“Хэн ухаантай, авьяастай, чадвартай нь, өөрийнхөө тархийг сайн “худалдаж” чадаж байгаа нь сайхан амьдардаг нийгмийг бий болгож чадахгүй, хавчиншахаж, мулгуучуудаар удирдуулж байгаадаа гутардаг. Түүнээс бус Монгол эх орондоо гутрах юм байхгүй” гэж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж эрхлэгч 10 гаруй жилийн өмнө өгүүлжээ.
Сонгуулийн саналыг мөнгөөр худалдаад авчихдаг улстөрчид бол ард түмний дайснууд, ийм байдлаас гарахын тулд тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй гэдгийг ч тэрбээр хөндөж байсан юм. Гэвч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тогтолцооны өөрчлөлт хийх тухай ярьж, үүнд олон нийтийн зөвшилцөл хэрэгтэй гэдгийг өдгөө Засгийн газрын тэргүүн мэдэгдээд буй нь цаг хугацаагаар хэмжихэд хэтэрхий оройтсон мэт.
Мөн тухайн үед Бал эрхлэгч “Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслийг улстөрчид, эдийн засгийн бүлэглэлүүд өөрийн болгох санаархал хүчтэй өрнөж байна” гээд сэтгүүлч гэж хэн байх, тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй бол улс төр, эдийн засгийн бүлэглэлийнхний гар, хөл болно” гэж сануулж байсныг Уншигч та бүхэн одоо цагийн өнцгөөс харж, нэгийг тунгаана биз ээ.
Жил бүрийн энэ өдөр хамт олон нь Бал эрхлэгчийгээ санан дурсаж, хийсэн, бүтээснээр нь бахархан, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ удаа “Мулгуучуудаар төрөө бариулсан сонин цаг үед амьдарч байгаадаа би бухимддаг” гэсэн түүний сүүлчийн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-Монголын өнөөгийн сэтгүүл зүйг та үнэлж, дүгнэхгүй юү. Зөв голдиролоор явж чадаж байна уу. Улстөржиж, хоорондоо талцаад ч байх шиг?
-Сэтгүүл зүйг социалист нийгмийн, ардчилсан зах зээлийн нийгмийн гэж хоёр ангилах нь зүйтэй. Өнөөдрийн сэтгүүл зүйг 1991 оны ардчилсан хувьсгалаас өмнөх үетэй харьцуулах аргагүй. Шал өөр болсон, 1991 оноос өнөөдрийг хүртэл Монголын сэтгүүл зүй зөв голдиролоороо хөгжиж байна уу гэдэг нь тусдаа асуудал.
Юм болгон өөр өөрийн гэсэн орон зай, цаг хугацаатай. Энэ утгаар нь авч үзвэл Монголын сэтгүүл зүй ерөнхий утгаараа зөв голдиролоор хөгжиж байна.
Хүн үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг тэр эрх чөлөө Монголд хангалттай байна. Гагцхүү хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэний төлөө үйлчилж байна вэ, тэнд ажиллаж байгаа сэтгүүлчид хэвлэн нийтлэх, үгээ илэрхийлэх эрхээ яаж ашиглаж байна вэ гэдэг асуудал ээдрээтэй юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрчид, эдийн засгийн бүлэглэлүүд өөрийн болгох санаархал асар хүчтэй өрнөж байна.
Ялангуяа сүүлийн хоёр, гурван жилд өдөр тутмын сонинууд шинээр байн байн гарч байна. Нэрийг нь мэдэхгүй олон телевиз бий боллоо. Үүний цанаа хэн байна вэ гэхээр дандаа улстөрчид, мөнгөтэй хүмүүс, эдийн засгийн бүлэглэлүүд бий. Ийм замаар явбал Монголын сэтгүүл зүй буруу замаар явж буцахдаа шороо тээнэ. Энэ бол гарцаагүй үнэн.
Мөнгөтэй бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийг илэрхийлдэг хэрэгсэл болж хувирна. Ингэх юм бол Монголын ардчилсан сэтгүүл зүй маш гунигтай байдалд орно. Хоёрдугаарт, хэн энэ сэтгүүл зүйд ажиллаж байна вэ гэдэг бас л ээдрээтэй асуудал.
Сэтгүүл зүйн юм уу, эсвэл нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүйн дээд боловсролтой, амьдралын зохих туршлагатай, юмны наана, цаадхыг ухаж, төнхөөд ойлгочихдог, дор хаяад хүнийг муулж бичихдээ өөрийгөө тэр хүний оронд тавиад бодчихдог, жишээ нь хүн алаагүй байхад нь алсан болгодог, эхнэр, хүүхэдтэйгээ сайхан амьдарч байхад нь нууц амраг руугаа явчихсан, эхнэрээсээ салчихсан гэж бичихэд гэр бүл, аав ээжид нь яаж нөлөөлөх бол гэж боддог “совесть”-той хүн ажиллахгүй бол улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар, хөл болно.
Сонгуулийн өмнө “Өнөөдөр”, “Чансаа” сонинд Ц.Балдоржийн тухай юу ч хамаагүй бич гээд мөнгө төлснийх нь зоргоор улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар, хөл болох сэтгүүлч олширвол дээр дурдсанчлан бас л эвгүй замаар явна.
Олон сонин, телевиз байна гэдэг нь манайх шиг жижигхэн оронд олдсон асуудал. Олон байгаа ч зөв замаар явбал уншигч, сонсогч, үзэгчид аяндаа сайныг нь сонгоод нөгөө хэсэг нь дампуурна. Ийм л жамаар явах ёстой байхгүй юу.
-Зөв замаар явна гэдэг хэцүү байх. Таны ярьсан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд өөрсдийн сонин, телевизэд хангалттай мөнгө цацаж байгаа. Ийм нөхцөлд шударга бус өрсөлдөөн бий болно. Үүнийг хэрхэн хазаарлах вэ?
-Хуулиар зохицуулах ёстой. Манайд Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэж бий. Энэ хуульд хэтэрхий ерөнхий үндсэн зарчмуудыг нь л суулгаад өгсөн болохоос нарийн заалт байхгүй.
Ойрын жишээ авъя. Хадгаламж, зээлийн хоршоодын цаана томчууд, УИХ-ын гишүүд байсан гэж би боддог. Тэд зориуд ийм цоорхойтой хууль гаргасан. Эргээд хариуцлага хүлээхгүй ийм хууль гаргаад хамаатан, садан, ойр тойрныхноороо баахан хоршоо байгуулаад тэд нар нь хүмүүсийн мөнгийг завшаад, одоо хэн ч хариуцлага хүлээхгүй нөхцөл байдалд орлоо шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллага яваандаа ийм байдалд орно. Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний хуульд өөрчлөлт оруулах ёстой.
Ямар нэгэн эдийн засаг, авлигачдын бүлэглэл телевиз, сонин байгуулж байна. Гэтэл манайд эсрэгээрээ хууль гарч байна. Жишээ нь, Олон нийтийн радио, телевиз (ОНТВ)-ийн хууль байна. Уг байгууллагын Үндэсний зөвлөлд 15 хүн байдаг. Гэтэл хуулийг анхааралтай уншаад үзвэл уг үндэсний зөвлөлд ямар хүн орж болохгүй вэ гэхээр телевиз, радио мэддэг хүн гэж заасан байгаа юм. ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд энэ төрлийн бизнес мэддэг хүн орж болохгүй байх нь. Тэгэхээр нөгөө УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, олон нийтийн байгууллагууд нь дандаа эрх ашгийг нь хамгаалах төлөөний хүнээ тавьж, нөгөөдүүл нь оччихоод радио, телевизийн ямар ч асуудлыг мэдэхгүй байна.
Эдийн засгийн хувьд хэрхэн хөл дээрээ тогтох юм, бүтэц, бүрэлдэхүүн нь ямар байх юм, яаж үзэгч сонсогчдынхоо таашаалд нийцсэн нэвтрүүлэг бэлдэх вэ гэхэд алийг нь ч мэдэхгүй. Тийм учраас ОНРТ гэж нэрлэхэд хэцүү.
Би нарийн ширийн юмыг яримааргүй байна. Радио, телевизийн ажилчид нь хэнийг, хэзээ томилдог вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Зүгээр л тоглоом байхгүй юу.
Одоо яаж байна гэхээр эрх баригчид, эдийн засгийн бүлэглэлүүдийн сонин хэвлэлийг авах санаархал зугуухан яваад байна. Би намууд гэж хэлээгүй шүү. Учир нь монголчууд өмнө нь намаараа талцдаг байлаа. Өнөөдөр Монголд улс төрийн нам гэж үндсэндээ байхгүй. Бүгд л өнгөн дээрээ нам гэж худал ярьж байгаа болохоос цаана нь Увсынхан, Архангайнхан, Сүхбаатарынхан, Төв аймгийнхан, Улаанбаатарынхан гэж нутгархсан, эсвэл нэг арван жилийнхэн, нэг их сургуулийнхан гэсэн бүлэглэл бий болчихсон. Эд чинь бизнесийн эрх ашиг, сонирхол дээрээ нэгдчихээд ийм бүлэглэлүүдийг бий болгоод байгаа юм. Тийм учраас Монголын улс төрийн тогтолцоо маань буруу байна.
-Ийм УИХ-ыг ард түмэн сонгосон. Ард түмнээ муулж байгаа юм биш. Хамгийн гол нь ийм оюуны хоосролтой байгаа нь улстөрчид, эрх баригчдад ашигтай юм шиг?
-Эрх баригчдад ард түмэн ухаантай байх шаардлага ерөөсөө байхгүй. Аль болох л ухаан муутай, оюуны хоосролтой, харанхуй бүдүүлэг байвал эрх баригчдад ашигтай.
Мао Зэдун “Соёлын хувьсгал” хийх үедээ “Ард түмэн гэдэг бол цагаан цаас. Энэ цаасан дээр юу ч бичиж болно” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр Монголын ард түмнээр эрх баригчид яг ингэж тоглож байна. Саяхан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой боллоо. Би энэ асуудал дээр өөрийн гэсэн байр суурьтай. Бүгдээрээ Чингис хаан шиг мундаг хүн байхгүй гэдэг. Чингис хаан түүхэнд яаж үлдсэн түүгээрээ л байгаа.
Тийм учраас бид 800 жилээр далимдуулж тэр хүнийг товойлгож, хиймлээр магтаж болохгүй. Чингис хаан дарангуйлагч уу дарангуйлагч, байлдан дагуулагч уу байлдан дагуулагч, өчнөөн олон үндэстэн, ястныг хүйс тэмтэрч, олон хот сууринг устгасан уу устгасан.
Би гавьяаг нь ярихгүй, 800 жилийн ойгоор бид хангалттай ярьсан. Тийм мундаг хүн байсан юм бол Монголын ард түмэнд пирамид шиг түүхэнд үлдэх юм яагаад хийгээгүй юм бэ? Шарил нь хүртэл олдохгүй байна шүү дээ. Ухаантай, мундаг хүний шинж юм уу. Тэгэхээр хүмүүс намайг “Чи нүгэл үйлдэж байна. Дэлхий зөвшөөрч байгаа энэ аугаа хүнийг шүүмжилдэг чи муу хэн юм бэ гэх байх. Би зүгээр л байр сууриа илэрхийлж байна.
Манай сонины хаягаар өчнөөн олон захиа ирсэн. Монголчууд минь, ах дүү нар минь 800 жилээр Чингис хааныг ингэж хэтэрхий их дөвийлгөх чинь гадаадынханд, америкчуудад, англичуудад таалагдахгүй байна шүү” гэж. Бид юм магтахаараа хэтэрхий их туйлширдаг. Нөгөө талаар ард түмний тархийг угааж байгаа байхгүй юу.
Баахан наадам хийж бүгдээрэнд нь төр, засгийн тэргүүнүүд очоод л, үнэгүй шоу хийгээд л, хэрэгтэй, хэрэггүй медаль, шагнал гардуулаад л. Тэгээд бидэнд юу наалдав аа. Яах вэ, Төрийн ордны өмнө юм барьж ордноо сайжруулж байгааг би зөв гэнэ. Юм бүтээх ёстой. Түүнээс шоунаас, наадмаас, энэ сонгуулиар тарааж байгаа мөнгөнөөс юу үлдэх вэ?
Сүүлийн сонгууль ийм болж өнгөрснийг бүгд мэдэж байгаа. Цаашдаа сонгууль мөнгөөр, архиар явагддаг ийм л зам руу бид явж байна. Бүгд үүнийг хүлээн зөвшөөрөөд, улс төрчидүүнийг хийж байгаа гэдэг нь ард түмний дайснууд. Ард түмний нэрээр гарч ирсэн дайснууд. Ингэж нэрлэхээс өөр арга байхгүй.
-Ард түмний дайсан болсон улстөрчид маань сонгогчдыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад байх шиг. Зүгээр сууж байгаад л амьдраад байх тийм зүйлийг амлах юм.
-Ерөнхийлөгч асан Н.Багабандийн дандаа хэлдэг үг байдаг. “Загас өгснөөс загас барих аргыг нь зааж өгөөч” гэж. Чамаас хүн хоол гуйхад битгий өг. Түлээгээ хагалуул.
Тэгээд хөлсөнд нь 500 төгрөг өгвөл өгсөн хүндээ ч сайн, авч байгаа хүндээ ч аятайхан. Гэтэл манайхан юм бүтээн байгуулахгүй, дандаа л мөнгө өгөөд байдаг.
Тэртэй тэргүй өөрөө ядуу, толгой нь хоосон, гэдэс нь өлсгөлөн, архи уухыг хүсэж байгаа тэр хүнд 500 мянган төгрөг өгөхөд үр хүүхдэд нь наалдах уу. Архи уучихаад 500 мянган төгрөгийн оронд хүүхдээ таван удаа алгадах байх. Ийм л юм хийж байна.
Улстөрчдийн айдаг юм нь сонгогдохгүй байх. Яавал сонгогдох вэ гэхээр ганцхан юм харагддаг. Тэр нь мөнгө, мөнгө өгвөл сонгогдоно. Өөр арга байхгүй.
Энэ бүгдээс яаж гарах вэ гэхээр Үндсэн хуулиа, улс төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ балай юм ингээд үргэлжлээд л байна.
-Иргэний хөдөлгөөнүүд нэлээд удаан жагсаж байж алт, зэсэнд гэнэтийн ашгийн татвар гэж 68 хувь тогтоож чадсан. Гэтэл өнөөдөр үүнийг зөв, буруу гэж тайлбарлагсад олон боллоо,
-Та нар анзаарсан уу, үгүй юү. Б.Чимид гуай “25 дугаар суваг” телевизээр ярилцлага өгсөн юм.
1992-1993 онд Ашигт малтмалын тухай анхны хуулийг тэр үеийн УИХ-ын гишүүн байсан Ч.Хурц гуай санаачилж, гол ноён нурууг нь Б.Чимид гуай босголцсон юм билээ. Б.Чимид гуай Үндсэн хуулийн газар, газар доорх баялаг ард түмний өмч гэдэг заалтад тулгуурлан энэ хуулийг босгосон гэсэн. Тэгэхээр газар доорх баялаг болох ард түмний өмчийг хэн нэгэн хүн лиценз аваад ашиглана гэдэг нь ард түмний өмчийг ашиглаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ард түмний алтыг ухаж авч байгаагаас ялгаагүй. 1997 оны хуулиар өөрчлөөд газрын хэвлийн үнэт зүйлсийг ашиглуулахын тулд лицензийг УИХ, Засгийн газраас биш, ашигт малтмалын агентлаг олгодог болгосон. Тэр дотроо хувь хүнд олгодог болгож өөрчилсөн. Тийм учраас өнөөдрийн нийгэмд бугшаад байгаа бүх бузар булхай нь лиценз авах гэсэн нэрийн дор эндээс эхэлсэн байгаа юм. Тэгээд нөгөө сүйхээтэй улсууд нь Монгол Улсын газрын зургийг дэлгэж байгаад миний, “Өнөөдөр”, “Чансаа” сонины уншигчдын өмч болсон бүх газрыг хувааж аваад гадаадынханд зарж ашиг олж байгаа юм.
Лиценз авсан гадаадынхан Засгийн газарт нөхөн төлбөр, татвар гэж жаахан юм өгөөд ашигт малтмалыг маань тэр чигт нь ухаж аваад ард түмэн, Монгол оронд наалдах юм байхгүй, гадагш гаргах, өөрөөр хэлбэл, олон жилийн өмнө Африкийн орнуудад тохиолдсон эмгэнэлтэй зүйлийг хийчихсэн байхгүй юу. Түүнийгээ буцааж засах гээд муу дээр муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг татварыг 68 хувь болгоод нэмчихсэн.
Хамаг хөрөнгөө уул уурхайд зарсан хүмүүс юу гэж 68 хувийн татвар төлөх юм бэ. Тэгээд л гадагш нь нууцаар алтаа гаргадаг далд эдийн засаг руу орчихлоо. Энэ нь улстөрчдийн хийж байгаа тоглоом. Тэднийг “76 мангуу гэж бич” гэж би сурвалжлагч нартаа хэлдэг. Ц.Балдорж ингэж хэллээ гээд намайг тэд шүүхэд өг л дөө. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүд “Бид мангуу биш. Зөв хууль гаргаж байна” гэдгээ батлах хэрэгтэй.
-Хэвлэл мэдээллийн байгууллагыг сэтгүүлчгүйгээр төсөөлөх аргагүй. Сүүлийн үед энэ мэргэжлээр төгсгөдөг олон дээд сургууль бий болсон. Таны хувьд ямар шалгуур тавьж сэтгүүлч ажилд авдаг вэ?
-Сэтгүүлчийн хувьд биш. Боловсролын систем маань дампуурсан. Ялангуяа дээд боловсролын системийг хувьд шилжүүлэнгүүт эрэлт, хэрэгцээтэй гэгддэг сэтгүүлч, хуульч, эдийн засагч бэлддэг хувийн сургуулиуд өч төчнөөнөөр байгуулагдаж, ийм мэргэжилтэй баахан хүнийг төгсгөж орхисон. Өнөөдөр залуучуудаас ямар сургууль төгссөн гэхээр би хоёр сургууль төгссөн гэнэ. Сэтгүүлч, дээр нь хуулийн сургууль төгсөөд магистр хамгаалсан гэж байгаа юм. Гэтэл “Чиний нэр хэн бэ” гэж асуухад “Миний нэр Ц.Балдорж” гэхгүй, “Ц.Балдорж миний нэр” гэнэ дээ. Энэ чинь дампууралд орж байгаагийн шинж.
Одоо хувийн их, дээд сургуулиуд цөөрч байгаа гэсэн. Яваандаа гайгүй болох байх. Миний сэтгүүлч авдаг зарчим гэвэл ирж байгаа хүний төгссөн сургууль, мэдлэгийнх нь цар хэмжээ хэр байна гэдгийг хардаг. Тэгээд болмоор байвал сэлж сураагүй хүнийг ус руу пүлхийтэл шиддэг шиг “Өнөөдөр” сонины тогоо руу аваад чулуудчихдаг. Би сарын хугацаа өгдөг. Энэ хугацаанд юу хийж, бичиж чадахаа үзүүл. Би чамайг бүх талаар дэмжинэ, сонины хуучин кадрууд чамайг эсэргүүцнэ, оруулахгүй гэж тэмцэнэ. Энэ бүхэнд намайг өөрийнхөө талд гэж ойлгоорой. Тэгээд өөрийгөө үзүүлж, таниулж чадахгүй бол уучлаарай гэж хэлдэг.
-Та түрүүн хоёр гурван дээд сургууль төгссөн хүн ямар боловсролтой байгааг, дээд сургуулиуд нь ямар хүн төгсгөж байгааг хэллээ. Энэ нь оюуны хоосрол мөн үү?
-Оюуны хоосрол мөн байлгүй яах вэ. Миний ойлгож байгаагаар 1993-2000 он хүртэлх хугацаанд оюуны хоосрол асар их хүчтэй байсан. Тэр үед Монголд хэдэн ном хэвлэгдэж байсан юм бэ, мэдэхгүй. Одоо бол ном хэвлэгдэж байна, уншиж байна, алаан хядаантай киноноос залхаж байна. Бид оюуны хоосролоос зугуухан гарч байна. Гэхдээ бүх юманд төрийн зохицуулалт, дэмжлэг байх ёстой. Үүн дээр л бид маш их дутагдалтай байгаа. Аав, ээжээсээ мөнгө аваад чадан ядан байж нэг биш, хоёр хувийн дээд сургууль төгсөж, бүр магистр болж байгаа тэр залууг буруутгах ямар ч аргагүй. Гагцхүү амьдрал дээр гарсны дараа ажил хийж чадахгүй бакалаврын дипломтой хүн төгсгөсөн тэр сургуулийг байлгаад байгаа яамыг нь сайн ажиллаж байна гээд өөгшүүлдэг Засгийн газар, ийм Засгийн газрыг байгуулсан УИХ буруутай. Түүнээс биш ард түмнээ муулах юм ерөөсөө байхгүй.
-Та бид хоёрын яриа бараан өнгө аястай болсон ч байдал нэгэнт ийм байгаа болохоор уншигчид ойлгох байх. Та ийм цаг үед амьдарч байгаадаа гутардаг уу?
-Гутармаар үе төрдөг. Гутардаг. Бидний амьдарч байгаа энэ нийгэм хэн ухаантай, авьяастай, чадвартай, хэн өөрийн тархийг сайн худалдаж чадаж байна вэ, тэр хүн сайн сайхан амьдарна гэсэн өрсөлдөөний нийгэм. Гэтэл тэрийг нь бий болгож өгөхгүй хавчиж, шахаж байгаад л гутардаг юм. Мулгуучуудаар төрөө бариулсан сонин цаг үед амьдарч байгаадаа би бухимддаг. Түүнээс бус, Монгол эх орондоо гутрах юм байхгүй.
-Хүн болгон л авлигын тухай ярьдаг болж. Хууль ч баталлаа. Авлига арилах болов уу?
-Мөрөөдөх ч хэрэггүй. Авлига бол манай Монголын амьдралын хэм хэмжээ байхгүй юу. Чи тодорхой түвшинд авлига өгөхгүй л бол ажил чинь бүтэхгүй. Ийм болчихсон юм. Тэгэхдээ үүнийг дагаж амьдрахаас өөр аргагүй.
-Та жүжгийн зохиол бичдэг. Санаагаа хаанаас олж авдаг юм бэ. Хамгийн сүүлд тоглосон “Хориотой жүжиг”-ийн талаар ярилцъя?
-Жүжгийн зохиолын санаа, сэдэв янз янз л төрдөг. 1982 онд би “Батлан даалт” гэсэн анхны жүжгээ бичсэн. Тухайн үед уралдаанд орж түрүүлээд 4000 төгрөгөөр шагнуулж байлаа. Тэр үеийн 4000 төгрөг гэдэг чинь хөдөөний сурвалжлагчид маш их мөнгө. Хотод орж ирээд бүтэн сар найзуудтайгаа найрлаад буцаж байсан юм. Энэ жүжгийнхээ санааг Оросын нэгэн сониноос олсон. “Хориотой жүжиг” бол их сонин төрсөн. Найруулагч Ч.Найдандорж миний хуучин жүжгүүдийг уншиж үзье гэсэн юм. “Батлан даалт”, “Өв залгамжлагч”, “Зэрэглээ”, “Хэрээ”, “Эмсүүд” жүжгийг үзээд болбол дахин тайзан дээр тавих гэсэн юм шиг байгаа юм.
Арав, хорин жилийн өмнө бичсэн болохоор өнөөдөр нийгэм ийм байсан нөхцөлд мөнхийн сэдэв болж таарахгүй. Дараа нь надад “Х-ТҮЦ” хамтлагийнхан санал тавьж, “Бид танд жүжгийн санаа ярьж өгмөөр байна, та бичиж өгөөч” гэсэн. Тэгээд “Улаанбаатар” зочид буудалд дуудаж уулзаад цагийн турш санааг нь сонссон. Ингээд хоёр долоо хоногийн дотор жүжгийн зохиолыг нь бичиж өгсөн.
Хайр дурлал, атаа жөтөө, хар санаа зэрэг мөнхийн сэдэв гэж байна. Энэ сэдвээр жүжиг бичих санаатай байгаа. Сая би “Америкийн виз” гэсэн жүжиг бичсэн. Энэ жүжгийг манай Н.Наранбаатар найруулж байгаа. Залуусын хайр сэтгэл, муу санаа, атаа жөтөө гээд олон юмыг харуулсан гайгүй бүтээл болох байх.