Монгол Улсын 78 дахь хошууч генерал Ж.Дашдаваатай ярилцлаа. 90 нас шүргэж яваа тэрбээр алсарч одсон 50, 60 жилийн өмнөх дурсамжаа саяхных юм шиг хүүрнэн, догдолж, бас уярч, нулимс дуслуулан суув.
-Таны бага нас, нутаг ус, аав, ээжийн тань тухай дурсамжаас ярилцлагаа эхэлье гэж бодлоо.
-Би 1938 онд Завхан аймгийн Тэлмэн сумд Идэрийн голын хөвөөнөө аав Жамъяндорж, ээж Бүтэд нарын ууган хүү болж төрсөн. Хоёр дүү дагуулсан. Эрэгтэй дүү минь хэдэн жилийн өмнө өөд боллоо. Охин дүү Ж.Гарамсүрэн Нийгмийг аюулаас хамгаалах яамны Тагнуулын газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Нас дээр гарсан хоёр хөгшин болж өгвөл ойр, ойр уулзана аа. Хөдөө өссөн юм хойно багадаа хонь хурга дагаж л явлаа. 1946 онд найман настайдаа сурагч болж, Тэлмэн сумын төв оров. Ээж, ааваасаа анх удаа холдож, бага сургуулийн дотуур байранд амьдрахын зэрэгцээ эрдэм номд шамдаж эхэлсэн. Тухайн үед дотуур болон хичээлийн байр нь монгол гэр. Дайны дараах жилүүд болоод ч тэр үү, дэвтэр, харандаа, үзэг нүдний гэм. Хоол, хүнс ч хомс. Сурагчдын ар гэрийнхэн нь албан журмаар сургуульд хүнс нийлүүлнэ. Туранхай малын мах голдуу, хар гурилтай хоол өгнө дөө. Гэхдээ энэ зовлон биш. Би онц сурахыг л чухалчилж, дөрөв гэдэг дүнд үгүй ээ мөн дургүй байж билээ. Ингээд 12 настайдаа дөрөвдүгээр ангиа онц дүнтэй төгслөө. Тухайн үед Нөмрөг сумд 10 жилийн сургууль байгуулж, сурагчдыг тийш нь шилжүүлсэн юм. Би Нөмрөг сум явна даа хэмээн бодож суутал манай сумын Э.Банзрагч гэж хүн хотод хугацаат цэргийн албанаас халагдаж ирлээ. Тэлмэн сумын нарийн бичгийн даргаар томилогдсон тэрбээр бага сургуулийн онц сурлагатан хоёр хүүхдийг хотод аваачиж, Цэргийн ерөнхий сургуульд элсүүлнэ гэв. Азтай хоёр дамшгийн нэг нь би, нөгөө нь миний найз Жадамба. Аав минь байдгаараа хөөрч, чадлаараа л даалимбан дээл, шарваар, юухан хээхэн бэлтгэсэн дээ.
-Намар нь шууд хот руу явсан уу?
-Намар боллоо. Ногоон зар ирдэггүй шүү. Тэр үед албаны мэдээ энгийн иргэдэд ногоон, албаны хүмүүст улаан зараар ирдэг байсан юм. Гэтэл багш нар өртөөний мориор хөдөөгүүр явж багачуул биднийг Нөмрөг сумын сургууль руу “хөөж” эхлэв ээ. Багш нарыг манайд ирэхэд аав “Хотоос хуваарь ирнэ. Миний хүү Цэргийн ерөнхий сургуульд явах юм. Ногоон зар хүлээж сууна” гээд халгаасангүй. Горьдлого тээж, хүлээсээр намар шувтарч, өвлийн эхэн сар гарав. Аав жинд явах цаг болж “Сургуульдаа заавал яваарай” гэж захиад нутгаасаа хөдөлж билээ. Тэр өвөл зуд болсон юм. Би цөөн хэдэн хонио аваад оторт явлаа. Ингээд л би гэдэг хүн цэргийн сургууль ч үгүй, анги дэвшсэн ч юмгүй хоосон хоцордог юм байна. Өвөл, зунгүй хонь хариулсаар нэг мэдэхэд 17 нас хүрлээ. Одоо бодоход аав, ээж минь аргадаж тайвшруулсан нь үгүй. Их хатуу гараар өсгөжээ. Өглөө эрт хонио туугаад гардаг байв. Орой аргамжааны морь дөхүүлнэ. Дараа нь шөнө дүлээс өмнө отрын адуу эргүүлнэ. Эргээд ирэхэд аав унтаагүй байвал адуу хашилцана. Үгүй бол ганцаараа хашаад л орно. Ээж аяганд ойр зуур ээзгий, ааруул хийснийг идээд унтана даа.
-Ногоон зар яагаад ирээгүй юм бол?
-БХЯ-ыг НАХЯ-тай нэгтгэж, Цэрэг, нийгмийг аюулаас хамгаалах яам байгуулжээ. Ингэхдээ Цэргийн төв болон ерөнхий сургуулийг татан буулгаж, оюутан сурагчдыг түргэвчилсэн сургалтад хамруулсан гэнэ билээ. Цэргийн төв сургуульд суралцагчдыг Намын дээд сургууль, бусад газарт хуваарилсан. Мөн Цэргийн ерөнхий сургуулийнхныг хуучин БХЯ-ны харьяа газруудад шилжүүлсэн гэдэг. Жишээ нь, манай нутгийн Б.Жамъяндагва ерөнхий сургуулиасаа Цэргийн дуу танцын ансамбльд шилжиж суралцсан байдаг. Дараа нь Зөвлөлтөд консерваторт суралцаж, балетмейстер болсон түүхтэй.
-Та тэгээд хэзээ нь цэргийн болов?
-17 нас хүрдэг жил “Сумын төвд долоон хоногийн хүнстэй ир” гэх ногоон зар ирлээ. Бөөн баяр болж, сум руу очтол “Малын санитарын долоо хоногийн курст суулгана” гэдэг байгаа. Долоо хоногт юу сурч шалих вэ дээ гэж бодсоор курстээ орлоо. Янз бүрийн өвс ургамал найруулж, чацга алдсан малд уулгаж, шүлхийтэй үхэр, цэцэг өвчтэй хонинд тариа тарьж сурав. Ингэсээр долоо хоног шувтарч, тэр чигээрээ сумын төвд үлдэж малын санитар болов оо. Бас болоогүй ээ, 40 төгрөгийн цалинтай. 1957 оны хавар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, би гэртээ ч орох завгүйгээр мал эрүүлжүүлэх ажилд дайчлагдсан. Дараа жил нь орон нутгийн сонгууль болж, би гэдэг хүн багийн даргаар сонгогдов. Аав минь сонсоод баярласан гэж жигтэйхэн. Зуухны хүхээгнээс дээш сууж үзээгүй хүүхэд нас дуусаж, уригдаж, залагдан айлын хойморт суух болов. Эхэндээ нүүр халуу оргиод, дээш суухад хэцүү. Сүүлд ажилдаа дадсан. Хөдөөгүүр их явна. Сар бүр багийн хурал хийж, ажлаа тайлагнана. Тухайн үед 100 төгрөгийн цалинтай. 70 төгрөгөөр нь 70 кг гурил авна. 10 төгрөгөөр дугуй булантай цай, дөрвөөр нь аав, ээждээ нэг нэг дүнсэн тамхи авна шүү дээ. Цаана нь хөөрхөн хэдэн төгрөг үлдэнэ. Дараа сард нь гурил дуусаагүй бол даавуу, даалимба авчихна. Ингэж байтал цэргийн албанд дуудав. Баярлаад аймгийн төв рүү чавхадчихлаа. Яваад очсон чинь багийн ажлаа хүлээлгэж өгөөгүй гээд буцаачихсан.
-Хүссэндээ хүрэх гэж ямар урт зам туулаа вэ?
-Тэгээд бас болоогүй ээ. 1960 оны нэгдүгээр сарын 1-нд нэгдэлжих хөдөлгөөн ялж, би ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн. Цэргийн зарлан ирээгүй үе тул багын найз Ж.Нанзадтайгаа нийлж, Хөвсгөл аймгийн Хатгал сум руу 10-аад тэмээгээ хөтлөн жинд явлаа. Сумаасаа цагаан идээ, давс зэргийг арилжихаар аваад гарсан юм. Хатгалд очоод эргээд бараа авна. Бараагаа хүлээх зуураа хөрөө худалдан авч, найзтайгаа унасан бургас мод түүж, бэлтгэн сумын түлээгүй айлуудад дөхүүлж өгнө. Нэг тэмээ мод долоон төгрөг. 10 тэмээ мод борлуулаад 70 төгрөгтэй болчих жишээтэй. Ингээд хөөрхөн олзтой буцаж байсан даа. Намар нь цэрэгт мордож билээ.
- Цаашаа юу болсон бэ, яриач?
-Хүсэн хүлээсээр 1960 онд цэрэгт татагдаж хот руу мордлоо. Цэргийн гавьяаны улаан тугийн болон Сүхбаатарын одонтой, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Одон тэмдэгт тусгай хороонд хуваарилагдав. Бөөн баяр. Цэрэгт алба хаах хугацаандаа мөн л таван онцын эзэн байв. Есөн сар суралцаад ЗХУ руу Бабушкины нэрэмжит Хилийн цэргийн дунд сургуульд явахаар болов. Гэвч 40 гаруй хүүхэд бүртгүүлснээс сонгон шалгарууллаа. Тэр үед монгол хэл, математик, орос хэлний шалгалт авна. Монгол хэл, математикийн хичээлийг гаргаахгүй. Харин гадаад хэлний багш, хурандаа Ш.Бөнжин надад “Чи ч орос хэл сурахааргүй хүн юм аа” гэж хэлдэг байв. Тэгсэн хэрнээ заана. Оросоос монгол, монголоос орос руу хөрвүүлсэн текст цээжилдэг байлаа. Уйгагүй давтсаар цээжилсэн дээ. Бага байхад аав орой унтуулахгүй маани, мэгзэм цээжлүүлдэг байсан нь ой тогтоолтод нөлөөлсөн байх. Аав минь хүн номыг сурах хэцүү, сурсан хойноо амархан мартахыг нь яана аа гээд л давтуулна. Маани, мэгзэмээ мал муулахад л уншиж, нэг их хэрэгсдэггүй байсан сан. Шалгалт өгсөн 40-өөд хүүхдээс 15 нь тэнцэж сургуульд явлаа. Хожим нэг маань өвчний улмаас нутаг буцаж, Бабушкины нэрэмжит Хилийн цэргийн дунд сургуулийг 14-үүлээ төгссөн. Бидний дундаас гурван генерал, мөн тооны хурандаа цолтон төрсөн. Ш.Арвай, Ж.Ишдорж бид гурав цэргийн дээд цол хүртжээ. И.Бат-Орших, З.Хийс, Амгаа гурав минь хурандаа болсон. Өдгөө бидний долоо нь амьд сэрүүн. Бусад бурхны оронд одож дээ. (Хоолой нь зангирлаа)
-Тэр үед ЗХУ руу явах гэж бөөн дуулиан, адал явдал туулдаг байсан юм биш үү?
-Юуны түрүүнд чемодан дүүрэн талх, боов, ёотон, баахан лаазалсан бүтээгдэхүүн бэлтгэлээ. Тэр үед одоогийнхтой адилгүй, Москва руу тасалгаагүй задгай галт тэргээр зорчино. Ес хонож очно. Энгийн хувцасгүй хүн чинь цэргийнхээ өмд, цамцтай явлаа. Галт тэрэг нэг их хар утаатай. Цонх онгойлгохын эцэсгүй. Бүдүүн шон таарах болгонд шахуу зогсоно. Вагонд бүрт нэг том данх өгчихсөн. Бид өртөөнд дээр зогсох бүрт ээлжээр бууж буцалгасан ус авна. Цэргийнхэн жүдо цагаан гэж нэрлэдэг дээ. Галт тэрэг зогсохоор л дотуур цагаан өмдөн дээрээ бакалаа углаж аваад л гарна шүү дээ. (Инээв) Зорьсон газраа хүрч хичээлдээ орлоо. Битүү манантай, тэнгэр бараг харагдахгүй газарт орос цэргүүдтэй бэлтгэлд гарна. Эхэндээ тэднээс хулмас үнэртээд эвгүй гэж. Сүүлдээ дасчихсан самбо бөхийн дугуйланд орохдоо орос цэргийн хулмастай куртик өмсөөд л хөлсөө гаргахаар гүйдэг байж билээ. Уйдах завгүй сурсаар төгссөн дөө.
-Төгсөөд хаана хуваарилагдсан бэ?
-Унаган ангидаа салааны даргаар томилогдон ажиллав. Дээр ярьсан даа, дөрөвдүгээр ангидаа онц сурлагатныг хот руу Цэргийн сургуульд авна гэж хөөрцөглөөд Нөмрөг сумын сургуульд сурахаас “хойш суучихаагүй юү”. Тиймээс Офицеруудын ордонд оройн ангид сурч, 10 дугаар ангиа онц дүнтэй дүүргэсэн. Одон тэмдэгт тусгай хороондоо байлдагчаас салаа, хороо, рот, штабын дарга болтлоо 22 жил ажиллажээ. Тэр үед манай ангийн захирагч Пагд гэж хурандаа байлаа. Надад ихийг зааж сургасан, хүний хайлан. Штабын дарга байхдаа ЗХУ-д М.В.Фрунзийн нэрэмжит Команд штабын академид суралцахаар явав. Одоо бодоход их зоригтой байж. Эсвэл тэнэг ч юм уу. Том нь зургаан нас, бага нь дөрвөн сартай дөрвөн хүү, нялх биетэй эхнэрээ орхиод сургуульд сурна гээд явсан юм. Тэгэхэд Завханаас ээж ирж манай хүнд тусалж, бага хүүг найман сар хүрэхтэй зэрэг нь хүүхдүүдийг Тэлмэн рүү аваад явсан гэж билээ. Академид мөн л хоёр жил дараалан онц сурсан. Улмаар чөлөөгөөр шагнуулж, Монголд ирээд мөн л амжилт гаргасан гээд 500 төгрөгийн тэтгэлэг авлаа. Сургуулиа төгсөж ирээд унаган ангидаа захирагчаар томилогдсон. Хувь тавилан цаанаасаа цэргийн амьдралд уруу татаж, шунан дурлуулж байж.
-Дөрвөн хүүтэй гэлээ. Тэд таны мэргэжлийг өвлөсөн үү?
-М.В.Фрунзийн нэрэмжит Команд штабын академи төгсөж ирээд охинтой болсон. Дөрвөн хүү, нэг охинтой. Хөвгүүд гурван жилийн хугацаат цэргийн алба хаасан. Бага нь л хоёр жил болох үед нь таарч цэрэгт явсан байх. Том хүү Д.Жаргалсайхан Буянт-Ухаагийн хилийн шалган нэвтрүүлэх албаны жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарлаа. Д.Баярсайхан Цагдаагийн академи төгссөн. Өдгөө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хошууч цолтой ажиллаж байна. Д.Өлзийсайхан НАХЯ-нд жижүүрийн ахлагч хийж байсан. Одоо АНУ-д ажиллаж, амьдардаг. Бага хүү Д.Мэндсайхан хурандаа цолтой, ХХЕГ-т ажилладаг юм. Аав минь хүүхдүүдийг бүгдийг нь хүн болгож өгсөн буянтан.
Ялангуяа Д.Мэндсайханыг найман сартайд нь Завхан руу авч яваад найман настайд нь авчирч өгсөн. Миний шар хүү чинь хөгшин аав дээрээ өссөн юм. Бас л хатуу гараар өсгөсөн дөө. Хойно академид сурч байхдаа, гуравдугаар курсээ төгсөөд Монголд ирж, улмаар Тэлмэн сумдаа очлоо. Очсон өдөр аав “Хүүтэйгээ гарч малын хашаа цэвэрлэ” гэлээ. Гараад хоёулаа хашаагаа цэвэрлэлээ. Хүүдээ хөрзөн, өтөг, бууц бага багаар нь авч өгөөд л зөөлгөлөө. Гэрт ортол хүүгийн минь дээлийн энгэрээр дүүрэн өтөг, бууц орчихсон байсан сан. Дөнгөж гурав, дөрөвтэй нялх амьтан байсан юм шүү дээ. Мэндээ сургуульд орохоосоо өмнө уншиж, бодоод сурчихсан ирсэн. Тэгсэн аав Мэндээг хонио хариулахаар гарахад нь тогооны хөөгөөр эсгийн гутлынх нь нэг түрийд үсэг, нөгөөд нь тоо бичээд “Хээр зүгээр суухаар хичээлээ давт” гээд гаргадаг байж. Миний хүү хээр хонио хариулж, өвөл цас, зун шороон дээр бичиж, давтсаар уншиж, бичиж сурсан юм билээ.
-Буурал аавынхаа амин үр байж дээ, таны шар хүү?
-Тийм. 1979 оны хавар гэртээ ирсэн чинь эхнэр “Аавыг Дарханд байна гэж хүн утсаар хэллээ” гэж байна. Дархан орж аавыг авлаа. Тэгсэн аав “Хээр сууж байсан чинь муу шар хүү минь нүдэнд харагдаад шууд давхиад ирлээ” гэдэг байгаа. Бага хүүг минь санахын эрхээр хөдөөнөөс Тэлмэн, тэндээсээ шууд Тосонцэнгэл сум оржээ. Тэгээд унаа олдохгүй ганц нэг хонож байтал нэг танил нь таарч гэнэ. Түүнд учир явдлаа хэлтэл “Танд гурван шил архины үнэ байна уу” гэж асууж. Аав байлгүй яах вэ гээд мөнгө гарган өгтөл, маргааш эндээ хүлээж бай гээд явсан байгаа юм. Маргааш нь аавыг “царцаа ногоон”-д баахан оросуудтай суулган, үдэж өгсөн гэсэн. Дарханы геологи хайгуулынхны экспедицийнхэнтэй хамт онгоцонд суулгасан нь тэр. Ингэж, хөглөж явсаар Дарханд ирж. Улмаар оросууд аавыг Дарханы галт тэрэгний өртөөнд хүргэж өгсөн байгаа юм.
Аав вокзалын сандал дээр суугаад ийш тийш харж байтал ашгүй нутгийн хүн таарсан гэдэг. Ингээд төмөр замын билетийн кассын өрөөнд оруулж өгч, цаадуул нь учир явдлыг сонсоод “Танд хүүтэйгээ холбоо барих утасны дугаар байна уу” гэхэд нь аав монгол гутлынхаа түрийнээс сонин дээр тэмдэглэсэн дугаар өгсөн байгаа юм. (Хүд хүд инээв) Ингэж хөглөж явсаар шар хүүтэйгээ уулзсан даа, аав минь. Гол нь аав хотод ирчихээд “Шар хүүгээ авч явна” гээд таг гөжчихөв. “Аав аа, хичээл ном нь тараагүй шүү дээ” гэж тайлбарлаад ч хүлээж авдаггүй. “Өөрөө багш нартай нь уулзана” гээд гарлаа. Тэгсэн багш нар нь “Өө манай Мэндээ сурлага сайтай юм чинь даалгавар аваад явж болно” гээд явуулчихсан байв. Ингээд аав муу зан сурчихсан жил жилийн хавар хичээл тараагүй шахам байхад ирж Мэндээг аваад явдаг болсон. Хөөрхий аав минь хүлээж байсан уу, 1983 онд намайг генерал цол авсны дараахан өөд болсон доо.(Уйлав) Амьтан хүнд миний хүү генерал болно гэж их л ярьсан шиг байгаа юм. Ингэж би ааваасаа, миний хүү өвөөгөөсөө хагацсан даа. Ээж минь 1988 онд бурхны оронд очсон.
-Байлдагчаас генерал хүртлээ хилийн цэрэгт тасралтгүй ажиллажээ. Хилийн амьдрал баялаг сонин биз?
-1980 онд анги дээрээ сууж байтал Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын боловсон хүчний эрхлэгч Балжинням утасдаж “Маргааш өглөө эрт хүрээд ир” гэж байна. Учрыг нь мэдээгүй ч яваад очлоо. Тэгсэн Хилийн цэргийн дарга, дэслэгч генерал Ш.Арвай, Улс төрийн газрын дарга, хошууч генерал Ж.Ишдорж гуайтай хамт машинд суулгаад Засгийн газрын ордонд ирлээ. Төв хорооны Улс төрийн товчооны хуралдаанаар оруулаад шууд л Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын Штабын даргаар томилж орхив. Энэ албаа 10 гаруй жил хашсан даа. Хажуугаар нь 1984-1986 онд Монгол, Хятадын хил шалгах Засгийн газар хоорондын гишүүн, 1987-1990 онд Монгол, Зөвлөлтийн хил шалгах Засгийн газрын комиссын Монгол хэсгийн даргаар ажилласан. Бас ажил, албаны томилолтоор хилийн зурвасаар тоймгүй олон явж. Монгол Улсынхаа хилийг гурван удаа бүтэн тойрсон хүн дээ, би. Сүүлийн 10 гаруй жил хилийн цэрэг бузгай сайн хөгжиж буй. Зэвсэг, техникийн хувьд бэхжиж, боловсон хүчний бодлогодоо ихэд анхаарч, хөгжүүлж байна. Энэ нь хил хамгаалах байгуулагыг удирдаж явсан хошууч генерал Ц.Сэргэлэнгийн сайных биз ээ.