АНУ-ын Висконсин мужийн Маринетт хотын сургуульд ахлах ангийн гар буугаар зэвсэглэсэн сурагч 16.00 цагт сургууль руу дайран орж 23 хүүхэд, нэг багш барьцаалжээ. Хамгаалалтын албаныхан цагдаа, гал сөнөөгчдийг дуудан, барьцаалагдсан хүүхдүүдийн эцэг эхэд болсон явдлын талаар мэдэгдсэн байна.
Хууль сахиулах албаныхан ангид барьцаалагдсан багштай утсаар ярьсны эцэст есөн сурагчийг сулласан бөгөөд таван цагийн дараа үлдсэнийг нь тавьж явуулсан аж. Цагдаа нар сургууль руу дайран орох үед гэмт этгээд өөрийгөө бууджээ. Суллагдсан сурагчид бэртэж гэмтээгүй бөгөөд харин сэтгэл санааны хямралд орж, айсан байсан гэнэ.
Чухам ямар шалтгаанаар хүү сурагчдыг барьцаалснаа тайлбарлаагүй ч тэрбээр сэтгэл санааны дарамтад орсон байдалтай байсан гэж ангид байсан багш ярьжээ. Түүнчлэн тэрбээр ямар нэг болзол, шаардлага ч тавиагүй аж. Одоогийн байдлаар цагдаа нар гэмт этгээдийн ар гэрийнхэнтэй холбоо тогтоож, болсон явдлын талаар тодруулахаар ажиллаж байгаа юм.
Х.ОДНОО