Худал ташаа, төөрөгдүүлсэн, эсхүл буруу сэтгэгдэл төрүүлж болох бүх төрлийн сурталчилгааг Тамхины хяналтын тухай хуулиар хориглодог. Гэтэл сүүлийн үед урлаг соёлын одод цахилгаан буюу электрон тамхийг ил далд сурталчлах болсон. Энэ нь өсвөр үеийн хүүхдүүдэд тамхи татах сэдэл төрүүлж байгаа нь нууц биш юм. Манай улс электрон тамхины хэрэглээнд хэрхэн хяналт тавьдаг болон ямар зохицуулалт хийх ёстой талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.
-Олны танил хүмүүс электрон тамхи хор багатай хэмээн сурталчлаад байна. Үнэхээр утаат тамхийг бодвол электрон нь хор багатай гэж үү ?
-Электрон тамхи нь утаат тамхитай адил хортой. Бүр илүү ч байж магадгүй. Учир нь өргөн хэрэглэдэг янжуур тамхи болон бусад тамхинд ордоггүй бодисууд электрон тамхины найрлагад бий. Тухайлбал, үнэр, амт оруулагч, ууршуулах хэлбэрээр гаргадаг технологид суурилсан бодис гэх мэт маш олон хортой нэгдлүүд ордог. Гэтэл ихэнх хүн электрон тамхи хор багатай гэж ойлгодог. Ер нь утаат болон электрон тамхи хоёулаа хор хөнөөлтэй. Аль нэг нь хор багатай гэсэн ойлголт байхгүй.
-Электрон болон бусад тамхины хор нөлөөг хэлж өгөөч ?
-Тамхины найрлагад хүнд металл, цацраг идэвхит бодисууд, никотин зэрэг хорт бодис ордог. Тухайлбал, янжуур тамхинд 7000 гаруй химийн нэгдэл бий. Харин электрон тамхинд 2000 гаруй нь ордог. Үүнийг харьцуулаад электрон тамхи нь хоргүй гэж ойлгож болохгүй. Адилхан никотин гэх бодис агуулагддаг учраас маш хүчтэй донтуулж, сэтгэцийн эмгэг үүсгэх хортой юм. Мөн зарим төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисын найрлагатайг ч тогтоож байна.
Сүүлийн гурван жилд янжуур тамхины хэрэглээ дэлхий нийтэд буурснаар үйлдвэрлэгчид борлуулалтын маркетингийг өөрчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тамхинд амт, үнэр оруулагч нэмж, хэлбэр дүрсийг нь өөрчилж борлуулалтаа өсгөж байна. Электрон тамхи үйлдвэрлэж эхэлснээс хойш өсвөр үеийнхний тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн. Эрт буюу өсвөр насанд тамхи татаж эхлэх тусмаа тамхинд илүү донтож эргээд тамхинаас гарахад хүндрэлтэй байдал үүсдэг.
-Электрон тамхины гаж нөлөө яаж илэрдэг вэ ?
-Электрон тамхины гаж нөлөө гүйцэд судлагдаагүй. “Электрон тамхинаас үүдэлтэй уушгины гэмтэл” гэх шинэ өвчлөл бүртгэгдэж байна. Уушгыг гэмтээж, дархлааг сулруулж астма, уушгины хурц үрэвсэл, архаг бөглөрөлт өвчний шинж тэмдэгээр илэрч байна. Мөн тархины харвалт, хараа муутгах, бэлгийн сулрал үүсгэнэ.
Сүүлийн гурван жилийн турш АНУ, Хятад, ОХУ улсад уг тамхины гаж нөлөөнөөс болж нас барсан тохиолдлууд гарсан. АНУ-д 2600 гаруй өвчлөл бүртгэгдэж 70 гаруй хүн нас барсны ихэнх нь залуучууд байсан.
Өөр жишээнүүд дурьдвал 70 настай эрэгтэйг ердийн тамхинаас гараарай гэж зээ охин нь электрон тамхи анх авчирч өгснөөс хойш найман жил хэрэглэж уушигны хурц үрэвслээр нас барсан тохиолдол бий. ОХУ-д 12 настай хүүхэд ах эгчийгээ дуурайж тамхи татаад эндсэн. Эл явдал тамхины гаж нөлөө маш хурдан илэрдгийг харуулж байна. АНУ-ын судлаачид электрон тамхи нь “Тархинаас давсаг хүртэл бүх эд эрхтэнг хордуулж байна” гэж тодорхойлсон. Цаашид судалгааг өргөжүүлэн нийт хүн ам, хэрэглэгч, үйлдвэрлэгч, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт даруй яаралтай хүргүүлэхийг онцолсон юм.
Бодит амьдралд хор нөлөө ингэж илэрч байхад худалдаа эрхлэгчид хувийнхаа эрх ашгийн төлөө электрон тамхийг хор багатай, хоргүй гэж сурталчилж байгаа нь хууль бус. Нийтэд борлуулж байгаа аливаа бараа бүтээгдэхүүн хор хөнөөлгүй байх ёстой.
-Сүүлийн үед сургуулийн насны хүүхдүүд электрон тамхийг өргөн хэрэглэх нь анзаарагдах боллоо. Бага насны хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээний талаар хийсэн судалгаа бий юу?
-2019 онд хийсэн судалгаагаар нийт 13-15 насны сурагчдын 14,0 хөвгүүдийн 21, охидын 6.9 хувь нь тамхи татаж байна гэсэн судалгаа гарсан. Яг электрон тамхины хэрэглээг аваад үзвэл нийт сурагчдын 3.5 хувь нь хэрэглэдэг. Харин насанд хүрэгчдийн хэрэглээ 1.9 хувьтай байгаа юм. Сурагчдын 42.9 хувь нь гэртээ, 52.3 хувь нь олон нийтийн газар дам тамхидалтад өртдөг.
Мөн судалгаагаар 10 хүүхэд тутмын 9 нь сүүлийн 12 сард тамхинаас гарах үйлдэл хийсэн байдаг. Энэ оролдлогыг дэмжих, сургуулийн багш, эмч, сэтгэлзүйчийг чадавхжуулах шаардлагатай. Цаашлаад эцэг, эхүүд гэртээ тамхи татахгүй байж, хүүхдүүддээ зөв үлгэрлэх нь чухал. Тамхи хэрэглэдэг гэр бүлийн хүүхдүүд тамхи татах магадлал өндөр.
Өсвөр үеийнхэн электрон тамхийг ихээхэн сонирхож хэрэглэж байгаагийн цаад шалтгааныг олж тогтоох нь чухал. Хүүхдүүд яагаад электрон тамхи сонирхож, хэрэглэдгийг эцэг, эх, сургуулийн удирдлага анхааралдаа авах цаг болсон.
Мөн сурагчид чөлөөт цагаа, зөв боловсон өнгөрүүлэх газар байна уу гэдэгт анхаарч спорт, урлагийн чиглэлийн бүх төрлийн дугуйланг үнэ төлбөргүй болгоосой. Өөрөөр хэлбэл, тамхинд зарцуулдаг цагийг өөр зүйлд зарцуулах боломжоор бүрэн хангах нь зүйтэй. Ихэнх сургуулийн спорт, урлагийн дугуйлан төлбөртэй байгаад сэтгэл дундуур явдаг. Учир нь чөлөөт зав цагаа урлаг, спортын зааланд өнгөрөөх боломжтой байтал хүүхдүүд гудамжинд тамхи татаад зогсож байхыг харах хэцүү. Сургуулийн насны хүүхдүүдэд тамхи хэрэглэж болохгүй гэсэн цензур алга. Хуулиар 21-ээс доош насны хүүхэдэд тамхи татахыг хориглодог. Гэтэл бие биеэ даган дуурайж электрон тамхи өргөн хэрэглэж байна.
-Хуулийн зохицуулалт сул байгаатай холбоотойгоор хэрэглээ өндөр байна гэж ойлгож болох уу?
-Электрон тамхийг олны танил хүмүүс сурталчилсан том том самбарууд олон нийтийн газар байршуулсан байна. Мөн цахим сүлжээнд ямар ч хяналтгүй зар сурталчилгаа цацагдаж буй нь тамхины хяналтын болон зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Өнөөдрийн байдлаар манай улс электрон тамхины хэрэглээг хэрхэн зохицуулах талаар хуульчлаагүй. Энэ хуулийн цоорхойг ашиглаж электрон тамхийг цахилгаан бараа нэрийн дор их хэмжээгээр хилээр оруулж ирж борлуулдаг болсон.
Дэлхийн зарим орнуудад электрон тамхийг зарахыг бүрэн, 181 оронд хэсэгчлэн хорьсон. Тухайлбал, Сингапур, Энэтхэг, Бразиль, Мексик, Норвеги, Панам, Хойд Солонгос зэрэг 11 орнуудад электрон тамхины эргэлтийг хуулиар хориглосон.
Сүүлийн гурван жилд манай улсын тамхины хэрэглээ ихсэж байхад хуулийн хүрээнд дорвитой алхам хийсэнгүй. Тамхины тухай хуульд электрон тамхийг хамаатуулаагүйг худалдаачид их овжин ашиглаж байна. Үүний гол золиос залуучууд болж байгаа нь үнэхээр харамсалтай. Иймд залуучууд өөрсдөө хорт зуршлаас урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ яаралтай авах нь чухал.
-Ямар ч хяналтгүй борлуулж байгаа электрон тамхины хэрэглээг багасгахын тулд юуг анхаарах нь зүйтэй вэ ?
-Хамгийн эхний хийх алхам бол электрон тамхийг хуулиар хориглох юм. Өөрөөр хэлбэл, цахилгаан тамхины эргэлтийг бүрэн, эсвэл хэсэгчлэн хориглох уу гэдгийг хуулийн хүрээнд тодорхой болгох хэрэгтэй. Эсвэл өндөр хэмжээний татвар ногдуулж болох ч жилд 8,2 сая хүн тамхины хэрэглээтэй холбоотой өвчний улмаас амь насаа алдаж байгаа нь цаашид зөвхөн татвараар хязгаарлах нь хангалтгүй. Сүүлийн хоёр жилд Ковид-19 халдвараар гэхэд 5,5 сая хүн нас барсан байдаг. Иймээс тамхины хэрэглээг цар тахал гэж нэрлэхэд буруутахгүй байх. Энэ тамхи нь энгийн хэрэглээ мэт дэлгүүр болгоны лангуу дээр өрөөстэй байна.
Электрон тамхины хор уршгийг шийдвэр гаргах түвшинд анхааралдаа авч, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь чухал. Бид тамхины хор уршиг болон тамхинаас гарах аяныг мянга өрнүүлээд дорвитой үр дүнд хүрч чадахгүй байна.
-Иргэдийн амь насанд аюул дагуулсан электрон тамхины хэрэглээнд төр дорвитой хяналт тавихгүй байгааг судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ ?
-Дэлхий даяар 2030 он хүртэл “Тамхигүй дэлхий” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн. Уг хөдөлгөөнд маш олон орон нэгдэж байна. Зарим улс орон электрон тамхины хэрэглээнд маш хатуу хяналт тавьж, зарж борлуулахыг хориглосон. Гэтэл манай улс тодорхой шийдвэр гаргахгүй маш удаашралтай байна. Электрон тамхины бизнест эрх мэдэлтэй төрийн албан хаагчид хамааралтай учраас тодорхой шийдвэр гарахгүй удах шалтгаан болж байна уу гэх хардлага төрдөг.
-Ер нь электрон тамхийг манай улсад хэзээнээс өргөн хэрэглэх болсон юм бэ?
-Манай улсад 2019 оны байдлаар электрон тамхины хэрэглээ 3,5 хувь байна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр үүнээс өмнө хэрэглээ байсан гэсэн үг. Сүүлийн хоёр жил тамхины хэрэглээ огцом нэмэгдлээ. Ингэж хэрэглээ огцом нэмэгдсэн нь коронавирусийн халдвар, сэтгэлзүйн асуудалтай ч холбоотой.
-Электрон тамхи татаж байгаа хүний дэргэд удаан байвал ямар хор уршигтай вэ ?
-Тамхины утаагаар амьсгалж байвал хоёрдогч дам тамхидалт, тамхины үнс, нурам, үнэрээр амьсгалж байвал гуравдагч дам тамхидалт гэж нэрлэдэг. Тамхи татаж байгаа хүн хордоно. Татаагүй хажууд нь суугаа хүн ч хордоно. Тамхи татаагүй ч татаж байгаа хүний өвддөг бүх өвчнөөр өвдөх эрсдэлтэй.
Тамхины хэрэглээ ихэссэнээр зүрхний шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, судасны нарийсал зэрэг өвчнөөр өвчилж 70 гаруй төрлийн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болж байна. Тамхины шалтгаант өвчний улмаас долоо хоногт 2-3 залуу үе мөчөө тайруулдаг. Хүүхэд тамхитай орчинд өсвөл ойр ойрхон уушгины хатгаа өвчнөөр өвдөх, харшил, уушгины архаг бөглөрөлт, уушгины хавдартай болох эрсдэл өндөр. Бага насны хүүхдүүд тамхины утаанд удаан байснаар цусны, тунгалгийн булчирхайн, тархины хавдар үүсэх гол шалтгааны нэг болдог. Цаашлаад тамхи татсан хоёр хэрэглэгчийн нэг нь амиа алдаж байна.
-Ярилцсанд баярлалаа