Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан I шатны D хэсгийн тоглолт Улаанбаатар хотод сагсан бөмбөгийн шинэхэн ордонд болж буй. Тодруулбал, уг тоглолт олон улсын стандартад нийцсэн “UG arena”-д үргэлжилж байна. Манай улсын шигшээгийнхэн Малайзын багтай өнгөрсөн баасан гарагт тоглож, 94:92-оор буулгаж авлаа. Тус тоглолтод Т.Санчир долоон удаа самбараас бөмбөг авч, гурван оновчтой дамжуулалт өгөн, нэг удаа бөмбөг тасалснаар багаа хожилд хөтлөв. Мөн Б.Билгүүн 14, О.Энхбаатар 12 оноо авсан нь өрсөлдөгч багаа хожиход нөлөөллөө. Тэд тоглолтын онооны харьцааг ойрхон байлгаж, улмаар багаа ялалтад хөтлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Түүнчлэн А.Ананд 10 оноо, зургаан удаа самбараас бөмбөг авснаар тоглолтын III үед эсрэг багийнхныг тогтоон барихад гол хувь нэмэр оруулав. Малайзын тоглогчдоос Тин Чун Хон, Вон Еи Хоу нар гайхалтай тоглолт өрнүүлсэн ч ялагдан, D хэсэгт чансаа нь доошиллоо. Тус тоглолтын өмнө Тайландын баг Таитигийн тоглогчдыг 114:46-гаар хожиж, хэсгээ хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн. Манай тамирчид хоёр дахь тоглолтоо Tаитигийн багтай өрнүүлж, 91:62-оор илүүрхэв. Монголын сагсан бөмбөгчид өчигдөр хүндхэн учраа болох Вьетнамын багийнхантай амаргүй тоглолт өрнүүллээ. Дугаар шилжих мөчид тоглолт хараахан дуусаагүй байв. Манай тамирчид өнөөдөр Тайландын багийнхантай тоглох юм. Сонирхуулахад, Таитигийн багийнхан вьетнамчуудыг өмнөх тоглолтод 41:84, тайландчууд тэднийг 114:46-гаар хожсон. Хэсгээс хамгийн өндөр оноо авсан гурван баг урьдчилсан II шатанд шалгарна. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчдын бүтээлийг энэхүү фото сурвалжилгадаа онцоллоо.