Хамгийн эртний дархан цаазат Богдхан уулын бүс нутгийн өнөөгийн байдалд МХЕГ-аас шалгалт хийснээ саяхан танилцуулав. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байгууллага аж ахуйн нэгж, иргэнд газар олгосон байдал, байгаль орчны, барилгын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан аж. Богдхан уулын Түргэн, Жаргалант, Нүхт, Богино, Зайсан, Бага тэнгэр, Залаат, Хүрхрээ, Чулуут, Бумбат, Төр хурах, Шажин хурахын аманд 391 иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах зөвшөөрөл олгожээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан байдаг. Энэ хуульд заасны дагуу 391 аж ахуйн нэгж, иргэн, аялал жуулчлалын зориулалтын газар ашиглах зөвшөөрөл авсан байна. Гэтэл энэ олон байгууллагын ердөө 35 нь л тухайн зөвшөөрлийнхөө дагуу газрыг ашиглаж байгаа юм байна.
Тусгай зөвшөөрөл зохих журмын дагуу атлаа зориулалтыг нь өөрчилсөн асуудал нэлээд байгаа аж. Тэр дундаа зөвшөөрлийнхөө зориулалтыг өөрчилж орон сууц барьсан, барилга угсралтын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 32 аж ахуйн нэгж байгууллага байжээ. Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд 2004 оноос хойш аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авчихаад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин зориулалтыг нь өөрчлөн орон сууцны барилга барьж, улмаар иргэдэд үл хөдлөх хөрөнгө болгож худалдах явдал нэлээд байгаа юм.
Уг нь бол Богдхан уулын дархан цаазат Зайсангийн амыг 2015 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Байгаль орчин, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайд хамтран 2003 онд баталсан юм байна. Энэ төлөвлөгөөний дагуу аялал жуулчлал, амралт зугаалга, судалгаа шинжилгээ, цэцэрлэгт хүрээлэн, спорт үйлчилгээний бүстэй байхаар тусгажээ. Гэвч ерөнхий төлөвлөгөөний дагуу дагалдах төлөвлөгөөг боловсруулаагүйгээс тэнд замбараагүй газар олгож, тусгай зөвшөөрлөө ашиглан орон сууц барьж байгаа аж. Зайсангийн аманд ийнхүү төлөвлөлтгүйгээр, Туул голын хамгаалалтын бүсэд замбараагүй газар олгосноос голын голдирлын сайр, уулын үерийн амыг хааж хашаа байшин орон сууц барьсан байна. Ингэснээр өнгөрсөн зуны үерээс болж автозам, гүүр эвдэрч байшин барилга усанд автсан, зарим айл хашаандаа худаг гаргасан, бохир усаа агуулах нүх, цооног гаргасан байна.
Хамгийн ноцтой нь дээр өгүүлсөн ерөнхий төлөвлөгөөг зөрчин 2008 он хүртэл ажиллаж байсан Байгаль орчны сайд болох У.Барсболд, И.Эрдэнэбаатар, Г.Шийлэгдамба нар мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагыг биелүүлэлгүй зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, иргэнд олгосоор байжээ. 2003 онд баталсан гурван сайдын хамтарсан тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга батлахаар заасан байжээ. Энэ давуу байдлыг тухайн үед ажиллаж байсан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Адъяа албан тушаалаа урвуулан ашиглаж, хэд хэдэн компанид олгосон байна. Тэрбээр “Дабу”, “Сарнайх”, “Анома” компанийн удирдлагад аялал жуулчлалын цогцолбор байгуулах нэрээр орон сууцны барилга барихыг ерөнхий төлөвлөгөөндөө тусгасан байсныг мэдсээр байж зөвшөөрөл олгожээ.
Ийнхүү газар ашиглах зөвшөөрлөө орон сууцны барилга болгосон “Дабу”, “Сарнайх”, “Анома”, “Мапекс”, “Эфмакс”, “Бөхбат”, “Сипоко”, “Мфикс”, “Мантууш” компани орон сууц барьсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн байна. Уг хуульд “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглаж болно. Түүнээс бусад зориулалтаар барилга байгууламж барихыг хориглоно” гэж заажээ. Түүнчлэн Зайсангийн аманд 152 аж ахуйн нэгжид нэг дор төвлөрүүлэн аялал жуулчлалын зориулалтаар ямар ч төлөвлөлтгүйгээр газар олгосон нь жуулчны баазын стандарт болох хоорондоо 10 км-ийн зайтай байх заалтыг зөрчсөн гэж МХЕГ-ын байцаагчид дүгнэж байгаа юм. Тэдгээр компани орон сууцаа 2004, 2007 оноос барьж ашиглалтад оруулсан бөгөөд ихэнхийг нь улсын комисс хүлээн аваагүй байгаа аж. Зайсангийн аманд баригдсан орон сууцны таван байшинг улсын комисс хүлээн авсан юм байна.
Энэ орон сууцныхантай барьцан зарим иргэд гэр хашаа байшин барьж, тэнд оршин сууж буй айл өрхийн тоог 400 гаруй болгосон байна. Түүний зэрэгцээ түүхийн дурсгалт газар болох Зайсан толгойн хөшөөний бэл болон Зайсан голын сав газарт газар олгож байгаа нь экосистемийг алдагдуулахын зэрэгцээ Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг ч зөрчиж байгаа юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчин орон сууцны барилга барьсан аж ахуйн нэгжид экологид учруулсан нөхөн төлбөрийг нь төлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авах, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй БОЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцох талаар МХЕГ-ын байцаагч нар дүгнэлт гаргажээ.
Харин БОЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын дарга А.Намхай “МХЕГаас хийсэн шалгалт үр дүнтэй боллоо. Богдхан ууланд газар ашигласны төлбөр гэж улсын төсөвт 500 гаруй сая төгрөг ордог. Зориулалт өөрчилж байгаа асуудалтай Богдхан уулын хамгаалалтын захиргааныхан тэмцдэг ч хүчин мөхөсдөөд байна. Тэнд хууль зөрчин барьсан барилгыг буулгана гэдэг бол бараг боломжгүй” гэв. Зайсан толгойн бэлд олон жил амьдарч буй иргэдтэй уулзахад “Энд барилга барьж буй компанийнхантай тэмцээд жирийн иргэд мань мэт нь дийлэхгүй юм билээ. Ард нь дандаа улс төр, бизнесийн томчууд байдаг. Хаанахын хэнийх нь тодорхойгүй компаниуд 2004 оноос эхэлж энд газар авсан.
Энэ “Зайсан” цогцолборыг “Сарнайх” гэдэг компанийн захирал Ү.Сарнай гэгч эмэгтэй 2004 оноос бариулсан. Анх энд барилга барихад ХААИС-ийн оюутнуудтай хамтран бид тэмцсэн ч хүчрэлгүй, энэ хорооллыг бариулчихаад байна. Тэр хотхоны Болороо гэдэг захиралтай “Мантууш” гэдэг компани замын хоёр талд “Сөүл-1”, “Сөүл- 2” гэсэн орон сууцны хороолол барьчихлаа. Тэдний зэргэлдээ Т.Ганбат захиралтай “Анома” гэдэг компани маш том газар жуулчны баазын зориулалтаар авчихаад одоо болохоор дандаа орон сууц барьж байна. Тэдний урд, Хүүхдийн хорих ангитай зэрэгцээд “Жигүүр гранд” бас хотхон барьсан. Нэгэнт барьчихсан хорооллыг төр засаг ч, иргэд ч хүчээр нурааж дийлэхгүй нь ойлгомжтой. Тиймээс одоо холбогдох яам, газар нь Богд хан уулын тусгай хамгаалалтын бүсийг шинээр тогтоож, уулын бэлээр, модны захаар хамгаалалтын хилийг тогтоомоор байна” гэлээ.