Нууц баримтыг нийтэд дэлгэдэг “Wikileaks” сайт улс орнуудад суугаа АНУ-ын дипломатчдын 250 мянган захидал, цахилгааныг нийтэллээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн олон оронд суугаа Америкийн төлөөлөгчид олон улсын харилцаа, улстөрчдийн араншин, цөмийн хөтөлбөр, дайн, авлигын талаар бичилцэж байсан нь ийнхүү олны хүртээл боллоо.
Олон улсын харилцаанд ноцтой хагарал үүсгэж магадгүй гэгдэж буй энэ мэдээллүүд “El Pais”, “Le Monde”, “Der Spiegel”, “The Guardian”, “The New York Times” сонинуудын сайтад ч мөн нийтлэгджээ. Саудын Араб Иранд агаарын цохилт өгөхийг гуйсан, Америкийн тусгай албаныхан НҮБ-ын төлөөлөгчдийг мөрдөн тагнасан гэх мэтийн мэдээллүүдээс гадна ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ-д хамаатай олон асуудлыг захидлуудад хөндсөн байна.
Түүнчлэн Оросын Ерөнхий сайд В.Пу тинийг Силь вио Берлусконитой, Махмуд Ахме ди на жадыг А.Гитлертэй тус тус харьцуулан Хамид Карзайг гажигтай хэмээн “цоллосон” байжээ. Францын Ерөнхийлөгч Николя Саркозиг “Эрх мэдэлд дуртай, хөнгөмсөг” гэсэн бол ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг “Сэтгэлгээ султай, хэтэрхий зарчимч” гэж дүгнэсэн аж. Ирак, Афганистаны дайны талаарх баримтаас ч илүү шуугиан дэгдээсэн эдгээр материалыг нийтэлснээрээ “Wikileaks” сайтын хан болон үндэслэгч Жулиан Ассанж эрсдэлтэй алхам хийж, амь насаараа дэнчин тавьж байна хэмээн ажиглагчид үзэж буй юм.
Алдагдсан баримтуудыг нийтэд дэлгэнэ гэсэн сургаар Цагаан ордон хамтрагчдадаа энэ талаар анхааруулж, сайтынхныг хулгайлсан материалуудаа эргүүлж өгөхийг шаардсан ч олон талт асуудлыг хөндсөн ноцтой захидлууд улс орны удирдагчдыг цохилтод оруулна гэх таамаглал ч газар авлаа. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс “Бодлогог үй алхам хийсэн “WikiLeaks” АНУ-тай хамтарч ажилладаг хүмүүс, тагнуулчид, дипломатчдын амь насанд аюул учрууллаа.
Дээрх мэдээллийг ний тэлснээрээ тэд мэдээллийн тер ро ризм үйлдэж, АНУ-ын нэр хүнд, байр суурийг доош нь хийхийг зорьж байна” хэмээн мэдэгдэв. Захидлуудыг нийтлэх сургаар буюу өнгөрсөн ням гаригийн орой сайт ч амласан ёсоороо мэдээллээ тавьсны дараа хакеруудын DDoS цохилтод өртөж хаагдсан. Австрали улсын хууль сахиулагчид Жулиан Ассанж болон түүний хамтрагчдыг шалгаж, хууль бус аргаар мэдээллийг олсон бол хариуцлага хүлээлгэхээ мэдэгдлээ.