Улаанбаатар-Эрээний чиглэлд энэ сарын 5-нд гарсан 27 дугаар галт тэрэгний зорчигчийн гар тээшнээс гаалийн байцаагч нар их хэмжээний хар тамхи илрүүлжээ. Замын-Үдийн шалган нэвтрүүлэх боомтын Гаалийн бүрдүүлэлтийн улсын байцаагч Х.Уянга тус галт тэрэгний долдугаар вагоны дөрөвдүгээр купенд зорчиж явсан Магалжавын Ойгонбаярын цүнхнээс скочоор битүү ороосон бор өнгийн цаастай цагаан нунтаг бодис илрүүлсэн байна. Ойролцоогоор 400 мянган долларын өртөг бүхий 1.7 кг жинтэй энэхүү бодисыг тестээр гурван удаа шалгахад мансууруулах үйлчилгээтэй болох нь тогтоогдсон тул Гаалийн улсын байцаагч Б.Батцэнгэл шуурхай арга хэмжээ авч, сэжигтнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 25 настай М.Ойгонбаяр цагдаад мэдүүлэхдээ хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг гэсэн байна. Түүний авч явсан зүйлийг мэргэжилтнүүд марихуаны төрлийн мансууруулах бодис гэж үзэж байгаа бөгөөд энэ нь гадаадаас оруулж ирсэн, эсвэл нууцаар манайд тарьж ургуулдаг байх магадлалтай гэнэ. Энэ талаар ГЕГ-ын Олон нийттэй харилцах албаныхнаас тодруулахад “Дээрх залуу гар тээшнийхээ дор давхар ёроол хийгээд, түүндээ цаасанд боосон нунтгаа нуусан байсныг манай байцаагч нар илрүүлсэн байна. Энэхүү бодисыг Гаалийн төв лабораторид шинжилж байгаа, эцсийн хариу өнөөдөр гарна. Монгол Улсын иргэн анх удаа ийм их хэмжээний мансууруулах бодис улсынхаа хилээр гаргахыг завдлаа. Үүний цаана ямар хүмүүс холбоотойг цагдаагийн байгууллага тодруулах байх” гэв.