Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“WIKILEAKS”-ийн ЭЭЛЖИТ ЦОХИЛТ ПЕНТАГОНЫГ САНДАРГАВ

 АНУ-ын Иракт явуулж буй цэргийн ажиллагааны талаарх нууц материалыг олонд дэлгэх “Wikileaks” сайт дахь 400 мянган хуудас нийтлэлийн сураг энэ удаад Пентагоныг нэлээд сандаргав. АНУ-ын цэргийн хүчнийхэн 120 хүнтэй тусгай баг байгуулж, удахгүй цацагдах мэдээллийн сөрөг үр дагаврыг судалж эхэлсэн байна.

Уг сайт Афганистаны дайны тухай олон чухал мэдээллийг нийтэлж, Пентагоны хөшигний ар дахь амьдралыг дэлхийн сонорт хүргэн, дуулиан дэгдээсэн билээ. “Иракийн архивт хадгалагдаж байсан энэ баримт бичгүүд АНУ-ын цэргийн ажиллагаатай шууд хамаатай. Нийтэд дэлгэвэл зөрчил үүсэх ч магадлал бий” хэмээн Пентагоны төлөөлөгч, хурандаа Дэйв Лэйпен мэдэгдсэн байна.

Албан бус эх сурвалжаас үзэхэд дуулиант нийтлэл энэ долоо хоногт интернэтээр цацагдах гэнэ. “Wikileaks” сайт өнгөрсөн зургадугаар сард Америкийн цэргийн нууцыг задалж, олон мянган америк цэрэг, афган иргэний амь насыг аюулд учруулж байна хэмээн буруутгагдаж байсан юм. Сүлжээгээр цацагдсан мэдээллийн дотор АНУ-ын цэргийн хүчнийхэнтэй хамтарч ажилладаг нутгийн иргэдийн нэрсийн жагсаалт багтсан учраас тэр. Олон улсыг хамарсан тагнуулын сүлжээний талаарх баримтууд ч нийтийн хүртээл болсон.

Хав дарсан энэ нууцыг “Wikileaks”-д дамжуулсан хэмээн АНУ-ын армийн явган цэрэг Брэдли Мэннинг шалгагдаад байгаа. Тэрбээр “Ройтерс” агентлагийн сурвалжлагчийг буудан хороох үед хийсэн дүрс бичлэгийг ч сайтын редакцид өгсөн байж болзошгүй юм байна. Алдагдсан чухал бичиг баримт интернэтээр цацагдсан даруйдаа Британийн “Guardian” , Америкийн “New York Times”, Германы “Spiegel” хэвлэлүүдийн хуудаснаа заларсан. Түүнээс гадна Иран, Пакистан улс Афганистаны талибуудад тусламж үзүүлдэг байх хэмээн НАТО сэжиглэж эхэлсэн нь ч энэ нийтлэлээс үүдэлтэй.

Афганистан дахь нөхцөл байдлыг бодитоор харуулсан гэгдэх энэ материал бусдын гарт орсон нь “АНУ-ын цэргийн түүхэн дэх хамгийн том алдаа, хариуцлагагүй байдал” хэмээн Роберт Гейтс онцолсон. “Wikileaks” сайт одоогийн байдлаар “техникийн доголдол”-оос болж ажиллахгүй байгаа. Мөн сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан гэдэг үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн ч удалгүй сулласан аж.

АНУ-ын нэр хүндийг олон улсын тавцанд бууруулж дөнгөсөн “Wikileaks”- ын ээлжит цохилтоос Пентагон чадах ядахаараа хамгаалж буй бололтой. Мэдээлэл дамжуулсан эх сурвалжийг тогтоох, тэдэнтэй тооцоо бодох 150 хүний баг ажилдаа ханцуй шамлан орж, Пентагон АНУ-ын захиргааны өмнө цэргийн нууцаа хулгайлуулсан нүглээ хэрхэн цайруулах талаар арга сүвэгчилж эхэллээ.


Х.ОДОНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.