Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд 10 нэр дэвшигч өрсөлдөж, ард түмнийг санал хураалтад идэвхтэй оролцуулах гэж урьдчилан санал өгөх боломжийг ч бүрдүүлэв. М.Горбачевийн өөрчлөн байгуулалтын үеэр тодрон гарч ирсэн Александр Лукашенко сүүлийн 17 жил төр барьж байгаа нь Зөвлөлтийн үед Л.Брежневийн тогтоосон амжилтыг эвдэх нь. Гэхдээ тэр дөрөв дэх удаагаа сонгогдвол шүү дээ.
Өнгөрч буй 2010 он түүний хувьд амаргүй жил байв. “А.Лукашенко бол ардчилал, даяарчлалаас айсан нийгмийн хариу үйлдэл” хэмээн түүнийг цоллон, Беларусьт сүүлийн хэдэн жилийн хугацаанд амь үрэгдсэн, сураггүй болсон сөрөг хүчний намын төлөөлөгчид болон сэтгүүлчдийн асуудлыг Кремль сөхсөнөөр байгалийн хийгээр тэтгэдэг байсан ОХУ-тай Беларусь муудалцаж амжив.
Барууны хэвлэлүүд ч энэ тал дээр шүүмжлэлтэй хандсан. Түүнээс гадна өдий олон жил өөрийг нь дэмжиж ирсэн ард түмний дунд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн нь хамгийн ноцтой байлаа. Он гарахаас өмнө амжиж зохион байгуулсан эл сонгуульд А.Лукашенко ялалт байгуулна хэмээн ажиглагчид таамаглаж буй юм. Олон улсын байгууллага, социологчдын хийсэн судалгаагаар тус улсын гурван иргэний нэг нь А.Лукашенког дэмждэгийг тогтоосон.
Сөрөг хүчнийхэн болон бие даан нэр дэвшигчид сонгууль будлиантай болж байгааг анхааруулж эхэлсэн бөгөөд үүнийг батлах гэсэн шиг сөрөг хүчнийхнийг дэмжигчдийг зөвхөн Минскт ч бус өөр хотуудад мөн баривчлав. “Национальный контроль”, “Молодой фронт” зэрэг хөдөлгөөний толгойлогчдыг үндэслэлгүйгээр саатуулсан нь эрх баригчийн хийж буй ажил хэмээн тэд үзэж байна
. Зургаан нэр дэвшигч энэ явдлыг эсэргүүцэн цуглаан зохион байгуулахыг уриалсан нь А.Лукашенкогийн шударга болно гэж зарласан сонгуулийг сүүдэртүүлэв. Сонгуулийн дүнг маргааш албан ёсоор зарлана.
Х.ОДОНЧИМЭГ