2006 оны хоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл удаа дараа мал хулгайлж байсан хүмүүсийг ЭЦГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлжээ. Тэднийг өдгөө УМБГ-т шалгаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр тэд Төв аймгийн Баянхангай, Баянцогт, Баян-Уул, Угтаалцайдам зэрэг сум, мөн нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутгаас 100 гаруй мал хулгайлжээ. Энэ хэргийг Төв аймгийн Баянцогт сумын харьяат Л, Угтаалцайдам сумын иргэн Б, мөн Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Б нар бүлэглэн үйлддэг байжээ. Гэмт этгээдүүд “буруу гараар” олж авсан бод малаа “Хүчит шонхор” захад худалддаг байсан төдийгүй хулгайн мал, махыг нь борлуулдаг хүнтэй байсныг ч цагдаагийнхан тогтоон шалгаж байгаа гэнэ. Тэднийг Хэнтий аймгийн нутгаас мал хулгайлсан байж болзошгүй гэж үзээд шалгалт хийх болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Г.ОРЧЛОН