Дэлхийн хамгийн том хакерчдын нэг Макс Рэй Батлерийг энэ долоо хоногт шүүн, 13 жилийн ял оноолоо. Урьд өмнө ийм хүнд ял авч байсан хакер үгүй билээ. Макс Рэй Вижн , Iceman гэсэн нууц нэрээр ажиллан, банкны дотоод сүлжээнд нэвтрэн, кредит картны нууц дугаар хулгайлдаг байсан тэрбээр шоронд суугаад зогсохгүй хохирогчдод 27.5 сая доллар төлөх ажээ. Түүний гэрийн компьютерүүдэд 1.8 сая кредит картны дугаар байсан бөгөөд 1.1 саяыг нь тэрбээр гардан хулгайлсан байх магадлал өндөр гэнэ. Алдсан картаа сэргээхэд 25 доллар төлдөг тул шүүх 1.1 саяыг 25-аар үржүүлээд л 27.5 сая долларын төлбөр тогтоожээ. Батлерийг 2007 онд баривчилсан бөгөөд түүнийг 60 жилийн ялаар шийтгэх байх хэмээн мэргэжилтнүүд үзэж байв. Гэвч тэрбээр буруугаа хүлээснээс гадна мөнгө олох зорилготой хийгээгүйг нь өмгөөлөгч нар баталж чадсан юм.
Америкийн зах зээлд ажиллаж, ашиг олж чадаагүй Бартер Орос, Украины банкийг “торгож” эхэлхээр шийджээ. Орос хэлний мэдлэг хэрэгтэй болсон тул Цэцэндэлгэрийн Цэнгэлцэцэг хэмээх монгол орчуулагч хөлсөлж авсан байна. Өрсөлдөгч нараа устгаснаар нууц картны зах зээлийг эзэлж, үүндээ эрэмшиж явсаар Бастер ФБР-ын анхааралд өртсөн. Хамтран зүтгэгч нар нь түүнийг барьж өгснөөр 2007 оны есдүгээр сард Батлерийг баривчилсан билээ. Орчуулагч Ц.Цэнгэлцэцэгийг ч байцаасан боловч манай хүн жирийн орчуулагч байсан нь тогтоогдон гэм зэмгүй мултарсан байна.
М.Сугар-Эрдэнэ "Өнөөдөр" сонин