Яаж уншигчдаа уйдахааргүйгээр улс төр, нийгэм цаг үе ярих вэ? Холимог нийлмэл өгүүлбэр уншигчдыг залхаадаг ч байж болох юм. Нууцлагдмал бөгөөд сонирхолтойн дээр нийлмэл өгүүлбэргүй бүтээлийг Анударь зохиолчийн бичвэрээс олж үзэж болно. Дөнгөж 22 насандаа хорвоогоос хальсан түүний үхлийн шалтгаан одоо ч нууцлагдмал. Ганцхан номтой нь "4 биш 4" эмхэтгэл юм. Шулуухан гэхэд дэндүү шулуухан хоёр үгээс бүрдэх өгүүлбэр түүний бичвэрт зонхилдог. Ноорог юм уу туршиц байна гэмээрч хачирхаж гайхаж уншмаар түүний өнгө аясыг блог хөтөлж буй мэт хөнгөн бичвэртэй хослуулан бичсэн "Нөхөрт гарахаас өмнө" тэмдэглэлээ хүргэж байна.
Аавууд хааяа балгадаг. Балгахаараа ам нь халдаг. Ярьдаг. Эрүүлдээ хэлж чадаагүйгээ. Үнэн байсан. Амьдралын талаар зөвлөсөн. Эмэгтэй хүнд шижир эрдэнэ шиг. Тэр үе богинохон. Охид аавын бөөцийллөөс гарна. Ганц бие дайчин эмэгтэй болдог. Гэхдээ тэгдэг нь ховор. Биеэ дааж амьдрах үе. Бүх цагаа, мөнгөө өөртөө наадаг. Тиймээс... Гоо үзэсгэлэнгийн оргилд хүрдэг. Охиндоо хэлдэг. Үнэтэй байх хугацаа удаан байг. Аавууд мэддэг. Аавууд харамладаг. Та гаргах хэрэгтэй. Жагсаалт. Зөндөө уртыг. Түүнтэй учрахаасаа өмнө. Бичээд л байх хэрэгтэй. Их гоё байдаг.
1. Балет тэсвэр, тэвчээр, гоо сайхан. Тютю тайлсан. Өвдсөн байсан. Эмэгтэй хүн сайхан харагддаг. Гэхдээ өвддөг. Жаргалтай өвддөг.
2. Үнэнээ хэлдэг нүд чинь. Худалч ам чинь. Би зүгээр ээ. Зүгээр байгаагүй. Одоо зүгээр бол. Тэмдэглэлийн дэвтрээ норгосон. Бэх нь холилддог устай. Цэнхэр өнгө харна. Тайвширна. Сараачиж болно.
3. Тэнгэр шиг бай гэсэн. Тэнгэр саарал байсан. Зүлгэн дээр хэвтэх гэсэн. Зам болсон байсан. Санаж байна. Холд, Орхи, Хол яв. Харж магадгүй. Хайж байсан өнгөө.
4. Тусдаа гар. Цүнхээ аваад л гарсан. Ном сурна гэсэн. Сурж дуусаагүй байгаа. Ганцаардал чамд зохидог. Бүгдэд зохидог. Утга учиртай уйтгарладаг.
5. Эмэгтэй хүнтэй үнэ цэнэтэй нөхөрлө. Түүнд эго байгаагүй. Хөл нүцгэн алхсан хамтдаа. Зөөлхөн байдаг. Бусдын төлөө байсан.
6. Өөрийгөө хай. Хайсан чинь холдсон байсан. Замбараа тэнд байгаа.