Монголчууд сар шинийн баяраа соёлтой тэмдэглэдэг болж байна гэхэд болохоор. Өмнөх жилүүдэд сар шинийн баярын үеэр ноцтой, хүн амины гэмт хэрэг нэлээд гарч олныг хэрдхийлгэж байсан тохиолдол бий. Мөн Эрүүлжүүлэх байранд сар шинээ гаргадаг хүмүүсийн тоо ч олон байсан.
Харин энэ жилийн цагаан сарын битүүнд улсын хэмжээнд 28 гэмт хэрэг гарч 80 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ. Шинийн нэгэн буюу энэ сарын 14-нд 36 гэмт хэрэг гарсан нь ердийн өдрүүдийнхтэй харьцуулахад гарсан гэмт хэргийн тоо буурчээ. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, биеэ авч явах чадваргүй болсон 117 хүн эрүүлжүүлэгдсэн нь мөн л ердийн өдрүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Энэ сарын 15-ны даваа гаригт эрүүгийн 26 хэрэг гарч 133 хүн эрүүлжүүлэгдсэн бол шинийн 2 буюу өнгөрсөн мягмар гаригт 37 гэмт хэрэг бүртгэгдэж 128 хүн Эрүүлжүүлэх байранд хоножээ.
Баярын үеэр онц ноцтой гэмт хэрэг гараагүй аж. Гэхдээ осол, золгүй тохиолдлоор цөөнгүй хүн амиа алдаж, гэмтэж, бэртсэн байна. Бар жилийн сар шинийн өдрүүдэд зам тээврийн осол өмнөх жилүүдийн баяраас харьцангуй олон гарлаа гэдгийг цагдаагийн байгууллагын ажилтнууд онцолж байлаа.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт “RVR” маркийн автомашин онхолдож, гурван хүн гэмтсэн бол Төв аймгийн нутагт гурван машин мөргөлдөж, жолооч зорчигч нь гэмтжээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн төвд энэ сарын 16-ны 18.00 цагийн үед Орхон аймгийн иргэн И “УАЗ Фургон” маркийн автомашинаараа явган зорчигч П-г дайрч амь насыг нь хохироосон байна. Зам тээврийн ийм ноцтой осол олон гарсан бол золгүйгээр амиа алдсан хүн цөөнгүй. Тэдний дунд хүүхэд ч байгаа юм.
Тухайлбал, Дундговь аймгийн Луус сумаас урагш 10 км газарт өвөлжиж байсан иргэн Н-ийн гэр энэ сарын 13-нд буюу битүүнд шатаж 10 настай охин нь галд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Мөн Орхон аймагт машинаа халааж байсан залуу тээврийн хэрэгсэлд нь гал гарсны улмаас угаартаж нас барав. Харин сар шинийн баярын үеэр гарсан нийт хэргийн 50 орчим хувийг хулгай эзэлжээ. Гэр орноо харах хүнгүй орхисноос, эсвэл иргэдийн хайхрамжгүйгээс урт гартнууд эд зүйлсийг нь тоносон байна.