АНУ-ын дипломатчидын хоорондоо бичсэн захидал, цахилгааныг “WikiLeaks” сайт олны хүртээл болгосны дараа таагүйгээр хэлүүлсэн Төрийн тэргүүн нар мэдэгдэл хийж эхэллээ. Гитлертэй зүйрлүүлсэн Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад уг дуулианыг америкчууд өөрсдөө санаачилсан хэмээн мэдэгдсэн бол Казахстанд айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун олон улсын байгууллагын ажилтнуудыг тагнасан тухай мэдээлэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр “Хүнийг ар хударгаар нь ажиглаж тагнаж байгаа нь хэнд ч таалагдахгүй нь ойлгомжтой. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол АНУ-ын тусгай албаныхан НҮБ-ын бүрэн эрхт байдалд халдаж буй хэрэг. НҮБ-ын гишүүн орнууд бие биенээ хүндлэх зарчимд тулгуурлан олон улсын гэрээ хэлэлцээрт заасан ёсоор ажилладаг” хэмээн “Free Europe” радиод өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
“WikiLeaks” сайтад нийтэлсэн баримт бичгүүдийн дотор НҮБ-ын ажилтнуудын үйл ажиллагааг хянаж, энэ талаар илтгэж байхыг хүссэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны цахилгаан багтсан байжээ.