Монгол-Оросын хамтарсан III сургуулийн 127 хүүхэд хоолны хордлого авснаас үүдэн нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нийслэлийн ЕБСийн бүх цайны газруудыг шалгахыг үүрэг болгосон. Үүний дагуу НМХГ-аас нийслэлийн ерөнхий боловсролын 180 гаруй сургуулийн цайны газарт шалгалт хийж, “Үдийн цай “ хөтөлбөрийн явцтай танилцжээ. Эдгээр сургуулийн 58 хувь нь төрийн, 42 хувь нь хувийнх байв. Цайны газруудын 71.5 хувь нь зориулалтын тоног төхөөрөмжтэй бол 40 гаруй хувь нь чанарын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг байх магадлалтай гэж гарчээ. Мөн технологийн шаардлага хангаагүй, ариун цэврийн дүрэмгүй, хүнсний мэргэжлийн технологичгүй, өдөр бүр хоолноосоо дээж авч шинжлүүлдэггүй гэсэн нийтлэг дутагдал илэрсэн аж. Түүнчлэн сурагчдын үдийн цай уух хугацаа 10 минут гээд заачихдаг тул хүүхдүүд гараа угааж амжилгүй хоолоо анги руу зөөдөг зэрэг зөрчил дутагдал олон сургууль дээр гарсан байна. Энэхүү шалгалтад ЕБС-ийн ойр орчмын хүнсний мухлаг, ТҮЦ- үүдийг хамруулжээ. Шалгалтаар дөрвөн сургуулийн цайны газрыг бүрмөсөн, 16 дугаар сургуулийнхийг түр хаахаар болсон байна.