Коронавирус гарсантай холбоотойгоор энэ жил оюутнууд цахим хичээл үзэж, шуудангаар дипломоо авах болсон. Харин энэ шийдвэрт оюутнууд сэтгэл дундуур байгаа аж. Тухайлбал, Манай улс хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргаж байна, бүхэл бүтэн дөрвөн жил, зургаан жил сурсан мэдсэнээ цахимаар шалгуулах гэж байдаг, бидний хичээл зүтгэлийг хөсөр хаяж байна гэх мэт шүүмжлэлүүд цахим орчинд хөвөрсөөр.
Багш нарын зүгээс бид ч бас төгссөн сургуулиасаа шуудангаар дипломоо хүлээн авч байсан. Хүүхэд нэг бүртэй цахимаар тулж ажиллаж чадахгүй ч даалгавраа тогтмол оруулж, ирцээ бүртгэж, дүнгээ харамгүй тавьсан. Манай оюутнууд хэтэрхий цахим, карантенаар далимдуулах гээд байна гэсэн асуудлыг ярьж байсан. Энэ мэт оюутнууд энэ жил нилээд дуулиан шуугиантайгаар төгсөж байна.
Үнэндээ төгсөлтийн хувцсаа өмсөөд индэр дээрээс зарлуулан дипломоо авахыг хэн хүсэхгүй байх билээ. Гэвч улс даяараа тогтоосон хөл хориог ганц оюутнуудын төгсөлтийн баяр хийх гээд зөрчих аргагүй. Гэсэн хэдий ч оюутнуудын санал сэтгэгдлийг сонсох үүднээс зарим оюутнаас цахим тодруулга хийлээ.
Аав ээж минь сургуулиа төгсөхөд хонхны баяр дээр чинь очно гэж хүлээж байсан
МУИС – ийн оюутан М : Хонхны баяраа хийгээд, дипломоо авсан бол сайхан л даа. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн гаргасан журмаа дагаж мөрдөж байна. Харин зарим оюутан сургуулийн шийдвэр гэж ойлгоод байна. Цар тахлын үед олон хүн цуглуулж болохгүй гэсэн журам гаргасан шүү дээ .
МУБИС – ын оюутан Ю : Аав ээж минь сургуулиа төгсөхөд чинь хонхны баяр дээр чинь очно гээд хүлээж байсан. Аав ээждээ сургуулиа төгсөж байгаагаа харуулах гэсэн ч "Ковид-19"-с болоод төгсөлтийн баяр хийхгүй болсон. Зарим сургуулиуд найман сард цаг үеийн байдал намжвал төгсөлтийн баярыг нөхөж зохион байгуулахаар шийдвэрлэж байгаа юм билээ. Манай сургууль харин тийм шийдвэр гаргаагүй.
МУБИС –ын оюутан Э : Шуудангаар дипломоо авч байгаа анхны оюутан болж байгаа даа харин ч баяртай байна. Хонхны баяр хийхэд санхүүгийн хувьд их зарлага гардаг. Харин ингээд ямар ч зарлагагүй ,чимээгүй төгсөж байгаа нь амар санагдаж байна. Дипломыг өгөхгүй гээгүй шүү дээ. Ихэнх оюутнууд эсэргүүцэн сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан.
АШИУС- ын оюутан Н : Бид нар цахимаар төгсөлтийн баяраа үзээд, шуудангаар дипломоо авсан. Уг нь дипломоо гардаж авсан бол илүү сайхан байсан. Төгсөлтийн цэнхэр хувцсыг өмсөлгүй төгсөж байгаа даа жаахан харамсалтай ч хорио цээрийн дэглэмээ мөрдөх нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд ч ганц монгол улсын оюутнууд бид шуудангаар дипломоо авч байгаа биш. Дэлхий нийтээрээ л хорионд байгаа. Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрт оюутнууд бид хүндэтгэлтэй хандах ёстой.
Энэ мэт оюутнууд өөр өөрсдийн санаа бодлыг илэрхийлсэн. Харин цахим тодруулгын үеэр нэг зүйл анзаарагдсан нь төгссөн хэдий ч дипломоо аваагүй оюутнууд сонгуулийн ажил хийж эхэлжээ. Аргагүй бүх зүйл сонгуулийн чимээнээр намжиж, энэ жилийн оюутнууд ингээд төгсчихлөө.