Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Энхбаярын нүүрсний уурхайд энэ сарын 7-нд нуралт үүсэж хоёр залуу шороонд дарагджээ. Иргэдээс өгсөн дуудлагын дагуу ослын газарт Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Уул уурхайн аврах албаныхан очиж, А.Баттөмөр гэгч уурхайн шороонд дарагдсан байсныг аварч гаргасан бол нөгөөх нь хэдийнэ нас барсан байжээ.
Талийгаач 24 настай бөгөөд ослын талаар холбогдох албаныханд эрт дуудлага өгөлгүй удааснаас тэрбээр агааргүйдэж, амиа алдсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин амьд гарсан залуугийн бие хүндэвтэр эмнэлэгт хэвтэж байгаа аж. Энэ хэргийг дүүргийн Цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа юм байна.
Л.Чимэг