Мадагаскарт төрийн эргэлт хийж, цэргийн Засгийн газар байгуулсан хэмээн зарласан офицеруудын хуаран руу салаа цэрэг дайран орж, босогчдыг баривчилжээ. Одоо эрх барьж буй Эндрю Ражоэлиний бүрэн эрхийн хугацааг сунгах шийдвэрийг тэд эсэргүүцсэн юм.
“EuroNews” агентлагийн мэдээлж буйгаар бослого гаргасан офицерууд хэсэг буудалцсаны дараа бууж өгсөн аж. Өнгөрөгч лхагва гаригт цэргийн өндөр албан тушаалтнууд болон офицерууд нэгдэж төрийн эрхийг гартаа авсан тухайгаа зарласан билээ. Тус улсын Засгийн газар сөрөг хүчний намын захиалгаар үймээн дэгдээж байна хэмээн мэдэгдэж байсан.
Сөрөг хүчнийхэн харин энэ тухай няцааж, офицеруудын бослогод ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдэв. Үймээнийг зохион байгуулсан гэгдэх таван хүнд хэрэг хүлээлгэхээ Засгийн газраас хийсэн мэдэгдэлд дурдсан аж.
Х.ОДОНЧИМЭГ