Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

MC Тэмүүжин: Би Quiza-гийн бичсэн дууг хөлийнхөө чигчий хуруугаар зохионо

Өргөн өмд, арзгар ултай гутал, хар шил, хачин этгээд дүрстэй шивээсгүйгээр тэднийг төсөөлөхийн аргагүй. Гялалзаж, гялтганах шигтгээгээр дүүрэн гоёл чимэглэлүүд нь чамин тансгаараа бүсгүйчүүдийнхээс давна уу гэхээс лав дутахгүй тийм нэг хээнцэр эрчүүд энэ айлын тогоонд буцална. “Үг” хэмээх зэвсгийг баруун солгойгүй цацах, муухан яруу найрагчаас хол илүү шүлэгчид ч гэж нэрлэж болмоор. Монголын хип хоп ертөнцийн төвд орших MC хэмээх нэгэн гариг энэ удаагийн Weekend cribsийн зочин. “Люмино” хамтлагийн ахлагчийн албыг 12 дахь жилдээ онц үнэлгээтэйгээр хашиж яваа тэрбээр алс холын Америкаас, харийн урлагийг авчран, эх орныхоо хөрсөнд идээшүүлж чадсан цөөн хэдэн анхдагчийн нэг билээ. Хотоос нэлээд зайдуу орших, зуслангийн байшинд нь айлчлахаар цаг нартай уралдан, тэнхээ мэдэн хурдаллаа. Зорьсон газартаа саадгүй ирэхэд, зам дээр биднийг гэрийн эзэн угтсан юм. Реппэрийн гэр яг л өөр шиг нь ганган дэжин байдаг болов уу, эсвэл..? Юутай ч “Люмино”-гийн MC буюу Далайцэрэнгийн Тэмүүжингийнхээр хамтдаа аялцгаая.

Хоёр давхар, гаднаас нь харахад элдэв янзын гоёлгүй, цэмцгэр хийцтэй байшин бидний урдханд үзэгдэнэ. “Уул ус, ургамал ногоо тэгширсэн, сайхан газар зусдаг юм байна” гэж бодон алхтал, урдаас “ааваа, ааваа” хэмээн орилсоор гурав орчим насны жаал биднийг чиглэн харайлгалаа.

-Танай хүү юу, яг аав юм аа. Аавын ганц амин эрдэнэ биз?

-Тийм ээ, миний хүү аавдаа амь, байнга хөлнөөс зүүгдээстэй. Би чинь хоёр нандин эрдэнэтэй хүн шүү дээ. Хүү маань гурав, охин маань хоёр настай.

– Анх хүү төрлөө, аав боллоо гэдэг мэдээг сонсоод яаж баярлаж, юу мэдэрч, энэ баярт мөчөө хамгийн эхлээд хэнтэй хуваалцаж байв?

-Хамгийн эхлээд өрх толгойлох эр нөхөр, эцэг хүн болчихлоогэсэн маш том хариуцлага мэдрэгдсэн. Монголчууд”Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гээд мэндлэхээс нь өмнө ямар нэг зүйл бэлдэхийг хориглодог шүү дээ. Хүү, гэргий хоёроо эргэчихээд, өлгий, даавуу зэрэг ойр зуурын бэлтгэлээ базаахаар дэлгүүр явсан.

Замдаа “Зайсан толгой” гарч, хамгийн сайн найзтайгаа оргилуун дарс буудуулж, өөрийнхөө баярт мөчийг хуваалцаж байлаа.

Би аав болтлоо хүүхэд хэвээрээ байсан шүү дээ.

Компьютер, play station тоглодог. Хообий, цуглуулгатай, түүнийхээ төлөө оршдог байж. Харин хүүгээ мэндэлснээс хойш эдгээрт анхаарах ч цаг олдохоо байж, гэр бүлийнхээ төлөө амьдардаг болсон доо.

-Таныг хараад байхад хүүхдүүддээ их халамжтай юм аа, сайн аав шиг санагдлаа?

-Би өөрийгөө сайн эцэг гэж боддог. Хүүгээ хоёр, охиноо нэг нас хүртэл эхнэрийнхээ гарыг хүүхдүүддээ хүргээгүй. Өлгий даавууг нь угаах, усанд оруулахаас эхлээд, хоол унд бэлдэж, живхийг нь хүртэл өөрөө сольдог байлаа. Нэг хэсэг ажлын шаардлагаар хүүхэд асрагчтай байж үзсэн ч миний хүүхдэд хандаж буй байдал нь нэг л болхи, “бүтэхгүй” харагдаад больсон. Би хүүхдүүдээ монгол аргаар хүмүүжүүлнэ гэж боддог.

-Монгол арга гэхээр?

-Надад гадаадын тэр дундаа Америкийн хүүхэд хүмүүжүүлэх арга таалагддаггүй. Ээж аав нь гар хүрэхээр 911 дуудаад өгчих жишээтэй. Эрх чөлөөгөө буруу утгаар нь эдэлдэг хүүхдүүд шиг санагдсан. Ширээ тойрч суулаа, хооллолоо, бослоо, өрөө өрөөндөө ороод хаалгаа түгжлээ гэх зэргийн амьдралын хэмнэл генд нь оршдог учраас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалгүй, нэгнээ хайрлах сэтгэл багатай өсдөг байх л даа. Монголчуудын хувьд ондоо. Зууралдаж өсөөд, зууралдсаар л төгсдөг. Энэ нь ч бас гэр бүлийн харилцааг улам дотно болгодог.

Ардын үгэнд “Хүүхдээ гурав хүртэл нь хаан шиг өргөж, насанд хүртэл нь боол шиг харилцаж, түүнээс хойш найз шиг нь бай” гэдэг үг бий. Эртнээс уламжилж ирсэн ардынхаа аргаар өсгөнө гэсэн үг л дээ. Глобалчлагдах гэдэг чинь ёс заншлаа уландаа гишгээд, гадаадыг шүт гэсэн үг биш. Өмнө нь бид Монгол байсан бол одоо аль хэдийн Монголоо алдаад, сүйрлийн ирмэгт тулдагаа тулчихаад байна(нэлээд бухимдав).

-Яагаад ийм байдалд орчихсон гэж та бодож байна. Уран бүтээлч болон иргэн хүний хувьд сүйрлийн ирмэгээс үндэстнээ яаж аврах вэ?

-Шалтгаан бидний нүдэн дээр ил харагдаж байгаа. Газар нутаг, охид бүсгүйчүүд, өв соёл бүгдээ алдаад дууслаа, тэр харийнханд чинь. Урлагийн хүн гэдэг утгаараа энэ асуудал дээр маш их эмзэглэж, сэтгэл зовж байна. Монгол ахуйгаа мартсан нь бидний мөхлийн гол шалтгаан гэж ойлгодог.

Тухайлбал, хүүхдийн даахь, сэвлэг үргээх зан үйлийн тал дээр манайхан тоомжиргүй ханддаг болсон тал ажиглагдсан. С.Дамбий гуайн судалгаагаар багадаа даахиа үргээгүй хүмүүсийн ихэнх нь болж бүтэхгүй, муу муухай бүхнийг хийдэг хүмүүс болж өссөн байгаа байхгүй юу. Зөвхөн нэг уламжлалын цаана энэ мэт нарийн учир байгаа гээд бодохоор бидний тоодоггүй хэдэн зан үйл байгаа билээ. Тэгэхээр ёс заншил гэдэг ийм их учир холбогдолтой зүйл байдаг гэдгийг эргэн нэг санаасай. Одоо ч харамсалтай нь оройтсон байх даа.

 


Тэрбээр эхнэртэйгээ анх таван жилийн өмнө найзынхаа ачаар “гоц мөргөж” танилцжээ. Түүний гэргий хип хопчдыг андуу ташаа ойлгодог байсан болохоор дуртай дургүй очиж байсан гэдэг. Хоёр найзыгаа болзуулах гэж яваад хоорондоо учирсан тэдний хайр нэлээд онцгой. Тэмүүжин гэргийгээ “угийн нүд”-ээр хараад шууд л эхнэр нь болох хүн мөн гэдгийг мэдэрсэн гэнэ лээ. Өөрөөр хэлбэл өнгөц хараад өнгөрөх биш, сэтгэлийн гүн рүү буюу түүнийхээ дотоод ертөнц рүү маш сайн өнгийж чадсанаар “Тэмүүжингийнх” хэмээх өрх мэндэлжээ. Гэрийн эзэгтэй дипломатч бөгөөд хуулийн мэргэжил эзэмшихээр дахин суралцаж байгаа гэсэн. Эхнэрийн патерийг татчих санаатай түүнийг сураглатал “Төрийн албан хаагч учраас ажил тасалж болохгүй шүү дээ” хэмээн ам зочин маань учирлалаа. Үзэсгэлэнтэй эхнэрээ арай биднээс нуугаад байгаа юм биш биз..?


-Танайх их шүтлэгтэй айл юм аа?

-Шүтлэгтэй гэхээсээ зөв амьдралыг эрхэмлэдэг айл гэж хэлж болно. Би хүнд гай болчихгүй, муу муухай аргаар мөнгө олохгүй, сайхан амьдрахыг л хүсдэг. Ер нь буруу аргаар олсон эд хүнд тогтдоггүй шүү дээ. Энд байгаа бурханы номнууд хүний төлөвшил болон оюун санаанд эерэгээр нөлөөлдөг учраас гэртээ залсан. Зарим нь айл гэрт заавал байх ёстой судрууд байгаа юм. Харин манай Баажий, Анхаа хоёр “галзуу” шүтлэгтэй улсууд байхгүй юу.

-Сайхан амьдралыг өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, дутагдах гачигдах зүйлгүй, хүнд муу юм хийхгүй, хайртай хүмүүстэйгээ хамт орших тэр амьдрал.

-Аз жаргал гэж таныхаар?

-Аз жаргалыг би гэр бүлтэйгээ холбож тайлбарлана. Хэрвээ ганц бие байсан бол энэ асуултад “Голын эрэг дээр хоёр пиво тавьчихаад л…” гээд эхлэх байсан байх. Уран бүтээлийнхээ үр шимийг үзэж баярлах, хүүхдүүд, эхнэртэйгээ гэртээ зурагтаа үзээд хамтдаа амрах, ээждээ үнсүүлэх, найз нөхөдтэйгээ ярилцахаас би аз жаргалыг мэдэрдэг. Амьдралын сэтгэл хангалуун үеүдийг аз жаргал гэж би тодорхойлно. Баярлаад, аз жаргалтай болохоороо хоёр гараа чанга атгаад, өрөөнөөс өрөөний хооронд үсэрч дэвхцээд яг л хүүхэд шиг болчихдог.

-Монгол эр хүн ямар байх ёстой юм бэ?

– “Гэрээ тойрсон бүтээлч зан Монгол эр хүний шинж, явган зальтай, хариуцлагагүй, хувиа бодсон зан биднийх” гэж миний дууны шүлэг байна л даа. Манай эрчүүдэд хийж чаддаггүй зүйл гэж байдаггүй. Эр хүнд шалчгар, бялдууч, хоёрын хооронд зан ёстой хэрэггүй. “За бол за, үгүй бол үгүй” л байх хэрэгтэй гэж боддог.

-Сүүлийн гурван жил нэлээд жин нэмлээ. Гал тогоондоо цагийг илүү өнгөрүүлээд байна уу, үгүй юу?

-Ганц бие байхдаа өглөө гэрээсээ өлөн гараад, гадуур хаа хамаагүй газар хооллочихдог байсан. Одоо бол яг тогтсон цагтаа, гэртээ хооллодог учраас эрүүл хүнс таргалуулаад байх шиг байна. Эхнэрийн хоол их зохиж байгаа юм биш үү. Одоо 93 кг жинтэй байгаа, түүнээсээ хэтрэхгүй ээ. Таргалах ч тийм сайхан эд биш юм аа.

 MC: Өнгөрсөнд би интернэтгүй яаж амьдардаг байсан байна аа. Харин одоо энэ хөгжлийн түлхүүргүйгээр би нэг ч алхам урагшаа гишгэхгүй, компьютерийн дэлгэцнээсээ долоохон хоног холдож чаддаггүйгээ бодохоор түүнийг бүтээсэн хүмүүст үнэхээр их талархаж буйгаа илэрхийлье.


Түүнд ном бичих санаа 2008 онд радиогийн нэвтрүүлэгт ороход төржээ. Хөтлөгч түүнээс “Хип хоп гэж юу вэ?” хэмээн асуухад манай улсад энэ урлаг дэлгэрч, хөгжөөд 10 шахам жил өнгөрсөн ч одоо хүртэл хүмүүс энэ талаар мэдлэггүй байна гэдгийг тэрбээр мэдсэн байна. Ингээд ном бичихээр, судалгаа, шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд хөгжим сонирхдог бүх хүнд уг бүтээлээ зориулжээ. “The secret of rap” номыг уншсан хэн боловч хип хоп урлагийн талаар ойлголттой болоод зогсохгүй, энэ төрлийн дуу сонсож үзэх юмсан гэсэн хүсэлд автагдана гэдэгт МС итгэлтэй байгаа. Хип хоп дууны үгийг монгол шүлгийн онолтой холбон тайлбарласны зэрэгцээ У.Шекспирийн сонеттэй хүртэл нэг түвшинд тавьж үзжээ. Мөн шинэ дуунуудаас бүрдсэн хос цомгоо аль хэдийн бэлэн болгосон бөгөөд ирэх сард номын хурим, CD-ний нээлт хоёроо хамтад нь хийхээр төлөвлөсөн байна.

Тэрбээр ихэнхдээ хар хувцас өмсдөг. Учрыг нь асуухад “Туранхай харагддаг юм аа” гэж хошигнолоо. “Mc beatz inc” хэмээх хувийн студийнх нь нэртэй энэ богино цамцыг түүний найзууд урласан. Нэг хэсэг гадаадын брэнд гэж хошуурдаг байсан бол одоо өөрийн гэсэн брэндтэй болохсон гэсэн хүсэлтэй болжээ.


 “Люмино” хамтлаг Монголын хип хопын акулуудын нэг гэдгийг шинэ залуу реппэрүүд бүгд хүлээн зөвшөөрдөг ч өнөө үед “утгаараа” хип хоп дуу гаргахаа больсон гэж шүүмжилдэг. 12 насны ойн босгон дээрээ буюу ирэх арваннэгдүгээр сард тоглолтоо хийхээр төлөвлөсөн нууцаа хамтлагийн ахлагч бидэнд задаллаа.

-Хип хопыг олонд таниулах гэж зүтгэсэн тэр үеийн МС, продюссерийн хэмжээнд хүртэл хөгжсөн өнөөдрийн МС хоёрын ялгааг тодорхойлооч?

-12 жилийн өмнөх хип хопчин залуугаас одоогийн MC илүү чадварлаг реппер гэж хэлнэ. Тухайн үед “Хип хопын төлөө амьдарч үхнэ” гэж дуулдаг байсан репперүүдээс хип хопоо дуулж байгаа нь тун ховор. “Люмино” тэгж дуулдаггүй байсан ч тасралтгүй үглээд явж байгаа хүн гэвэл бараг би ганцаараа үлдсэн байх шүү. Би хип хопын төлөө амьдрахаар мэндэлсэн хүн.

-Quiza болон танай хамтлагийн хоорондох маргаан ямар асуудлаас болж үүссэн юм бэ. Саяхан нэг сонинд та нарын талаар ярилцлага өгсөн байхыг нь уншсан л даа?

-Миний цомгийн болон хамтлагаараа хийсэн дууг сонссоод нэлээд сандарсан сураг байсан. Тэгээд хор шарандаа тиймэрхүү ярилцага өгөөд явдаг юм шиг байна лээ. Quiza, “Люмино” хоёрын хэн нь хэн бэ гэдгийг сонсогчид мэдэж байгаа учраас нэг их тайлбар хиймээргүй байна.Түүнтэй адил хэвлэлээр хов живийн юм яриад явдаг нь бид биш л дээ. Би Quizaгийн бичсэн дууг хөлийнхөө чигчий хуруугаар зохионо.

-Хип хопчин Монгол хэл судлаач мэргэжилтэй гэхээр их сонин санагдлаа?

-Үнэндээ би өөрөө тэмүүлж ороогүй, миний аав намайг МУИС-д орохыг зөвлөсөн бас хүссэн. Миний мэргэжил, хийж бүтээж яваа уран бүтээлтэй минь холбоотой. Реппер хүн чинь хип хоп яруу найрагч гэсэн үг шүү дээ. Сая гаргасан номонд ч их сургуульд эзэмшсэн мэргэжил, миний сурсан зүйл надад асар их тус болсон.

“Миний амьдралын хэмнэл транс шиг хурдан биш, R&B шиг удаан биш, хип хөгжмийн темп буюу 95 вpm-ээр өрнөдөг” хэмээн тэрбээр өөрийгөө тодорхойлсон юм. Өөрийнхөө ертөнцөөр аялуулсан танд баярлалаа.

Ням гариг сэтгүүл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.