Гэрэл зургийг Э.Харцага
-Технологийн байгууламжуудын угсралтын ажлыг ирэх онд эхлүүлнэ-
-Манай улсад одоогоор хэрэгжүүлж буй хамгийн том төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц ямар байна вэ?
-Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын (EPC) дөрвөн багц ажлын хүрээнд хэрэгжүүлж байна. EPC I буюу технологийн бус барилга байгууламжуудыг барих ажлыг 2023 оны зун дуусгана. EPC II гэрээний хүрээнд үйлдвэрийн үндсэн технологийн гурав, хэрэглээний болон дагалдах бүх төрлийн байгууламж, түүний дотор 48 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих, буулгах гээд маш олон төрлийн барилга байгууламж барих юм. EPC III-т үйлдвэрийн ДЦС барих ажил багтаж буй. EPC II, III багц ажлын тендерт хамгийн бага үнийн санал өгсөн, БНЭУ-ын “Megha engineering infrastructure” компанитай өнгөрсөн аравдугаар сард үнэ бууруулах хэлэлцээр хийж, гэрээ байгуулсан.
-Эдгээр багц ажлын барилга угсралтыг хэзээ эхлүүлэх бол?
-Манай компанийн инженер, мэргэжилтнүүд өнгөрсөн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд БНЭУ-д ажиллан, EPC II, III багц ажлыг гүйцэтгэх компанийнхантай уулзалт хийж, төлөвлөгөөг гарган, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хэрэгжүүлж буй зарим төсөлтэй нь танилцлаа. Энэ үеэр шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийг хаанаас нийлүүлэх, алийг нь тус компани өөрсдөө үйлдвэрлэх талаар санал солилцсон. Түүнчлэн тээвэр лэхэд хүндрэлтэй, хэт том оврын тоног төхөө рөмжийн эд анги, ган материалуудыг Монголд үйлдвэрлэх тухай хэлэлцлээ. Бидний санал болгосноор боловсруулах үйлдвэрийн эд анги, шугам хоолойг энд үйлдвэрлэвэл монголчуудад тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн томоохон турш лага болох төдийгүй эдийн засгийн хувьд ч ашигтай. Дээрх хоёр багц ажлын бүтээн байгуулалтыг 2023 оны хавар эхлүүлнэ.
-EPC IV багц ажлыг гүйцэтгэхэд хамгийн их хугацаа орно гэж сонссон.
-Манай үйлдвэр технологийн 12 байгууламжтай байна. Атмосферын болон вакум нэрлэгийн, хөнгөн фракцыг ялгах зэрэг гол байгууламжаас гадна патенттай, гүн боловсруулалтын долоон байгууламжтай байх юм. Эдгээрийн инженерчлэл, барилга угсралтын ажил EPC IV багцад багтаж буй. Манай үйлдвэр дэлхийн газрын тос боловсруулах бусад үйлдвэртэй харьцуулахад хүчин чадлын хувьд бага. Тийм учраас дээрх байгууламжуудын лиценз эзэмшигч болох газрын тос, байгалийн хийн салбарын томоохон корпорацууд цаг хугацаа шаардсан хэрнээ үр ашиг багатай уг ажилд оролцох сонирхол их биш байсан нь нэлээд хүндрэл дагуулсан. Тэдгээрийн патентгүйгээр эдгээр байгууламжийг барих боломжгүй. Гэсэн ч бид тэдгээр корпорацтай олон удаа яриа хэлэлцээ хийсний үр дүнд өнгөрсөн нэгдүгээр сард тендерийн ажлыг амжилттай дуусгаж, лиценз эзэмшигчдээ шалгаруулан, гэрээ байгуулж чадлаа. Устөрөгчийн үйлдвэрийг Италийн “Ki netics technology”, хүхэр ялгах байгуу лам жийг Францын “Axens”, бензин боловсруулах, гидрокрекинг, дизелийн гидро цэвэрлэгээ, шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжуудыг АНУ-ын “UOP honeywell”, висбрекингийн байгууламжийг Голландын “Shell” компанийн лицензтэй технологиор байгуулна. EPC IV багц ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хувьд лиценз эзэмшигчдийн боловсруулсан ерөнхий зураг төсөл, инженерчлэлийн багц нь тендерийн баримт бичгийн техникийн хэсэг болж, өнгөрсөн аравдугаар сарын эцсээр тендер зарласан. Одоогоор дөрвөн компани сонгон шалгаруулалтад оролцохоор саналаа ирүүллээ. Ингэснээр үйлдвэрийн технологийн хэсэг нь хамгийн их хугацаа, хүчин чармайлт шаардсан инженерчлэлийн шатнаас механик угсралтын шатанд шилжиж байна.
Томоохон төсөл хэрэгжүүлэхэд техник, технологи, хууль, эрх зүй, санхүү, эдийн засаг, гадаад харилцаа, менежментийн бүхий л баримт бичгийг боловсруулах, хэлэлцээ, төрөл бүрийн тооцоо судалгаа хийх, тактик, стратеги боловсруулж цаг үеэ олсон зөв шийдвэр гаргах, ер нь өдөр тутам томоохон сорилтуудыг даван туулах шаардлагатай байдаг. Өөр хоорондоо нарийн уялдаа холбоо бүхий олон салбар дамнасан цогц ажлыг гүйцэтгэхэд гадаад, дотоодын олон зуу, мянгаар тоологдох хүн ажиллаж буй бөгөөд манай хамт олны зүгээс мөн ихээхэн хүчин чармайлт, мэдлэг, чадвар шаардаж байна.
-Шинэ аж үйлдвэрийн суурийг тавих төсөл хэрэгжүүлэхэд зөвхөн үйлдвэр байгуулахаас гадна мэргэжилтэн бэлтгэх, түүхий эдийн нөөц, хангамж нэмэгдүүлэх зэрэгтэй холбоотой олон салбар дамнасан, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Цар тахал тархсан хүнд цаг үед ч бид тасралтгүй ажилласаар өдий хүрлээ. Ер нь үүнд Энэтхэгийн төр, засгийн байгууллага, тэр дундаа тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг хариуцдаг Гадаад хэргийн яам, манай төслийг санхүүжүүлэгч “Эксим” банканд талархлаа илэрхийлэх нь зүйтэй. Эдгээр байгууллагын албан тушаалтнууд Монголын хөгжлийн төслийг амжилттай болгохын төлөө байнга санаа тавьж, өөр улсын асуудал гэж төвөгшөөлгүйгээр дэмжиж ажилладаг. Тус улсын Засгийн газар, манай төсөлтэй холбоотой чухал шийдвэрүүдийг маш богино хугацаанд гаргаж, 2-3 сар тутам төслийн өргөтгөсөн хуралдаан хийдэг. Олон хүн амтай улсын Засгийн газар гэхэд ямар ч хүнд сурталгүй, харилцахад ойр байдаг юм. Манайд төр, засагтай холбоотой шийдээгүй асуудлууд байх нь байна аа. Хамгийн гол нь албан тушаалтнууд хариуцсан ажлаа хугацаанд нь, хариуцлагатайгаар хийчихдэг, тэгээд жаахан санаачилгатай байхад л болчих асуудал гэж би хардаг.
Өнөө үеийн аж үйлдвэрийн цөм болсон газрын тос боловсруулах үйлдвэргүйгээр, түлш шатахууныхаа наад захын хэрэгцээгээ хангахгүйгээр манай улсын макро, микро эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайжрахгүй л болов уу. Өнгөрсөн олон жилийн хугацаанд импортын хараат байдлаас улбаалсан бензин шатахууны хомсдол, үнэ тогтмол нэмэгддэг байдал нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л түвшинд ноцтой асуудлууд үүсгэж буйг та, бид бүгд сайн ойлгож, харж байгаа. Улс орнуудын хувьд эрчим хүчний хараат байдал ямар хүнд нөхцөл үүсгэж болдгийг сүүлийн жилүүдэд дэлхий дахинд нүүрлээд буй эдийн засгийн хямрал, дайны дүр зургаас бэлхнээ харж болно.
Манай үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж ирсэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь Монголын нийгэм, эдийн засагт олон чухал нөлөөтэй. Түлш шатахууны хараат байдлаас гарах, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэх, аж үйлдвэрийг солонгоруулах, гадагш чиглэсэн валютын урсгалыг багасгаж, ингэснээрээ гадаад худалдааны тэнцэлд эергээр нөлөөлөх, инфляцыг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг тогтворжуулах, түлш шатахууны бод логод төр, засаг зохицуулалт хийх боломж бүрдүүлэх, техник, технологийг хөгжүүлэх, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эцэст нь ирээдүй хойч үедээ урам зориг өгөх зэрэг өндөр ач холбогдолтой. Тиймээс улс орны хэмжээнд нэн түрүүнд анхаарал хандуулах ёстой, тэргүүлэх чиглэлийн төсөл юм.
-Үйлдвэрийг ашиглалтад оруулсны дараа 600 орчим инженер, техникийн ажилтан шаардлагатай гэсэн тооцоо бий. Боловсон хүчин бэлтгэх ажил ямар түвшинд байгаа вэ?
-Манай компанийн гол үйл ажиллагаа, зорилго бол Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх. Өөрөөр хэлбэл, үйлдвэр барьж ашиглалтад оруулах л үүрэгтэй. Харин үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудал бол төр, засгийн бодлого, дэмжлэгтэйгээр, сургалтын байгууллагуудын оролцоотойгоор хийгдэх ажил. Мэдээж бид хамтарч ажиллана. Манай компанид одоо 80 гаруй инженер байгаагаас яг үйлдвэрийг ажиллуулах нарийн мэргэжлийн инженер 50 орчим л бий. Монгол Улс 1990 оноос хойш нефтийн химич, газрын тосны хадгалалт, тээвэрлэлтийн чиглэлээр мэргэжилтнүүд түлхүү бэлтгэсэн. Гэвч газрын тос боловсруулах үйлдвэрийг гардаж ажиллуулах процесс, дулаан, цахилгаан, автоматжуулалт, механик инженерийн хос мэдлэгтэй боловсон хүчнийг тэр болгон бэлтгээгүй учир газрын тосны инженерийн суурьтай залуус манай компанид ирж мэргэшиж, сурч бэлтгэгдэж байна. Үүнд цаг хугацаа их шаардах нь дамжиггүй. Үйлдвэрийг ашиглалтад оруулмагц үйл ажиллагааг нь найдвартай явуулах 550 орчим инженер, оператор, бусад техникийн ажилтныг бэлтгэх асуудал үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэгч бидний хувьд хоолойд тулсан хэрэг болоод байна. 2020 оноос бид санаачилга гарган, ШУТИС, МУИС-ийн багш нартай хамтран гадаадын их, дээд сургуулиудын загвараар сургалтын төлөвлөгөө боловсруулж, энэ хичээлийн жилээс ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер” бакалаврын хөтөлбөрт элсэлт авч, одоогоор 20 оюутан сургаж байна. Зөвхөн бакалаврын төдийгүй инженер суурьтай хүмүүсийг мэргэшүүлэх богино, дунд хугацааны хөтөлбөр юм л даа. Хөтөлбөрийн санхүүжилтэд жилд 150 мянга орчим доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Эл мөнгийг багш нарыг чадавхжуулах, лабораторийн материаллаг баазыг сайжруулж, үйлдвэрийн дадлага, туршилтын талбайг бэлтгэх, оюутнуудын сургалтын төлбөрийн тэтгэлэг зэрэгт зарцуулах юм. Гэвч уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
-Төслийн хүрээнд хийж буй ажил, үйлчилгээний хэдэн хувь нь Монголд ногдож байгаа бол. Тухайлбал, ажиллах хүч, бараа, бүтээгдэхүүнийг манайхаас хэр нийлүүлж байгаа вэ?
-Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлуудын ерөнхий гүйцэтгэгч компани нь туслан гүйцэтгэгчдээ өөрсдөө сонгодог. Ямартай ч EPC I багц ажилд Монголын 30 орчим компани оролцож буй. Ташрамд хэлэхэд, Энэтхэг улс Засгийн газрынхаа хөнгөлөлттэй зээлээр 70 орчим орны 600 гаруй төслийг санхүүжүүлдэг юм байна. Тэдгээрээс нэг төсөлд хамгийн их хэмжээний санхүүжилт олгож байгаагаараа манай төсөл нэгдүгээрт бичигддэг гэсэн. “Эксим” банкнаас олгож буй энэхүү хөнгөлөлттэй зээлийн 75 хувь нь тус улсаас нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээнд, үлдсэн 25 хувь нь Энэтхэгээс бусад орныход ногдохоор заасан байдаг. Энэ нь бүх төсөлд ижил, хүчин төгөлдөр үйлчилдэг. Бид хүсэлт тавьснаар 2019 онд Энэтхэгийн Засгийн газар манай төслийг хоёр орны стратегийн төслийн хэмжээнд авч үзэн нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээнийхээ хувь хэмжээг 65 болгож бууруулсан. Дэлхий дахинд сүүлийн үед нүүрлээд буй эдийн засгийн хямрал, ачаа тээврийн асуудал, цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор бүх бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өссөн үед төслийн зардлыг багасгах арга хэмжээний хүрээнд бид энэ онд Энэтхэгийн Засгийн газарт дахин хүсэлт гаргаж, боломжтой техник, тоног төхөөрөмж, бараа материалыг аль болох ойр, хөрш зэргэлдээ орноос, Монгол Улсаас түлхүү нийлүүлэх хүсэлтээ илэрхийлж, дээрх 65 хувийг 55 болгож өгөөч гэхэд бүр хүлээлтээс давуулж 50 хувь болгосон юм. Тэгэхээр EPC II, III, IV багц ажилд Энэтхэгээс өөр орноос бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хувь нь 50 болсон гэсэн үг. Энэ бол Энэтхэгийн Засгийн газраас зөвхөн Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд тусгайлан оруулсан журмын өөрчлөлт гэж ойлгож болно.
-Дамжуулах хоолой барих төслийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-“Монгол Улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт БНХАУ-ын төрийн өмчит “Норинко интернэйшнл кооперэйшн” компани шалгарч, EPC гэрээний дагуу энэ оны долдугаар сарын 2-ноос ажлаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар инженер-геологи, геодез, геотехникийн нарийвчилсан судалгааны, техникийн зураг төсөл (FEED) боловсруулах, түр кэмп, технологийн зам барих зэрэг ажлыг гүйцэтгэж байна.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн байгуулсан оффтэйк гэрээнүүдийн нэг нь дамжуулах хоолой байгуулах төсөл. Уг гэрээ нууцын зэрэглэлд байгаа юу. Ер нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд нууцын зэрэглэл доруулсан гэрээнүүд байдаг уу?
-Дамжуулах хоолойн хувьд ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах олон улсын тендерийг УУХҮЯ-наас зарлаж, хамгийн бага үнийн санал өгсөн компаниар БНХАУ-ын “Норинко интернэйшнл кооперэйшн” шалгарсан. Тус компани нүүрс худалдан авч, борлуулах замаар газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх санал ирүүлсэн. Энэ нөхцөл нь Засгийн газрын баталгаа шаардахгүй, зээлийн хүү гэж төлөхгүй давуу талтай байсан юм. “Норинко интернэйшнл кооперэйшн” нь Монголын талтай дөрвөн төрлийн гэрээ байгуулсан. Үүнийнэг нь манай компанитай байгуулсан EPC буюу барилга угсралтын гэрээ. Манай энэ гэрээ нууцад хамаарахгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлтэй холбоотой хамгийн чухал, нууцлалтай гэрээнүүд бол лиценз эзэмшигчидтэй байгуулсан технологийн патентынх юм.