Монгол Улсаа хэд тойрсноо тоолж явсангүй, ямартай ч 40 гаруй жил хилийн цэрэгт хүчин зүтгэсэн гэх нэгэн эрхэмтэй ярилцах завшаан тохиолоо. Тэрбээр амь, амьдралаа зориулж явсан хил, хилчдийнхээ талаар бахдалтайгаар дурсав. Хилийн цэргийн дээд сургуулийн болон ОХУ-ын Аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах салбарын академийн профессор цолтой тэрбээр НҮБ-ын дэргэдэх зөвлөх эрхтэй олон улсын Мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн, академич. “Монгол Улсын хилийн баталгаажилт, хамгаалалт” зэрэг хилийн тухай хэд хэдэн ном бичиж, хойч үедээ үлдээсэн тэрбээр 2003 онд Оросын талаас доктор, профессор, контр адмирал Димитров, хурандаа Бочарадз, Монголын талаас генерал Ш.Арвай, нэрт түүхч Ч.Далай нарын удирдлагад “Монгол Улсын хилийг тогтоож хамгаалсан нь” (1960-1990 он) сэдвээр түүхийн ухааны доктор (Рh.D)-ын зэрэг хамгаалсан аж. Хошууч генерал П.Сүндэв энэ бүхнээ дэлгэрэнгүй хүүрнэснийг сонирхоно уу.
САНХҮҮГИЙНХЭЭ АЖИЛТАНД ШУУДАЙТАЙ БЭЛЭН МӨНГӨ ӨГӨӨД ВЕРТОЛЁТООР ХИЛИЙН АНГИУД РУУ ЯВУУЛДАГ БАЙВ
-Сайхан өвөлжиж байна уу, Та. Цэргийн амьдрал тань хэдийнээс эхэлсэн бэ гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Дунд сургууль төгсөхөд том ах Цэргийн ерөнхий сургуульд оруулна гээд сургалтын төв рүү дагуулаад явлаа. Багад толгой дээр үлд гараад тарлан болчихсон би ичээд зугтчихсан. Хоёр хоног ах, дүүгийнхээрээ эргэлдэж байгаад гэртээ очтол ах аргадлаа. “Чамайг Цэргийн ерөнхий сургуульд оруулахгүй ээ, лаборант хийлгэнэ, 400 төгрөгийн цалин өгнө” гэв. Ингээд Цэргийн ерөнхий сургуульд анх Ерөнхий цэргийн тэнхимд лаборантоор орж, хоёр жил ажилласан. Ингэж л том ахын чиглүүлснээр миний амьдрал хил, хилчидтэй холбогдсон доо. Тэндээс 1969 онд бидний 10 залуу шалгалтад тэнцэж, ЗХУ-ын Москва хотод Хилийн цэргийн командын дээд сургуульд таван жил суралцав. Төгсөж ирээд нэг ангийн дөрвөн хүү Өмнөговь аймагт томилогдсон. Ц.Нэргүй минь Хөвд, Ч.Дашдэлэг Цагаан-Уул, Д.Батсүх Бүдүүн модны, Би Шивээхүрэнгийн заставт хуваарилагдсан. Хошууч Д.Шажинбат даргатай Өмнөговийн Овоотын VII отрядад маневр ротын захирагчаар нэг жил ажиллалаа. Тэндээсээ Шивээхүрэнгийн хилийн заставын Хилийн албаны ахлах офицероор томилогдов. Ингээд 1977 онд дэслэгчээс ахмад цол хүртэж, ангийнхаа штабын дарга болсон түүхтэй. Мөн штабын дарга байсан Ш.Самбуудорж ахмад хошууч цол хүртэж, ангийн захирагч болж байв. Д.Шажинбат, Ш.Самбуудорж хурандаа нараас мөн ч их зүйл сурсан даа.
-Таныг очсон газар бүртээ ажил сайжруулдаг гэх юм билээ.
-Фрунзийн нэрэмжит Цэргийн академид суралцах завшаан олдсон. Түүнийгээ төгсөөд НАХЯ-ны сайд С.Лувсангомбын тушаалаар Хилийн ба дотоодын цэргийн штабын Хилийн хэлтсийн орлогч даргаар томилогдлоо. Гурван сар орчим ажиллаад хилээр шалгалттай явж байхад намайг гэнэт дуудаж, Халхын голын хилийн отрядын даргаар томилов. Шалтгаан нь Халхын голын отрядынхан сайдын шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан юм билээ. Тиймээс ажил сайжруул гэж ангийн захирагч болон штабын даргыг томилсон. Ингээд Амгаа дэд хурандаатай тэнд очив. Халхын голын ялалтын 45 жилийн ой хоёр жилийн дараа болох учраас хийх ажил их байлаа. БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Халхын голын ангиа дурсахад, улсын баатар тавыг төрүүлсэн. П.Чогдон, Н.Жамбаа, С.Төмөрбаатар, Д.Гуулин, Э.Шийлэг нарын таван баатар төрсөн домогт хилийн отряд. 1986 онд ангийн техникийн орлогч офицер Т.Дамдин, ахмад Д.Дүдлийнамжил, ахмад Болд, ахмад Батхүү нарыг халагдах 23 цэргийн хамт томилж, ангийнхаа урд хээрийн сургалтын иж бүрэн төв байгуулж байлаа. Тэд маань ажлыг ёстой шижигнүүлсэн. Долоо хоног бүрийн бямба гарагт очиж шалгадаг байв. Тэнд би зургаан жил ажилласан даа.
-Та хилийн тухай хуулийг боловсронгуй болгоход гар бие оролцсон хүний нэг. Салбарын хуулиа хэдэн онд баталсан бэ?
-Хилийн тухай анхны хууль 1973 онд батлагдаж байв. Би хилийн хэлтсийн дарга байсан учраас хууль боловсруулах ажилд нэлээд хүч хөдөлмөр зарцуулсан. 1989 онд хил хамгаалах тухай үзэл баримтлал боловсруулж байгаад түүнийгээ дэлгэрүүлж хууль болгосон юм. Энэ хуулийг боловсруулахад миний орлогч байсан Ц.Ганхуяг хошууч, дэслэгч генерал Ш.Арвай, хошууч генерал Д.Базарсад, Хилийн хэлтсийн дарга, дэд хурандаа П.Даш гээд олон хүн оролцсон. Онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол Д.Базарсад минь. Тэрбээр УИХ-ын гишүүдэд хилийн цэргээ сурталчилж, зөв ойлголт өгсөн. Түүнийг УИХ-ын гишүүн байхад нь хилчдэд минь ийм тийм зүйл хэрэгтэй гээд мөн ч олон асуудал шийдүүлж байлаа. Засгийн газарт манайхыг Ш.Нацагдорж генерал хариуцаж байв. Тэрбээр байсхийгээд л судалгаа материал шаардаж, дуудна. Маш их судалгаа хийж өгсөн. Нэг дуудахаар нь бас л судалгаа нэхэх нь гээд яваад очлоо. Өөдөөс “Сүндэв ээ, Хилийн тухай хууль батлагдсан. Хилийн цэрэг Засгийн газрын бие даасан бүтцийн байгууллага болно. Чамайг хилийн цэргийн даргаар томилуулна” гэв. “Би хилийн цэргийн даргад бэлтгэгдсэн хүн биш, чадахгүй. Болно гэвэл штабын даргын ажлаа үргэлжлүүлж хийе, болохгүй гэвэл хил рүүгээ явъя” гэлээ. Гэтэл генералын нүүр илт хүрэн улаан болж минчийн уурлаад “Чамайг үгүй гэвэл армиас хүн авчирч томилно оо” хэмээснээ “Гар чи. Тамхил, бод” гээд хөөлөө. Би гарахдаа “Армийн хүн томилно гэхээр манайхны амьдралыг мэдэхгүй дээ” гэж бодон, өмчирхөх сэтгэл төрсөн юм. Тэгээд эргэж ороод “Та үнэхээр намайг томилохоор шийдсэн үү” гэж асуув. Гэтэл “Тэгэхгүй яах юм. Чамайг үгүй гэвэл армиас хүн авна” гэдэг үгээ давтсан. Би ч бодсоноороо “Тэгвэл би оролдоод үзье” гэтэл генерал тэр дороо сайхан ааштай болж, цай авчруулж, хоёулаа баахан ярилцаж билээ. Ингээд Хилийн цэргийг удирдах газрын даргаар намайг, тэргүүн дэд бөгөөд штабын даргаар дэд хурандаа П.Дашийг томилсон. Ш.Жадамбаа сайд хойноос ирж биднийг танилцуулахдаа П.Дашид хурандаа цол олгосон юм. П.Даш маань Фрунзийн нэрэмжит Цэргийн академийг алтан медальтай төгссөн чадалтай залуу.
-Та хэдэн онд генерал цолоо авч байв?
-1994 онд ээлжийн амралтаараа Төв аймгийн Алтанбулагийн нутаг Шувуун давааны өвөрт хүргэн ахындаа цагаан гүүний саам уугаад амарч байлаа. Гэтэл ар тал эрхэлсэн орлогч, хурандаа Д.Доржпалам оройхон ирэв. Орой бүрий болчихсон, эгч минь сүүгээ хөөрүүлж байсан юм. Д.Доржпалам “Таныг авч явна” гэсэн хэрнээ өөр юу ч хэлэхгүй инээгээд суугаад байлаа. Би гайхасхийгээд “Ямар асуудал гарсан бэ. Шууд хэл” гэлээ. Тэгсэн жуумалзаж байснаа “Эгч ээ, манай дарга генерал цолоор шагнагдсан. Одоо авч явж, шөнөдөө хэмжээ авч, хувцсыг нь тааруулах хэрэгтэй. Маргааш Ерөнхийлөгчид илтгэх учиртай” гэв. Шөнөжин хэмжээ өгч, нааш цааш болж, маргааш өдөр нь хувцас бэлэн болжээ. Ингээд Ш.Жадамбаа сайдтай хамт П.Очирбат Ерөнхийлөгчийн өрөөнд очиж, өөрийнх нь зарлигаар хошууч генерал цол хүртсэнээ илтгэсэн.
-Таныг ажиллаж байх үед хамгийн их зөрчил гардаг, хүнд нөхцөлтэй нь аль бүс нутаг байв?
-Дөнгөж картын системээс гарсан, юм юм л ховор хэцүү үе байжээ. Тэр үед Хөдөө аж ахуйн банкаар мөнгө гуйвуулна. Банкаар гуйвуулахаар манайхны мөнгийг өөр байгууллагад өгчихнө. Аргаа бараад санхүүгийнхээ ажилтанд шуудайтай бэлэн мөнгө өгөөд вертолётоор хилийн ангиуд руу явуулдаг байв. Тэгэхгүй бол хилчид олон сар цалингаа авч чадахгүй хэцүүддэг байлаа. Тэр үед цөөнгүй хүн ганзагын наймаа руу хошуурсан үе шүү дээ. Хилийнхний амьдрал аажим аажмаар л дээшилсэн. Увсын хилийн отрядад зөрчил их гардаг. Мөн Үрүмч-Ховдын чиглэлд зөрчил их. Төөрсөн нэрээр худлаа хэлж орж ирээд тагнуулдах гэнэ. Улаан-Уулын 12 дугаар отряд бас зөрчил ихтэй. Хил зөрчигчдийг их барина, анхны байцаалтаа аваад л төв рүү явуулдаг байлаа.
-Мэнэнгийн тал машины хулгайн гол зам байсан гэдэг байх аа?
-1990-ээд оны эхэнд машины хулгай тэнд гаарсан. Европоос машин зөөгөөд Хятад руу гаргадаг байсан юм. Тухайн үед би Хилийн цэргийг удирдах газрын дарга байсан. Тиймээс тэр үед Ш.Арвай, Д.Базарсад генерал нар хилийн цэрэг бие даасан тагнуулын үйл ажиллагаа явуулж болно гэж диссертац бичсэнийг удирдлага болгон Мэнэнгийн талд 10 гаруй хоног томоохон нууц ажиллагаа зохион байгуулсан юм. П.Очирбат Ерөнхийлөгчтэй Тамсаг булагийн нефтийн үйлдвэрт оччихоод буцахдаа халхавч зохион, “Ерөнхийлөгч өө, Дорнодод ирснийх анги дээрээ ажиллая” гээд үлдэв. Урьд өдөр нь П.Даш генералыг вертолётоор Улаанбаатар луу “явуулсан”. Гэхдээ аймгийн төвөөс жаахан гараад Хөлөнбуйрын наахна буугаарай, хэнтэй ч уулзахгүй буцаад ир гэж үүрэг өгсөн. Хилийн 10 гаруй ангиас офицерууд сэм дуудаж, энэ нууц ажиллагаанд оруулсан. Уг ажлыг газар дээр нь П.Даш генерал удирдсан юм. Энэ ажиллагаа амжилттай болж 41 машиныг эзэнтэй нь саатууллаа. Харамсалтай нь, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад намайг Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар томилсон. Төр солигдоод хилчдийн хөдөлмөр үнэгүйдэж, энэ хэрэг хаагдан, машинууд эзэндээ очсон гэсэн. Дараа нь манай хилийнхэн Мэнэнгийн талд дахиад нэг ажиллагааг амжилттай зохион байгуулсан түүхтэй.
-Та хилийн цэргээсээ хөндийрч байв уу?
-1996 оны сонгуулийн дараа амраад, гэр бүлээрээ нутагтаа ирлээ. Гэтэл манай генерал П.Даш утсаар холбоо барьж “Дарга аа, та ирэхгүй бол болохгүй нь. Энд холер өвчин гарсан, Д.Дорлигжав сайд таныг асуугаад байна” гэв. Буцаж ирээд шууд Улсын онцгой комиссын хуралд суулаа. Тэгсэн Заамарт холер өвчин гарсан, тийшээ яв гэв. Улсын иргэний хамгаалалтын газрын дарга байсан Ж.Дамдинсүрэн генерал ЗХЖШ-ын даргаар томилогдсон байсан үе. Ингээд ЭМЯ-ны газрын дарга Л.Жамбалжав эмчтэй хамт Заамарт 10 хоног ажиллаад холерын голомтыг дарчихаад, буцаад төв рүү ирлээ. 22-ын товчоонд шалгасан зүйлгүй шууд оруулчихав. Ирээд Д.Дорлигжав сайдад илтгэлээ. Гэтэл сайд “Та дэглэм барь. Цар тахлын голомтоос ирчихээд ингээд явж болохгүй” хэмээсэн. Ингээд Л.Жамбалжавтайгаа Халдвартын больницын нэг нэг өрөөнд хоригдлоо. Хэн ч орж ирэхгүй. Хоёр хонож байтал Л.Жамбалжавт Гавьяат эмч цол хүртээснийг эмнэлгийн дарга хэлэв. Гэтэл амьдрал “дээшлээд” эхэлсэн. Удалгүй Д.Дорлигжав сайд утасдаж “Ж.Дамдинсүрэн генерал ЗХЖШ-ын даргаар томилогдсон. Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрвөл таныг Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар томилно. Та гэр бүлийнхэнтэйгээ зөвлө” гэсэн. Би хэзээ ч гэр бүлтэйгээ албан тушаал, ажлаа зөвлөж явсангүй. Сайдад “Мэдлээ, ойлголоо” гэж хэлсэн.
-Ингээд хилээс онцгой байдлын алба руу “урвачихаж” байгаа хэрэг үү?
-Цэргийн хүн тушаал л дагадаг. 1996 оны наймдугаар сард Улсын иргэний хамгаалалтын газарт очсон. Гэтэл тэнд цахилгаан тасарчихсан, жаахан гундуу маягтай байлаа. “Хилийн цэргийг сайхан болгосон шигээ Улсын иргэний хамгаалалтын газрыг цэгцэл” гэж Д.Дорлигжав сайд үүрэгдсэн. Улсын иргэний хамгаалалтын газрын байранд 10 гаруй пүүс, компани, жолооны курс гээд гаднын олон байгууллага шавчихсан, офицерууд нь цөөн хэдхэн өрөөнд шахцалдаад суучихсан, өрөвдмөөр санагдав. Ингээд гаднын байгууллагыг бүгдийг нь хөөж гаргалаа. 1996 онд түймэр дэгдэж, хандив, тусламж их ирсэн. Улмаар Д.Дорлигжав сайдад илтгэж, хандив, тусламжийн хөрөнгө бүртгэлгүй, тусдаа баланс байхгүй, Улсын иргэний хамгаалалтын газрын санхүүтэй хутгалдсаныг цэгцлэхээр нягтлан томилуулж байлаа.
ХИЛИЙН ЦЭРЭГ ТАГНУУЛТАЙ БАЙХ НЬ ЗӨВ
-Эргээд хилийн цэрэгтээ хэзээ ирэв?
-Миний дотнын найз Д.Базарсад генерал Хилийн цэргийг удирдах газрын дарга байв. Дорнод аймгаас УИХ-д дахин нэр дэвшихээр албаа өгсөн юм билээ. Тиймээс Ш.Түвдэндорж сайдын тушаалаар хилийн цэрэгтээ буцаж ирсэн. Ташрамд хэлэхэд, хошууч генерал Д.Базарсад бид хоёр Хилийн цэргийн дээд сургуульд, дараа нь Фрунзийн академид хамт сурсан. Би ажлыг нь гурван удаа авсан түүхтэй. Анх удаа 1988 онд найзыгаа генералын академид явахад нь штабын нэгдүгээр орлогч буюу Оперативын хэлтсийн даргын албыг авсан. Хоёр дахь нь 1992 онд УИХ-ын гишүүн болоод явахад нь штабын даргын албыг, гурав дахь удаагаа дээр дурдсан шалтгаанаар Хилийн цэргийг удирдах газрын даргын албыг залгаж байв. Ингэж надад хилийн цэргийг удирдах завшаан хоёронтоо тохиосон. Харамсалтай нь, найз минь Кызылд Ерөнхий консулаар сууж байгаад ирээд удалгүй, 2012 онд хүнд өвчний улмаас нас барсан даа.
-Дахин ирэхэд хилийн цэрэг хэр өөрчлөгдсөн байв?
-Хил хамгаалах байгууллага төсөв хөрөнгөө захиран зарцуулах эрхгүй, Батлан хамгаалах яамны Санхүүгийн албаны дарга зөвшөөрөл өгч, төсөв хөрөнгө хуваарилдаг болчихсон байлаа. Хилийн тухай хуулийн 36-д “Хилийн цэргийн дарга төсөв хөрөнгөө захиран зарцуулна” гэж заасан байдаг. Мөн боловсон хүчнээ томилж, чөлөөлөх эрхтэй. Гэтэл отряд, хэлтсийн дарга нараа өөрөө томилох эрхгүй, Батлан хамгаалах яамны сайд нарын зөвлөлийн хурлаар оруулж шийддэг болчихсон байв. 2000 оны МАХН-ын мөрийн хөтөлбөрт “Хилийн цэргийн бие даасан тогтолцоог бүрдүүлнэ” гэсэн ганц өгүүлбэр байсан. Энэ л өгүүлбэр дээр дөрөөлж, Засгийн газарт асуудлаа ээлж дараалан оруулж, алдсан бүхнээ аажим аажмаар эргүүлэн авсан. Улмаар Засгийн газрын 126 дугаар тогтоол гарч Эрдэнэтэд ашиглаж байсан нисдэг тэрэг ММТ-г манайд өгсөн юм. Гэтэл тэр нь ашиглалтын хугацаа дууссан, нисэх бололцоогүй байв. Ингээд УИХ-аас их засвар хийх 400 сая төгрөг баталж өгсөн. ОХУ-ын Новосибирскийн Авиа ремонтны заводод засуулах санал тавихад “Мөнгө чинь хаанаа ч хүрэхгүй, Горный Алтайд анхныхаа их засварыг хийлгэсэн, 25 жилийн хугацаатай “МИ-8” байна. Танай онгоцыг түүгээр сольё” гэлээ. Үүнийх нь дагуу Засгийн газраас зөвшөөрөл авч солиод, албаа онгоцтой болгосон юм. Ингээд хилийн цэргийн бие даасан тогтолцоог бүрдүүлэхэд өөрийн хэр хэмжээгээр зүтгэсэн. Улмаар Хилийн цэргийн дээд сургуулиа байгуулах Засгийн газрын тогтоол гаргуулж, “ДЦС-2”-ын арын хувийн архины үйлдвэр байсан балгасыг засуулж, тохинуулан сургуулийнхаа буурийг зассан. Дараа нь хөдөлгөөнт бүлэг, хилийн тагнуулын албаа байгуулж, анхны даргаар тагнуулын хурандаа Т.Бадамхандыг томилж байв. Ингээд хилийн цэрэг тусдаа тагнуултай болсон. Хилийн цэргийн дарга тагнуулгүй байна гэдэг нүд, чихгүйтэй адил. Зөрчил гарвал Тагнуулын ерөнхий газарт очно, тэндээс цаасаар мэдээ ирнэ. Хугацаа алддаг, өөрсдөө бие дааж шийдэх эрхгүй хэцүү л дээ. Хилийн цэрэг тагнуултай байхыг зөв гэж боддог.
1990-ээд онд оросын зөвлөхүүд буцсан. Ингээд харилцаа тасрах шахаж, нэлээд зогсонги байдалд орсон байлаа. 1994 онд ОХУ-ын Хилийн цэргийн дарга, хурандаа генерал А.Николаевын урилгаар Москвад очлоо. Хэд хэдэн хүсэлт тавив. Хил хамгаалалтын харилцааг зохицуулахад нэлээд хүнд болчихлоо. Боловсон хүчнээ танай сургуульд бэлтгэж байсан. Үүнийг сэргээж Холбооны хилийн албаны академид боловсон хүчнээ сургамаар байна, квот өгөөч гэлээ. 1995 онд хичээл эхэлсний дараа аравдугаар сард манайх дөрвөн офицер явуулж байв. Хабаровск хотод залуусаа сургадаг байв. Гэвч Амар мөрний чийглэг уур амьсгал манай залууст тохирохгүй байсан учраас дахин ярилцсан. Дараа жилээс нь очих хотыг нь сольж Курганд 25 курсант сургасан. Одоо ч жил бүр 10-15 залуу Курганд суралцдаг. Улмаар хилийн албаны төлөөлөгчийг хоёр талдаа суулгадаг болсон. 1990 онд Засгийн газрын шийдвэр гарч БНХАУ-тай хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт анх бэлтгэж, 1991 онд баталсан. Үүнийг хийхэд хил хамгаалах байгууллагаас хурандаа Б.Базарсад бид хоёр шинжээчээр оролцсон. Дараа нь 2003 онд би БНХАУ-д уулзалтаар очиход тэндхийн Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал манай хилийн цэрэгт нэг сая юанийн буцалтгүй тусламж үзүүлж байлаа.
-Та бас нэг хэсэг улс төрд орсон бил үү?
-Улс төрд орох юу байх вэ. 2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр таныг олон жил мэдэхийн хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилох саналтай байна гэв. Би бас л цааргалсан ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Т.Билэгтэд зарлиг гарга гэсэн. Ингээд шинэ албанд очиж, тагнуулын асуудал хариуцсан хурандаа Төөгөөг туслахаараа авч байв. Улс төрд орох юу байх вэ, ийм л юм болсон. Янз бүрийн хувийн ашиг сонирхол байгаагүй тул одоо хэнтэй ч ярьсан нүүр бардам байдаг даа.
-Хилийн цэрэг үеийн үед нэг хүнээ УИХ-д шургуулчихдаг юм биш үү. Одоо ч бас нэг төлөөлөл нь бий шүү дээ?
-Зөв шүү дээ. Хилийнхээ төлөө үгээ хэлдэг, хамгаалдаг нэг хүн байх ёстой. Хилийн цэргийн командлагч байсан Ц.Сэргэлэн генерал одоо УИХ-д байна. Хил, хилийн амьдралаа мэддэг хүн очсон нь сайн хэрэг. Бага залууд нь түүнтэй холбоотой явлаа. 1989 онд түүнийг Хилийн цэргийн дээд сургууль төгсөх үед би Улсын шалгалтын комиссын даргаар очив. М.Ганболд онол, би хилийн албаны шалгалт авсан. Сонсогчид шалгууллаа. Би дунд, эсвэл сайн гэдэг дүн л голцуу тавина. Муу дүн хэзээ ч тавихгүй. Хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Онц дүндээ их харам. Баараггүй бардам чадсан хүнд л онц дүн тавина. Тэгсэн нэг хөөрхөн бор түрүүч, бага дарга орж ирлээ. Би байцаагаад л байлаа. Ерөөсөө унадаггүй, тэгээд онц дүн тавьсан. Ингээд Сэргэлэн шууд ахлагч дэслэгч цолтой төгссөн. Дараа нь Дорнодын ангид шалган туслах ажлаар явахдаа хойд талын Бага хүрээгийн заставт очтол тэрбээр заставынх нь даргаар гялалзаад, цэмцийгээд ажиллаж байна. Тэр үед ганзагын наймаа ид дэлгэрчихсэн, Замын-Үүд, Сэлэнгэ, Буянт-Ухаа, Нисэхийн хилийн шалганд зөрчил их гардаг байв. Тэр хэсгүүдэд томилох хүн хайж байсан юм. Тэгээд би Ц.Сэргэлэнг харчихаад “За чамайг энд ингэж жаргаахгүй ээ, даргад хэлж Замын-Үүдийн заставын даргаар томилуулна” гэлээ. Буцаж ирээд Ч.Сандр генералд Замын- Үүдийн заставын даргаар томилох хүн олсноо хэллээ. Дарга ч тэгье гэсэн. Ингээд 1994 оны нэгдүгээр сард Улаан-Уулын 12 дугаар хилийн отрядаас Замын-Үүдийн заставыг салгаж 0108 дугаар анги болгоод Ц.Сэргэлэнг боловсон хүчний даргаар томилов. 1995 онд дотоодын академи байгуулахад дөрвөн залуу сонгож оруулсны нэг нь Ц.Сэргэлэн юм. Мөн одоогийн командлагч Х.Лхагвасүрэн, Батцэнгэл нарыг оруулсан. Сүүлд 2000 онд хилийн албанд эргэж ирээд Ерөнхий сайд Р.Амаржаргалтай Онгоны хилийн отрядад ажлаар явж байгаад Ц.Сэргэлэнтэй таарлаа. Ц.Сэргэлэн мөн л гялалзаад л, ажлаа яв цав танилцуулаад л нэвт гараад явсан. Дотроо их л баярлаж байлаа.
-Хилийн уулзалтын талаар цухас ярьж болох уу. Их л айхавтар зүйл болдог шиг. Тухайлбал, дуучин П.Адарсүрэн хилийн уулзалтаар нэг дуу дуулаад асуудалд орсон гэх зэрэг сонин содон дурсамж хүмүүс ярьдаг шүү дээ.
-Хилийн уулзалтаар хятадууд манай Шивээхүрэнгийн завтавт ирж уулзалт хийнэ. Бид бас Сэхэгийн станцад 16 сумтай “Макаров”-оо ташаандаа зүүчихнэ ээ. Өөрийнхөө нутагт бол найман сумтай буу авна. Хятадууд Маогийнхоо зурагтай улаан номоо барьчихна. Тэгээд л хэлэлцэнэ. Түс тас, амар байсан үе. ЗХУ-ын коммунист намын 25 дугаар их хурал хуралдаж, Л.И.Брежнев дарга улс төрийн илтгэл тавьж байх үед Цаалингийн заставын хариуцсан хэсгээр манай мал гарсныг хятадуудтай хилийн уулзалт хийж, хоёр тэмээгээ авч таарлаа. Улаанбаатар руу Хилийн ба дотоодын цэргийн штабт дөрвөн цагийн дотор мэдээгээ шуурхай явуулах ёстой. Явууллаа. Орой нь Монгол Улсын хилийн цэрэг П.Сүндэвийн талаар телевизээр бөөн шуугиан дуулиан гарч байна. Коммунист намын 25 дугаар их хурал хуралдаж байхад VII отрядын Шивээхүрэнгийн заставын дарга П.Сүндэв улстөрийн харалган бодлого явуулж, хятадуудтай уулзалт хийж, тэмээ хүлээж авлаа гээд баахан бааллаа. Дараа нь гуравдугаар сард Хятадууд 70 машинтай хил зөрчин орж, ирж байхад Шивээхүрэнгийн заставын дарга дэслэгч П.Сүндэв мэдсэнгүй, нутгийн гүн рүү орууллаа гээд баахан гөвөв. Тийм зүйл болоогүй юм. Манай хажууд Оросын цэргийн анги бий. Тус ангийнхан хил давж орж ирсэн хэдэн тэмээг 70 машинтай хятадууд орж ирсэн гэж яриа гаргасан байгаа юм. Тэр нь НАХЯ, хилийн цэрэг рүү хүрсэн л хэрэг. Бас нэг удаа хилийн уулзалт боллоо. Хятадын талаас таван ямаа хил зөрчөөд Сэгс цагаан богд өөд явчихаж. Тэд таван ямаагаа нэхэж ирлээ. Ямаануудыг нь өгөхөөр тохироод Баянхонгор, Өмнөговийн хилийн заагт очтол байхгүй, чононд бариулчихжээ. Би нөгөөдүүлээ зэмлээд л маргааш нь хилийн уулзалтдаа хоосон очив. Хятадууд ямаагаа нэхлээ. Байхгүй ээ, чононд бариулчихаж гэтэл уурлаж байна аа. Тэгэхээр нь өөдөөс нь “Бид ямар хил давсан ямаа харах гэж хилээ манаа юу, таван ямааныхаа сэгийг авбал ав” гээд шууд түс тас хэлчихсэн. Нөгөөдүүл үглээд таван ямааны сэгээ аваад буцаж билээ. Энэ мэт зүйл болно оо. Бас Оросын хилийн цэргийн командлагч нартай уулзана.
Соёлын хувьсгалын үед би Шивээхүрэнгийн заставын дарга болсон. Миний өмнө алдарт хилчин Н.Очир гуай Хилийн албаны даргаар тэнд ажиллаж байж. 1973 оны сонгуулийн өмнө VII отрядын хилийн албаны дарга Н.Очир нарын сайхан дөрвөн хилчин хятадын хил даваад баригдсан юм билээ. Тухайн үед тэднийг эх орноосоо урвасан гэж мэдээлдэг байсан. Түүний албыг би авсан. Цэргүүд нь хилийн харуулын цэг дээр хоол ундгүй байна гэх мэдээ ирэхээр нь Н.Очир гуай нар очиж шалгахаар явжээ. Морин загийн харуулын цэгт хоол унд тасраагүй юм билээ. Ингээд буцахдаа замдаа хилийн 218 дугаар тэмдэгтийн хойно зурваст наймын тоо эргэчихээд хил даваад элсэнд машин нь суусан байдаг. Хятадууд ирээд цай цүү өгөөд Н.Очир даргаа таныг буцаана гэснээ орой болсон хойно сэм бүчиж, Сэхэгийн станц руу авч явсан гэдэг. Би Н.Очир даргын ажлыг аваад сейфийг онгойлгоод үзэхэд хуучин монгол үсгээр бичсэн пулемётын заавар, Сүхбаатарын одон байдаг сан. Тэрийг сонирхож харж л байлаа.
-Вьетнамд нэг хэсэг Элчин сайдаар ажилласан байх аа, Та?
-Хоёр улсын харилцааг сайжруулахад багагүй зүтгэсэн. Ялангуяа Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн багш нарыг Вьетнамд тэтгэлгээр сургахад их анхаарсан. Жилд таван багш манайхаас Вьетнамд сурдаг байв. Тухайн үед 1000 тонн цагаан будаа бэлэглэсэн нь томоохон хандив болсон. Тэндээс 300 000 ам.долларын тусламж үзүүлэхэд Японоос түргэн тусламжийн машин авч, хэрэгтэй аймгуудад нь тараасан. Америкийн дайны үед монголчууд вьетнамчуудад их тусалсан гээд элгэмсүү ханддаг байсан даа. Тэр үед хоёр улсын хооронд маш бага буюу 5000 ам.долларын худалдаа явуулдаг байсныг нэлээд өсгөсөн. Энэ нь эдийн засгийн ач холбогдолтой. Манайхаас Вьетнамд сурах оюутны тоо, тэтгэлэг нь ч өссөн.
-Цэргүүдээ хэр анхаарч байв?
-Хэдэн бор цэргээ эргэж тойрч уулзах дуртай. Хилийн анги, заставаар явахдаа заавал бэлэг бэлддэг байлаа.
-Бэлгэнд юу өгдөг байсан юм бэ?
-Чихэр, тамхи л өгнө дөө. Спиртийн наймаа цэцэглэж байхад Алтайн отрядын даргаар академи онц төгссөн Гансүхийг томиллоо. Эхлээд саналыг нь асуусан. Ихэнх нь хотод сууя гэдэг юм. Гансүх харин хаашаа ч явсан яах вэ л гэж байна. Нүүр бардам томилж билээ. Дараа нь Ш.Лхачинжав Алтайн VI отрядын даргаар ажиллаж байсан юм. Шалган туслах ажлаар тэнд очлоо. Гэтэл хамт явсан хүний нөөцийн дарга, хурандаа Цэдэн, шадар туслах хошууч Б.Нармандах нар “Ш.Лхачинжав хошууч танд маргааш морь бэлэглэнэ гэж байна” гэв. “За тийм юм байхгүй, анги дээр ирээд морь мал авдаг нь би биш шүү” л гэлээ. Маргааш нь ашгүй тийм зүйл болоогүй. Ажлаа сайхан шалгуулаад өнгөрсөн. Бие бүрэлдэхүүн клубт суугаад уулзалт эхэллээ. Тэнд хөгжмийн даргаар очсон ахлагч Асрамжийн газраас ирсэн бүтэн өнчин хүү гэж дууллаа. Тэгэхээр нөгөө хүүд гарын бэлгээ өглөө, асарч хайрлаж яваарай гэж Ш.Лхачинжавдаа захилаа. Дараа нь Ш.Лхачинжаваас танай ангиас тушаал биелүүлэхгүй, зөнгөр нөхөд байна уу гэв. Байхгүй л гэнэ. Тийм асуудал гарвал шууд хэлээрэй л гэлээ. Индэр дээр наргиа болгож энэ мэт яриа өрнүүлж тэдэндээ урам өгнө өө. Хилчид маань тэтгэвэрт гарахдаа орон ч үгүй, хэдэн цоорхой чемодан, цаасан хайрцагтай хогшилтой үлддэг байв. 1993 онд бид Хилийн тухай хууль боловсруулахдаа бодлогоор Заставын таван жилийн нэмэгдэл, тэтгэвэрт гараад 36 сарын тэтгэмж авах заалт оруулсан.
ДОГОЛОН НУЛИМСТАЙ ХИЛИЙН МАНААГАА ШАЛГААД ЯВДАГ БАЙЛАА
-Генералын мөрдсээ хадгалдаг уу, бэлэглэдэг үү?
-Ер нь хадгалдаг. Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан М.Энх-Амар генерал “Ах аа, надад нэг мөрдсээ дурсгаач” гэхэд нь бэлэглэсэн. Бага эгчийн охин Л.Өлзийтөгсийг отгон хүүгээ төрүүлэхэд нь кителиэ мөрдэстэй нь өгсөн түүхтэй. Тээр жил Өлзий маань “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан юм. 1994 онд генерал цол авсны дараахан дүү маань гэрт гэнэт ирэв. Таны тухай хөрөг нийтлэл бичнэ гээд шалж байна. “Тийм юм байхгүй ээ” гээд өгөөгүй юм даг. Хилийн цэргийг удирдах газарт байхад хил дээр янз бүрийн асуудал гарна. Сэтгүүлчид ярилцлага авъя гээд их ирнэ. Тэр болгон өгөхгүй, штаб энэ асуудлыг хариуцдаг гээд чигийг нь зааж өгнө. Тэгэхээр сэтгүүлчид надад их дургүй. Ер нь би урдахаа хийхээс бус, ярих дургүй. Надад өнөөдрийнх шиг ингэтлээ удаан байцаагдаж явсан түүх үгүй.
-Удам залгах хилчин “бэлтгэсэн үү”?
-Хоёр хүүтэй. Бага хүү БНХАУ-ын Лоёонд Батлан хамгаалахын яамны Гадаад хэлний дээд сургууль төгссөн. Тэнд хоёр хүүхэд төгсөж ирсэн. Хүүгээ Өмнөговийн Шивээхүрэн рүү орчуулагчаар томилсон. Харин найзыг нь Буянт-Ухаагийн анги руу орчуулагч, шалгагчаар томилсон. Тэр үед зарим дарга хүүхдүүдээ төв штабт татдаг моод дэлгэрсэн байв. Би үүнийг эвдсэн. Бага хүү Өмнөговьд ажиллаж байгаад Бээжингийн ардын их сургуульд элсэж, магистр цол хамгаалсан. Хилийн цэрэгт ажиллаж байгаад ахмад цолтой халагдсан. Намайг Вьетнамд байхад хүү ярилаа. “Ааваа би халагдлаа” гэх нь тэр. Хошууч цол авах ойртсон байсан тул шалтгааныг нь асуутал “Ёстой хэцүү юм, аав минь. Орсон ч гарсан ч үүдний жижүүрээс авхуулаад Сү жанжин ирлээ, командлагч явж байна, бага Сүндэв гэх нь сэтгэлийн дарамттай юм” гэсэн. Ингээд халагдаад бизнес хийдэг хүн болсон. Одоо ам бүл олуулаа, дөрвөн хүүтэй болсон. Том хүү мөн дунд сургуулиа онц төгсөөд Ленинградад Иргэний нисэхийн академийг улаан дипломтой дүүргэж ирээд МИАТ компанид маркетингийн албаны менежерээс эхлээд дэд захирал хийсэн. Дараа нь Хонконгод консулаар ажиллаж байгаад нутагтаа ирээд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд Ашиглалтын өмнөх захиргааны орлогчоор ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн.
-Хүүхдүүдийнхээ ээжтэй хэрхэн танилцаж байв.
-Дунд сургуулийн дотнын найз Т.Бат-Эрдэнээсээ салдаггүй байв. Бидний гэр ч ойр. Хоёулаа орж гарахдаа ч салдаггүй. Т.Бат-Эрдэнийн дүү охин манай доод анги. Тэндээс л улбаатай эхнэртэйгээ танилцаж байв. Гэрлэсний дараа цалингаа аваад гэргийдээ өгнө. Цолны мөнгөө өөртөө үлдээнэ. Эхнэртээ чи миний цэргийн цолтой гэрлээгүй гээд хэлчихэж байгаа юм чинь. Хилийн цэргээс тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж 10 сая төгрөг авсан минь их л мөнгө шиг санагдаж байсан. Хань минь уржнан өнгөрлөө дөө. Архангайн Өндөр-Улааны хүн байлаа. Хадам аав Дотоод явдлын яамны сургуулийн хамгийн анхны хоёр төгсөгчийн нэг, цагдаагийн хурандаа хүн.
-Нутаг ус, ижий, ааваа дурсаач. Эхээсээ та хэдүүлээ юм бэ?
-Би Архангай Өлзийт сумын хүн. Жил бүр нутгаадаа очдог. Би дээрээ олон ах, эгчтэй. Аав минь намайг таван настайд хатгалгаа өвчнөөр бурхан болсон. Үхэр тэргэн дээр аавын шарилыг ачаад явж байсныг бүүр түүр мэднэ. Ааваас хойш том ах биднийг залж чиглүүлдэг байлаа. Ах Өмнөговьд Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар очиход би тэнд дунд сургуульд сурлаа. Хөвсгөлд явахад нь бас л дагаж очсон сон. Ах минь буцаад хотод ирээд Эрүүлийг хамгаалах яаманд ажилласан. Би ээжийг бурхан болоход хамт байж чадаагүй. 1976 онд Шивээ хүрэнгийн заставын даргаар ажиллаж байсан үе. Ээжийн бие муудсан гэх цахилгаан мэдээ ирж, ангийн захирагчид хэллээ. Ангийн захирагч төв рүү мэдээ бичиж зөвшөөрөл хүссэн юм билээ. Тухайн үед коммунист намын 25 дугаар их хурал хуралдаж байна. Социалист нийгмийн зүүн өмнөд заставын хилийг хамгаалж буй дэслэгч П.Сүндэвт хүчлэн хамгаалалтын дараа чөлөө өг гэсэн хариу Хилийн ба дотоодын цэргийн Штабын дарга, генерал Сангишаравааас ирсэн. Ингээд ээжийгээ сүүлчийн замд нь үдэж өгч чадаагүй. Сэтгэлдээ гунигтай, нүдэндээ доголон нулимстай хилийн манаагаа шалгаад явдаг байлаа. Хожим нь ангийн захирагч болоод миний офицер, ахлагч нарт ямар нэг гачигдал гарахад төв рүү илтгэхгүй, дур мэдээд чөлөө өгчихдөг болсон. Тэд минь доголон нулимстай яваад ажлаа амжуулаад хугацаандаа инээгээд ирдэг сэн.
-Сүндэв гэдэг хэр түгээмэл байдаг вэ. Нэр тань ямар утга учиртайг нь сонирхож байв уу?
-Багад сургуульд байхад хүүхдүүд Сүндэв гэж хэлж чадахгүй, “Түндүү”, “Сүндүү” гээд хачин хачин дуудна. Тэгэхэд нь уур хүрээд ижийд надад яах гэж ийм хачин нэр өгсөн юм гэж хэлэхэд ижий “Миний хүү тэгдэггүй юм, аав нь хайрласан нэр” гэсэн сэн. Хожим Бурханч лам Г.Пүрэвбатаас асуухад “Зарлигийг хэрэгжүүлэгч” гэсэн утгатай хэмээн орчуулж өгч билээ.