Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутагт орших 17.6 га газарт шинээр цэвэрлэх байгууламж барьж буй. Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болон холбогдох албаныхан төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн гүйцэтгэлийн явцтай танилцлаа. Засгийн газраас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаар авах арга хэмжээний тухай” 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 311 тоот тогтоол гаргаж, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг баталж, төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барихаар шийдвэрлэсэн.
Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250.000 шоо метр ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Шинээр барих төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг 2020-2023 онд хийж гүйцэтгэнэ. Байгууламжийн туршилт тохируулгын ажлыг 1.6 жил хийнэ. Төслийн хүрээнд 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг хийх бөгөөд бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн байна.
эл байгууламжаас гарсан усыг 6.5 километрийн урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлэх гэнэ. Шинэ цэвэрлэх байгууламжийн лагийн боловсруулалтад дэлхийн тэргүүлэгч технологийг хэрэглэхээр сонгосон талаараа албаныхан танилцуулж байв. Лагаас био хий гарган авах замаар эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний дулааныг ханган цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нөхөх аж.
Төслийн барилга угсралтын ажлын хөрс хуулалт, суурийн газар шорооны ажлыг 2019 оны намар, 2020 оны наймдугаар сард үндсэн байгууламжийн ажлыг эхлүүлсэн. Одоогоор “А” болон “Б” биореакторын барилга угсралтын ажил 40 хувьтай, хоёрдугаар тунгаагуур, лаг өтгөрүүлэгч, захиргаа болон зам гүүрийн барилгын ажлуудыг эхлүүлээд байна. Нийт төслийн барилга угсралтын ажлын явц 28 хувьтай байгаа аж. Төслийн талбайд гадаадын 50, манай 450 инженер, техникийн ажилчид бий гэнэ.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп” компани, ажлын нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” гүйцэтгэж буй. Төслийн нийт төсөвт өртөг 262.7 сая ам.доллар ба 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ, таван хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс хариуцах аж.