Молдавт 2009 оноос үргэлжилж буй улс төрийн хямралд цэг тавих парламентын сонгууль өчигдөр боллоо. Тус улсын Үндсэн хуульд зааснаар Парламентын шинэ бүрэлдэхүүн Төрийн тэргүүнийг томилох юм. 2009 оны дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуульд Коммунист нам ялалт байгуулсан нь одоог хүртэл үргэлжилж буй хямралын эхийг тавьсан.
Сонгуулийн дүнг эсэргүүцсэн хүмүүс төрийн ордон руугаа дайран орж үймээн дэгдээж, сөрөг хүчний намынхны шахалтаар Парламент таржээ. Мөн оны зургадугаар сард санал хураалт явуулж, Парламентын одоогийн бүрэлдэхүүнийг сонгосон ч удалгүй тарсан.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Михей Гимпу урьдчилсан санал хураалтаар Парламентаа бүрдүүлэхийг өнгөрсөн аравдугаар сард үүрэг болгосон аж. Энэ удаагийн сонгуульд улс төрийн 20 нам, бие даасан 19 нэр дэвшигч оролцсон байна. Сонгуулийн саналын хуудас нь нэг метр орчим урттай байсан нь нэр дэвшигчид өмнөх сонгуулийнхаас хоёр дахин их байсантай холбоотой.
Молдавын 2.7 сая иргэн саналаа өгсөн бөгөөд Комммунист нам, Либерал ардчилсан нам, Ардчилсан нам, Либерал намууд парламентын бүрэлдэхүүнд орох магадлал өндөр байгаа гэнэ. Олон улсын байгууллагууд болон бусад орны 2300 төлөөлөгч санал хураалтын явцыг хянасан байна. Санал хураалт дуусаж, тоолж эхэлсэн бөгөөд нэгдсэн дүнг маргааш зарлана.
Х.ОДНОО