Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

O.Дашбалбар агсны хайртай бүсгүйдээ бичсэн захидал 1-р хэсэг

Яруу найрагч O.Дашбалбар агсны хайртай бүсгүй Н.Оюунханддаа бичсэн захидлыг уншигчдадаа хүргэж байна.

ЦАГ ҮЕ ТЭРГҮҮНИЙГ МИНЬ ЦАГААНААР БУДАХ ТЭР ЦАГТ ЮУ ҮЛДЭХ ВЭ. ЧАМАЙГ ХАЙРЛАСАН ХАЙР МИНЬ ҮЛДЭНЭ…


       Өглөө чиний минь захидал ширээн дээр байж байв. Би нүдэндээ итгэсэнгүй. Догдолсондоо болоод сонин санагдсан. Үүдний жижүүр авгай “Ах ты счастливый” гэж өгүүлэхийг сонсоод л толгой дохин захидлаа авч гарсан. Замын турш чинийхээ захидлыг унших юутай жаргалтай байв аа. Чинийхээ гар хүрсэн энэ захидлыг би хацартаа нааж, чамайгаа үнссэн юм шиг баясан сууна. Чи минь намайг ойлгож, чимээгүйхэн хайрлаж яваа гэж бодох юутай сайхан бэ. Намайг сэрээх, хүч чадал өгөх цорын ганц хэрэгтэй эмийг цагт нь ирүүлсэн чамдаа баярлалаа. Оюунханд аа чи гоё, хөөрхөн бүсгүй шүү. Анхны харцаар л тэгж өөрийгөө барих чадвараа алдаж, анхны харцаар л чамд дурласан минь гайхамшигтай.
“…Эргэн тойронд минь уул, ус хүрээлж байна
Энүүний төлөө амьдарч болно
Намайг баярлуулахаар цогцолсон бүхэнд баярлая
Нарт дэлхий дээр Оюунхандыгаа олж харсандаа баярлая”
Зуны өдөр чамайгаа хүлээн голын эрэг дээр суух юутай гоё гээч. Хоёулаа хөтлөлцөөд холоо гэгч явчихдагсан. Тэнгэрийн хаяа руу л яваад байдагсан. Орчлон төгсгөлгүй. Үй түмэн толгодын дундуур тэнэж, үүрэндээ очдогсон. Бурхнаас бид хоёрт өгсөн тэр үүр миний хамгийн жаргалтай ордон байжээ. Эзэн хааны ордон ч тиймгүй биз. Миний жаахан Муза, энхрийхэн бие чинь мэдрэгдэн, чамайгаа энэ холоос тэврэх мэт болох юутай сайхан.

     Оюунханд аа! Цагаан цасан бударч байна. Цаг үе тэргүүнийг минь цагаанаар будах тэр нэгэн цагт юу үлдэх вэ. Хайр. Чамайг хайрласан хайр минь үлдэнэ. Саяхан л ногоон зун байгаагүй бил үү. Түүнээс хойш гурван сар өнгөрчээ. Оюунханд минь…амьдрал ганц л удаа олддог юм бол, ганц л удаа амьдарч байгаа үед минь чи аз жаргал хайрлаач дээ. Амьдралын турш би чамаар дутаж явах гэж үү. Чи намайг хайрладаг шүү дээ. Чи надад хайртай. Эргэлзэж, гайхаж, айж, намайг бодож, бас юу гэж хэлэхээ мэдэхгүй тээнэгэлздэг. Чи эгчмэд хүний ёсоор, багш хүний ёсоор ухаалаг хандаж, тэвчээр гарган, миний галзуурсан мэт хүчтэй дурласан сэтгэлийг олон жил тогтоон барьж байсан шүү дээ. Тийм биз дээ?  
     Аз жаргалыг чамгүйгээр төсөөлөн бодож чадахгүй нь. Чи зун бичсэн захидалдаа “Чи надад олон жил дурлаж явснаа тэвчиж чадсан шүү дээ. Одоо ч сэтгэлээ бариач” гэсэн бий. Цэнэг хэчнээн их хуримтлагдах тусам аянга хүчтэй ниргэдэг тухай би хариу бичсэнээ санаж байна. Бүхнийг биедээ хадгалж, бүх насаараа хайраа хүмүүсээс нууж чадах байсан гэж үү. Үгүй ээ, өнгөрсөн он жилүүдийн турш чамд хайртайгаа бусдаас нууцалж, чимээгүйхэн шаналж, чимээгүйхэн шиг шүлгээ бичиж явсан. Бүхнийг чадлынхаа хэрээр бичиж, хэрээс хэтрэх үед хааяа чам руу очдог байсан.
      Чинийхээ сайхан царайг түр зуур ч болсон харж, тайвнаар ойр зуурын юм ярьж, хөөрч байгаад л явдаг байсан. Энэ үед чи намайг ойлгоогүй эгчмэд бүсгүйн байрнаас ханддаг байсан. Гэхдээ чи минь одоо ойлгож байгаа. Би одоо маш их шаналж байна. Сэтгэл зүрхээ жаахан ч болтугай амраахын тулд чамд захидал бичиж сууна. Өдөр бүр захидал чам руу илгээмээр санагдах юм. Гэвч сэтгэл зүрх минь “Оюунхандад үнэхээр хайртай бол түүнийгээ бодож тэвч, хүмүүсийн анхааралд өртөх хэрэггүй” гэж шивнэх юм.
1980 оны 10-р сарын 27

Үргэлжлэл бий


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.