Судан улсын өмнөд хэсгийг захирдаг Чөлөөлөх хөдөлгөөнөөс зохион байгуулж байгаа бүх нийтийн санал асуулгын бүртгэлийн явцыг будлиантай болж байна хэмээн тус улсын Үндэсний конгресс үзэж байна. Ирэх оны нэгдүгээр сард болох уг санал асуулгын дүнд тус улсын өмнөд хэсгийн оршин суугчид Хартумаас салан тусгаарлах уу, эсвэл хойд хэсгийн мужуудтайгаа хамт нэгдсэн улсын бүрэлдэхүүнд орох уу гэдгээ шийдэх юм.
Умард, өмнөдөөрөө хуваагдаж олон жил дайтсан суданчууд уг санал асуулгыг “түүхэн” хэмээн онцолж байгаа аж. Сүүлийн хорин жилийн турш үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнд хоёр сая гаруй хүнээ алдсан ард түмэн уг санал асуулгыг тэсэн ядан хүлээж байгаа юм. Хэдэн саяар тоологдох дүрвэгсэд, олон зэвсэгт бүлэглэл, Египет улстай хиллэсэн газар нутгийн маргаан зэрэг асуудлыг шийдвэрлэхэд юуны өмнө тусгаар тогтнол хэрэгтэй хэмээн өмнөдийнхөн үзэж байна.
Харин газар нутгаа таллан хуваахыг хүсэхгүй байгаа Үндэсний конгресс санал асуулгыг эсэргүүцэж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан. “Чөлөөлөх хөдөлгөөнийхөн ард түмэнд шахалт үзүүлж хүчээр бүртгэлд хамруулж байна. Энэ явдлаа таслан зогсоохгүй бол санал асуулгын дүнг хүчингүйд тооцно” хэмээн тэд мэдэгджээ.
Х.ОДОНЧИМЭГ