Миний их анд нарын нэг Дөнгөтийн Цоодолын зохиол бүтээл, алдар гавьяаны талаар би ярих нь илүүц юм. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолчийг нь дурдахгүйгээр ч Дөнгөтийн Цоодол гэхээр монголчууд мэднэ, гадаадад ч түүнийг мэдэх. Оросууд лав “Товарищ Дунгут” гэдэг хэмээн мань эр хөхөрч суудаг юм. Дуудах овог, нэрийн нэг тиймэрхүү зөрөө орос манай хоёрт бий.
Мань эр угаасаа Юндэн гөөгөө. Халхын нэг ханхар сайхан эр хэрнээ жигтэйхэн уян зөөлөн. Урлагийн гавьяат гээд өгчихөд нэг их гайхаад баймааргүй сайхан дуулна. Уярч уясахдаа нүдэндээ нулимстай.
За тэгээд хошин шогийн торгон сэтгэлгээтэй, ер нь ойр тойрныхноо шоглосон олон онигооны эзэн тэр байдаг бөгөөд үүнийг нь би андахгүй мэдэх юм. “Ардын эрх” сонинд хэлтсийн даргын алба хашиж байхдаа Ц.Балдоржийг “Үүл нүүж цахилгаан бадарсан тал”, намайг “Үер бууж сүр үзүүлсэн газар” гээд онигоонд хийчихэж байгаа юм. Ярьж хэлээд байгаа нь угаас нэг хөгжилтэй, хамт суухад сэтгэл аяндаа тайвшраад ирнэ.
Намайг аспирантурт сурч байхад том охин маань жаахан, миний илгээсэн захиа, хоёр гурван бохийг хүнээс авах гэж яваад таксинд шүргүүлжээ. Гэмтлийн эмнэлэг гээд бөөн юм болсныг эхнэр маань болоод Цоодол, Ганбат гээд хөршийнхөн надаас тас нуужээ. Надад өөр сургуулийн аспирант Монголоос ирэхдээ энэ тухай дуулгаж “Ер нь чи Монгол руу явсан нь дээр” гэж зөвлөв. Миний айж сандарсан гэж жигтэйхэн. Москвагаас гэр лүүгээ утасдтал хариу өгсөнгүй. Эхнэр маань охиныг эмнэлэгт сахиж байжээ. Цоодолынх руу ярьтал өөрөө утсаа авч байна. Мэнд мэдсэн, үгүйгээ мэдэхгүй:
-Жавзан маань яасан бэ? Бие нь…
-Үгүй хө, тэвдээд яах вэ. Цаадах чинь (манай охин эрдүү, мариалаг л даа) такси мөргөөд, машин нь эвдрээд өөрөө зүгээр гэдэг байгаа.
Ийм л юм ярьдаг хүн. Би тэрүүхэндээ тайвширч маргааш нь Монгол руу нисэж билээ…
Цоодол маань М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байсан үе. Долгорын Нямаа, Бажуудайн Ганбат гээд Москвад курс хийж байсан сонин хэвлэлийн удирдах ажилтан арваад хүн Цоодолын урилгаар өрөөнд нь очив. Мань эр дайлж, бидний аваачсан цөөнгүй “морь сарлаг”-ийг хуваан хүртэж нэлээд халцгаасан нь мэдээж. Маргааш өглөө нь Цоодол бид хэд рүү утас цохиж бие ямар байгааг түншив. “Чи өөрөө?” гэтэл “Та нөхөд маань бас ч гэж юм үлдээжээ. Тэрнийг хэрэглээд бие тавираад сайхан л боллоо” гээд тас тас хөхрөв. Тэгэхдээ биднийгээ бодоод орой нь ганзагалаатай ирсэн шиг санагдана.
Ингэсээр манай хүн сургуулиа төгсөөд нутагтаа ирэх цаг дөхөв. Хань Цэвэлмаагийнх нь манай гэргийд ярьснаар бол эхлээд “Гэрийн тавилга авч очно” гэж мэдэгдсэн бололтой. Сургууль төгссөн хүн тиймэрхүү зүйл хилээр авч гарах эрхтэй байсан юм. Сүүл рүүгээ тэр нь буйдан, шүүгээ хоёр болж хувирсан гэнэ. Яг ирэхдээ хэдэн номоо чирээд галт тэрэгнээс буусан байх. Тэгэхдээ толгойдоо олон жилийн эдэлгээтэй ном эрдэм дүүргээд ирсэн нь ямар ч тавилгаас илүү юм чинь. Ер нь Цоодолын зан төлөв, үзэл хандлага нь тэр дээ.
Цоодолын онигоонд өртөөгүй үйл явдал, хүн ховор доо. Харин өөрөө зохиочихоод “Нэг ийм яриа гарчихаж” гэж ярьж суух. Монгол хүн сансарт ниссэн нь улс орныг доргиосон том үйл явдал болов. Мэдээж бэлтгэл ажил гэж он жил дамжсан их зүйл хийсний нэлээдийг МАХН-ын Төв хорооны Үзэл суртлын хэлтэс хариуцсан юм. Сансарт хэн нь нисэхээс эхлээд бүх юм нууц. Бэлтгэж ирүүлсэн зурагт хуудсыг энэ хэлтсийнхэн өөрсдөө үүрч зөөсөн гээд бод доо. Нууц алдахгүй гэж байгаа нь тэр. Цоодол энэ үеэр олон онигоо гаргасны нэг нь Үзэл суртлын хэлтсээс хэн нь сансарт нисэх вэ гэдэг тухайд юм. Эрлэгийн элч ч юм уу удирдлагын зүгээс ч юм уу хүн хүнд санал тавьж гэнэ. Хэлтсийн зөвлөх А.Нямаа гэж нөр туршлагатай, эрхлэх ажил төрлийн заагийг сайн мэддэг, ажил хэрэгч, ном эрдэм сайтай, доктор хүн байв. Танай хэлтсээс хүн сансарт нисгэнэ гэтэл тэрбээр “Хариуцсан хэлтэс нь байхад юу гэсэн үг вэ. Шинжлэх ухаан боловсролын хэлтсээс хүн нисгэ” гээд хавьтуулсангүй гэнэ.
Ингээд лектор Гомбосүрэнг шилжээ. Залуу бас доктор, элдэв дипломат зангүй эрдмийн ажил хөөсөөр энгийн зүйл дээр бага зэрэг будилуу, юмыг тайлбарлах гээд байдаг зантай нэгэн. Мань эр саналыг сонсоод Цоодолын хувилбараар:
-Айлын өндөр орон дээр гарахаар толгой эргээд уначих гээд байдаг юм. Тэгээд ч би будилуу хүн. Буруу товчийг нь дараад цаашаа явчихвал яах юм гэжээ. Энэ мэтээр онигоо үргэлжилж гарна. Дөнгөтийн хүү маань одоо хэр нь онигоогоо зохиосоор уран бүтээлээ завсаргүй туурвин үлгэр болсоор явна. Дөнгөтийн Цоодол маань томоохон уран бүтээлийн дөрвөн боть зохиолоо уншигчдад өргөн барьсан билээ. Тэр нь “Сөгдөж айлтгая” (шүлэг, дууль, найраглалын тэргүүн дэвтэр), “Дуулж дуусдаггүй орчлон” (хүүрнэл зохиолын дэд дэвтэр), “Зуун жилийн уяа” (хөрөг, эсээ, дурсамж, тэмдэглэл, ярилцлагын гутгаар дэвтэр), “Алсаас залсан рашаан” (Орос, Франц, Японы сонгодог зохиолчдын бүтээлийн орчуулга) болой.
Д.Цоодол 1996-2004 онд тоймч, албаны даргаар ажиллаж байв. 2008 онд түүнд Ардын уран зохиолч цол олгосон.
Б.Пүрэвдаш