тайлан гараас нь атгаж буй сайхан сэтгэлт залуугийн дүрээр хүмүүс таныг мэддэг болсон. Уг нь энэ бол хүн ёсны харилцаа, хүндлэлийн нэг л хэлбэр шүү дээ. Таны хувьд энэ тийм онцгой үйл явдал мөн үү?
-Энэ нь өнөөх л сэтгэлгээтэй холбоотой. Ийм үйл явдлыг “Хөөх” гэж дуу алдаж хүлээж авах хэмжээнд хүртлээ монгол хүний сэтгэл, сэтгэлгээ доройтчихсон байна. Хэн нэгнийг болзолгүйгээр, зөвхөн хүн ёсны үүднээс хайрлах, хүндлэх, сайн сайхныг хүсэх сэтгэлгүй хүмүүсээр нийгэм дүүрчихэж.
Японд анх очоод хамгийн их гайхаж хүлээж авсан зүйл нь иргэдийн харилцаа, хандлага. Төрийн албан хаагчид нь хүртэл иргэдэд чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандаж, үйлчилдэг юм билээ. Би очоод удаагүй байхдаа бичиг баримт хөөцөлдөх ажилтай болсон. Манайхаар бол хороо, дүүрэг гэж ойлгож болохоор нэгж байгууллагад нь очлоо. Хэлний бэрхшээлтэй учраас ойлголцохгүй, хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй балрах байх гэж бэргэж байв. Гэвч тэр хүмүүс зөвхөн надад үйлчлэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргаж байгааг хараад гайхширч, “шок”-нд орсон. Урдуур, хойгуур минь бөхөлзөж гүйгээд л, ойлголцохын тулд толь бичиг ашиглаад л. Ингэсээр байгаад хэргийг минь бүтээж өгсөн. “Би төрийг төлөөлж буй хүн учраас төрөөс үйлчилгээ авахаар ирж буй иргэн бүрт ижил тэгш, хүндэтгэлтэй хандах ёстой” гэсэн зарчмыг тэндхийнхэн баримталдаг юм билээ. Гэтэл манайд эсрэгээрээ. Төрийн албан хаагчид иргэдэд ямар хүндэтгэлгүй хандаж, үл ойшоодог билээ.
-Монгол залуус гадаад руу “дүрвэж” байгаа энэ цаг үед Б.Бат-Очир урсгал сөрсөн шийдвэр гаргажээ. Таныг эх орондоо амьдрахаар шийдэхэд ойр дотнынхон нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Энэ асуудлаас болж найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ санал зөрөх тохиолдол өчнөөн гарч байлаа. Японд эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж буй олон залуустай өнгөрсөн хугацаанд танилцаж, нөхөрлөжээ. Хэдий би ажлын туршлага, амьдралын ухаантай ч мэдлэг боловсролын хувьд өөрийгөө үргэлж голж ирсэн. Тиймээс эрдмийн мөр хөөж буй залуустай ойр дотно байж, тэднээс суралцахыг, үгийг нь сонсохыг хичээдэг байлаа. Харамсалтай нь, тэдний олонх нь эх орондоо амьдрах хүсэлгүй байдаг. Докторын зэрэг хамгаалсан нэг найз минь “Миний ажиллах салбар Монголд хөгжөөгүй учраас тийшээ явахгүй. Энд илүү их боломж бий” гэж хэлэхийг сонсоод гутарсан. Би тэр хүмүүсийг эх орноо хөгжүүлэх, Монголын ирээдүйн цөм гэж харж, хүндэлдэг байсан юм шүү дээ. Гэтэл тийм биш юм билээ. Номын дуу сонссон хүн болгон номтой болдоггүйг ойлгож, “Би л ийм сонголт хийхгүй юм шүү” гэж өөртөө хатуу сануулсан. Монгол Улс ядуу буурай, ийм ч салбар хөгжөөгүй гээд хойш суугаад байвал хэн энэ улсыг авч явж, ямар хүн тэр салбарыг хөгжүүлэх юм бэ. Би амлалтаасаа буцахгүйн тулд ойр дотнын болон таньдаг хүмүүстээ “Монголд амьдарна” гэж үргэлж хэлдэг байсан. Хүрээллийнхээ хүмүүсийн үзэл бодолд уусаад, олонх монголчуудын адил мөнгөнд “баригдаад” шийдвэрээсээ буцчих вий гэж болгоомжилсондоо тэр шүү дээ. Зөвхөн өөртөө хэлэх, хэн нэгэнд ам гарах ондоо. Ядаж л нэрээ хичээж, хэлсэндээ хүрэхийг боддог. Би сахилга баттай, тууштай байж хэлсэндээ хүрсэн.
-Анх Япон руу явсан шалтгаан нь олонх монголчуудын адил хөдөлмөрлөж, мөнгө хуримтлуулах байж дээ?
-Тийм. Амьдралын эрхээр явсан.
-Ямар чиглэлэлээр сурсан бэ?
-Зуучлалын төвөөр дамжуулаад, сонины тэтгэлгээр хэлний бэлтгэлд суралцахаар Япон руу явсан. Над шиг мөнгөгүй, танил талгүй хүнд хамгийн боломжийн тэтгэлэг энэ байдаг. Хүмүүс үүнийг мэдээсэй гэж хүсэж байна. Хэлний бэлтгэлд сурахын хажуугаар сонин тараах ажил хийдэг байсан. Мэдээж амаргүй. Шөнийн 02.00 цагаас өглөө хичээл орох хүртэл сонин тараана. Хичээлээ тарсныхаа дараа хэсэг амраад, мөн үргэлжлүүлнэ. Багаасаа эрдэм номд айхавтар шамдаж байгаагүй, сууж ч сураагүй хүнд эхэндээ бүх зүйл хэцүү байлаа. Сурах арга барилаа олох гэж нэлээд зүдэрсэн, цаг хугацаа алдсан.
Хэлний бэлтгэлээ төгссөнийхөө дараа Японд үлдэхийн тулд визийн сургуульд элссэн. Америк, балба, вьетнам, хятад, солонгос оюутнуудтай хамт. Визийн эрх олгодог сургууль ямар л олигтой байх вэ дээ. Тэнд үлдэх гэсэн хүмүүс арга ядсандаа л төлбөр төлж, элсдэг сургууль шүү дээ. Гэлээ ч энэ хугацаанд олон зүйл сурсан. Сургалтын төлбөрөө олохын тулд гурван ажил давхар хийдэг, өдөрт хоёр цаг унтах боломж олдоход л баярладаг байлаа. Би Японд байхдаа өөрийгөө дахин шинээр нээж, “гоёор” бүтээж чадсан гэж боддог.
Олон ажил зэрэг эрхлэхээр цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалт сайжирдаг. Өөр өөр удирдлагад ажиллаж, ялгаатай соёл, маркетинг, менежментэд суралцан, тэр бүхэнд дасан зохицох хэрэгтэй болдог. Хүний эв дүйг ч олж сурна. Хамт олондоо үнэлэгдээд, хүндлэгдээд ирэхээр өөртөө итгэх итгэл, өрөөлд туслах сэтгэлтэй болдог юм билээ. Өөртөө итгэлтэй хүн илүү зоригтой байдаг.
-Та зориг гэдэг үгийг цөөнгүй удаа хэллээ. Зориг гэж юу вэ?
-Зориг гэж том дуугарч хэн нэгнийг загнахыг хэлэхгүй. Харсан болгон руугаа гар далайж, цохиж занчих бүр ч биш. Жинхэнэ зориг гэдэг бол өөртөө итгэлтэй хүнээс гардаг зөв үйлдлүүд юм. Өөрийнхөө бурууг, үнэн байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг зориг. Бусдаас уучлалт гуйж чаддаг байх нь бас л зориг. Өмнөө байгаа эмэгтэйд хаалга нээж өгч, түрүүлж оруулах нь зоригтой хүний соёлтой үйлдэл юм. Өнөөдөр энд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлж байгаа нь ч зориг.
-Б.Бат-Очир ямар нийгэмд амьдрахыг хүсэж байна вэ?
-Жагсаалд оролцох явцдаа маш олон хүнтэй уулзаж, санал бодол солилцлоо. Тэгээд хамгийн түрүүнд манай улсад “соёлын довтолгоо” хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Улс орон, нийгэм, эдийн засгийнх нь нөхцөл байдал ийм хэмжээнд доройтчихсон байхад оюутан, залуус, багш, сэхээтнүүд нь дуугарахгүй, нэгдэхгүй байгаа нь эмгэнэлтэй. Нэгдүгээрт, тэдэнд зориг дутдаг байх. Хоёрдугаарт, энэ байдалдаа дасан зохицоод, дөжирчихөж.
Би жагсаал эхэлсэн өдрөөс л оюутнуудыг үзэл бодлоо илэрхийлж, нэгдэхийг уриалсан. Үнэхээр цаг зав нь болдоггүй, багш нар нь хавчиж боодог бол заавал энд ирэхгүйгээр байгаа газраасаа нэгдэх боломжтой. Хичээл завсарлах, нэг танхимаас нөгөө рүү явах зуураа л А4-ийн хэмжээтэй цаасан дээр үзэл бодлоо бичээд, өргө л дөө. Энэ нь тэмцлийн нэг хэлбэр мөн шүү дээ. Хүн болгон энд ирж чадахгүй ч байгаа газраасаа тэмцэх боломжтой.
Оюутнууд ганц, хоёроороо л ирсэн харагддаг. Яг нэгдсэн зохион байгуулалтад орж, олноороо ирээд, “дүрэлзсэн” юм алга. Уг нь оюутнууд л энэ үед хамгийн чанга дуугарах ёстой, хамгийн хүчтэй, боломжтой, татлаа түлхээгүй нийгмийн бүлэг шүү дээ. Талбайн эргэн тойронд байрлах МУИС, МУБИС, ШУТИС-ийн оюутнууд цуглахад л нөхцөл байдал шал өөр болох байлаа. Даанч тэд хөдөлсөнгүй. Аргыг нь зааж өгөөд ч нэмэр болсонгүй. Суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлдэг оюутан цөөнгүй. Тэд нэг цагийн хөдөлмөрөө 5000-6000 төгрөгөөр үнэлүүлчихээд яаж ингэж хүлцэнгүй, дуугүй яваад байна аа. Үүнийг л ядуу сэтгэлгээ гэх байх.