Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар долдугаар сарын 6-9-нд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр өглөө эх орноосоо мордлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сангийн удирдлагуудтай уулзах юм. Улмаар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологийн салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэтийн төлөвөө тодорхойлох талаар санал солилцох аж.