Монголчууд сар шинийн баяраа ахмад настнаа дээдэлж, хүндэтгэдэг үндсэн утгаар нь тэмдэглэдэг болжээ. Өмнөх жилүүдэд сар шинийн баярын үеэр ноцтой, хүн амины гэмт хэрэг гарч олныг хэрдхийлгэж, эрүүлжүүлэх байранд сар шинээ угтдаг хүмүүсийн тоо ч олон байсан. Харин энэ жилийн цагаан сарын битүүнд улсын хэмжээнд 28 гэмт хэрэг гарч 80 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ. Шинийн нэгэн буюу энэ сарын 14-нд 36 гэмт хэрэг гарсан нь ердийн өдрүүдийнхтэй харьцуу лахад гарсан гэмт хэргийн тоо буурчээ. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, биеэ авч явах чадваргүй болсон 117 хүн эрүүлжүүлэгдсэн нь мөн л ердийн өдрүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ сарын 15-ны даваа гаригт эрүүгийн 26 хэрэг гарч 133 хүн эрүүлжүүлэгдсэн бол шинийн 2 буюу өнгөрсөн мягмар гаригт 37 гэмт хэрэг бүртгэгдэж 128 хүн Эрүүлжүүлэх байранд хоножээ.