Мексик улсын нийслэл Мехико хотын захиргаа байгалийн хийгээр (CNG) ажилладаг 30 шинэ Хьюндай фирмийн автобус эхний ээлжинд нийтийн тээврийн шугаманд нэвтрүүлснээ зарлалаа. Тус хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд анх удаа хийгдсэн “Eco City Bus Vanguard” хэмээх шинэ автобуснууд Латин Америкийн бусад оронд үлгэр дууриал болох болно гэж хотын захиргаа үзэж байгаа юм.
Солонгосын Хьюндай фирмийн 290 м/хүчтэй, 91 хүний суудалтай, 11 метр урт Aerocity автобуснууд нь Мехико хотын далайн төвшнөөс дээш 2240 метрийн өндөрт оршдог газар зүйн байрлалд тохируулан үйлдвэрлэжээ. (Улаанбаатар хот далайн төвшнөөс дээш 1500м) Евро 5 стандартыг хангасан хөдөлгүүртэй шинэ CNG автобуснууд нь дизель автобустай харьцуулбал хорт хийн ялгаруулалтыг 100%, үүний дотор нүүрс хүчлийн дан ислийг 99.98%, азотын ислийг 50%, нүүрстөрөгчийг 11.5% бага ялгаруулдаг байна.
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой хотын нэг байсан Мехико хот сүүлийн хэдэн жилийн дотор засгийн газраас явуулсан автомашин, нийтийн тээврийг шинэчлэх бодлогын ачаар агаарын бохирдлыг 1990 оноос хойш 95% бууруулж чадсан байна. 1991 онд тус хотын агаарын бохирдол хамгийн дээд хэмжээндээ хүрч, жилд 100 мянган хүүхэд нас барж, 250 мянган хүн нүдний өвчнөөр өвчилж, дундаж наслалт 10 хүртэл жилээр буурч байжээ.
Нийтийн тээврийн паркыг шинэчлэхэд эхний ээлжинд 101 сая песогийн (8.2 сая ам.доллар) хөрөнгө оруулалт хийжээ.