БНАСУ-ын их буучид БНСУ-тай хилийн дагуух Ёнподу арал руу 200 удаа буудсан тухай АР мэдээллээ. Өмнөд Солонгосын цэргүүд хариу гал нээж, арал руу F-16 сөнөөгч онгоц илгээн, улсын хэмжээнд иргэний дээд хэмжээний онц байдал зарласан байна.
БНСУ-ын Засгийн газар яаралтай хуралдаан зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг Шар тэнгис дэхь цэргийн хүчнийхэнд үүрэг болгоод байгаа аж. Сөүлийн зүгээс гал нээсэн шалтгаанаа улс орныг хамгаалах зайлшгүй үйлдэл хэмээн тайлбарлаад галаа зогсоохыг шаарджээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр Өмнөд солонгосын дөрвөн цэрэг буудалцааны үеэр амиа алдсан бөгөөд 70 гаруй барилга байшин шатжээ. Тус улсын Засгийн газар арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ ч авч байна. Инчоноос холгүй орших уг арал дээр 1.3 мянган хүн амьдардаг. Хилийн асуудлаас болж үе үе маргалддаг хоёр Солонгос өнгөрсөн нэг, наймдугаар сард Шар тэнгис дэхь хилийн зурвасаас болж гал нээж байв.
1950-1953 оны Солонгосын дайны дараа тогтоосон далайн хилийн зурвасыг хоёр улс 2008 онд хамтарч ажиллах бүс болгосон юм. Энэ оны гуравдугаар сард Шар тэнгист живсэн БНСУ-ын хөлөг онгоцоос болж хоёр улсын харилцаанд зөрчилдөөн үүссэн бөгөөд уг хөлгийг Умард Солонгосын цэргүүд бөмбөгдөж живүүлсэн хэмээн ажиглагчид таамаглаж байсан.
Өнгөрсөн долоо хоногт уран баяжуулах шинэ үйлдвэрээ АНУ-ын төлөөлөгчдөд танилцуулсан БНАСАУ “Энэ сүүлчийн цохилт биш” хэмээн мэдэгдсэн тухай хэвлэдүүдэд бичжээ.