Франц улсад 2012 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Николя Саркози “Ардын хөдөлгөөний төлөөх нам”-аас нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэнийг АР уламжиллаа. Тус улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа сонгогдохыг зөвшөөрдөг.
Татварын шинэчлэлийн хуулийг баталснаас болж нэр хүнд нь нэлээд буурсан Ерөнхийлөгч албан тушаалдаа үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа “France-Presse”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. 2007 онд Төрийн тэргүүнээр сонгогдсон тэрбээр ирэх сонгуульд оролцох эсэхээ өмнө нь мэдэгдэж байгаагүй бөгөөд түүгээр ч барахгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусахыг тэсэн ядан хүлээж буйгаа тоглоом шоглоомоор хэлж байсан билээ.
Нөгөө талаас өнгөрсөн сонгуульд өрсөлдөж байсан Сеголен Руаяль 2012 онд нэрээ дахин дэвшүүлэх нь тодорхой болов. Байгаль орчны сайдын алба хашиж байсан энэ бүсгүйг улстөрчийнх нь хувьд францчууд өндөр үнэлдэг бөгөөд одоогийн байдлаар Николя Саркозигийн хүчтэй өрсөлдөгч болно хэмээн ажиглагчид таамаглаж байна.
Коммунист намын гишүүн тэрбээр бүр 12 настайгаасаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнд оролцож байсан аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил одооноос эхэлж, улстөрчид нэрээ дэвшүүлэхээ мэдэгдэж эхэлсэн нь уг сонгууль нэлээд ширүүн өрсөлдөөнтэй болох нь гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа тухай тоймчид онцолж байгаа юм.
Х.ОДНОО