-Та 60 гаруй олон улсын кино наадамд оролцсон гэсэн. Хэчнээнд нь очиж оролцож байв?
-Сүүлчийн хоёр жилийн хугацаанд тар тахлын улмаас бараг бүх кино наадам, арга хэмжээ цахим хэлбэрээр болсон. Одоогийн байдлаар таван улсын кино наадамд биечлэн оролцож, киногоо үзүүлж, өрсөлдсөн. Хамгийн хол явж оролцож буй нь Монгол.
-Олон улсын наадмуудаас “Алтан өргөө”-г сонгож, биечлэн оролцож буйн шалтгаан тань юу бол?
-Ирээд хэдхэн хоносон ч гэлээ Улаанбаатар хот их таалагдаж байна. Маш баялаг түүх, соёлтой улс юм. Удахгүй хөдөө явна. Уудам тал, байгалийн үзэсгэлэнг харахаар тэсэж ядаж байна. “Алтан өргөө” кино наадмын тухайд ч сэтгэгдэл маш өндөр байгаа. Тус наадмын санаачлагч, зохион байгуулагч, найруулагч Ш.Ихбаяр кинонд үнэхээр хайртай, энэ урлагийг сайн мэддэг уран бүтээлч юм. Наадамд үзүүлэх болон өрсөлдүүлэх бүтээлүүдийг сайн судалж, сонгосон санагдлаа. Миний хамгийн сүүлд найруулсан “Letters from Silivri” кино “Emerging artists” хөтөлбөрт багтсан. Эл хөтөлбөрийн хүрээнд киногоо үзүүлж, Монголын кино сонирхогчдод туршлагаасаа хуваалцлаа.
-Та тайз, дэлгэцийн найруулагч юм билээ. Тайзны уран бүтээл хийж байгаа юу?
-Би уран бүтээлийн гараагаа театрын жүжигчнээр эхэлсэн. Жүжигчнээс найруулагч болохоор хичээсэн. Гэхдээ мэргэжлийн жүжигчидтэй ажиллахаас илүүтэй энгийн хүмүүсийг тайзан дээр гаргаж, уран бүтээл хийхийг эрмэлздэг байлаа. Улмаар хийсэн тайзны уран бүтээлүүлээ хадгалж үлдэх, илүү олон хүнд үзүүлэхийг хүссэн. Ингэх хамгийн боломжтой арга нь дэлгэцэд буулгах явдал байлаа. Ингэж л кино урлагтай анх холбогдсон.
-Киноны юу нь танд хамгийн “амттай” санагддаг вэ?
-Би киног өөр ертөнцөөр аялах боломж гэж боддог. Кинонд ажиллах хугацаандаа өөр өөр уран бүтээлчтэй танилцаж, хамтран ажиллаж, мэдлэгээ тэлж, туршлага хуримтлуулдаг. Найруулагчийн хувьд энэ мэдлэг, туршлага, хандлага нь өөрийн ажиллах арга, хэв маягийг олоход хамгийн чухал. Шинэ зүйл бүтээх, түүнийгээ хүмүүст үзүүлэх сайхан шүү дээ. Тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Би үзэгчдэд асуулт үлдээж, аль болох “амттай” зүйл үзүүлэхийг хичээдэг. Тийм ч болохоор “Үзэгчдийг тасалбар худалдаж авсандаа харамсахааргүй бүтээл хийх хэрэгтэй” гэж өөртөө үргэлж хэлдэг.
-Үлгэр дуурайл, урам зориг авдаг найруулагч бий юү?
-Хэн нэг хүнийг онцолж хэлмээргүй байна. Урам зориг авдаг зүйл олон бий. Бусдын бүтээлээс таашаал авч, түүгээр хөглөгдөн уран бүтээл хийх урам авдаг хүн, би. Бусдын бүтээл гэдэгт киноноос гадна дуу хөгжим, театр, дүрслэх урлагийн бүтээл гэхчлэн олон төрөл хамаатай.
-“Уран бүтээлч болохын тулд юуны түрүүнд хүн болох хэрэгтэй” гэсэн үг бий. Та үүнтэй санал нийлэх үү?
-Мэдээж санал нийлнэ. Тийм ч болохоор хүнд мэдлэгээс гадна хандлага, хүмүүжил чухал.
-Хүн бүрийн сайн, муугийн хэмжүүр өөр. Таныхаар ямар киног сайн, эсвэл муу гэх вэ?
-Түрүүн хэлсэнчлэн үзэгчдийг тасалбар худалдаж авсандаа харамсахааргүй бүтээлийг сайн гэх болов уу.
-Кино бүтээхэд сэдэв, зохиол чухал уу. Эсвэл уран бүтээлч, баг чухал уу?
-Аль аль нь чухал. Гэхдээ миний хувьд сэдэв, зохиол илүү чухал. Түүнд үндэслэн уран бүтээлчдийг сонгож, баг бүрдүүлнэ.
-Уран бүтээлийн ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу?
-Хоёр төсөлд ажиллаж байна. Эхнийх нь өсвөр насныханд зориулсан тайзны уран бүтээл. Өсвөр насны 100 хүүхэд театрын тайзан дээрээс өөрсдөд нь тулгарч байгаа асуудал, учирч буй бэрхшээл, эрхийнхээ төлөө “дуугарна”. Нөгөөх нь мэдээж кино. Өнгөрсөн онд “Proll” нэртэй кино хийсэн. Хүнд, хортой нөхцөлд ажилладаг ч цалин хөлс, нийгмийн халамж муутай хүмүүс бидний дунд бий. Тэдний амьдрал ахуй, туулж буй бүхний талаарх кино юм. Уг киноныхоо үргэлжлэлийг энэ онд хийнэ.