Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Google”-ийн асуудалд Вашингтон, Бээжин хутгалдсанаар байдал улам хурцдав

Google компани эдийн засгаараа дэлхийд гуравдугаарт ордог Хятадын зах зээлийг орхиж, үйл ажиллагаагаа зогсоож магадгүй тухай яриа бизнесийн ертөнцөд дуулиан дэгдээгээд байна. Шалтгаан нь тус компанийн мэдээллийн сан руу халдах гэсэн оролдлого, үйлчлүүлэгчдийнх нь цахим шуудан руу хийсэн дайралтыг Бээжин зохион байгуулсан гэж “Google”-ийн удирдлага үзэж байгаа юм.

Хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцдэг Хятадын иргэдийн цахим шуудан халдлагад өртсөн нь ингэж үзэхэд хүргэсэн бололтой. Хэрэв “Google” компани Хятадыг орхивол юу болох вэ гэдэг ихээхэн сонирхол татаж байгаа юм. Дэлхий хавтгай болж байна, жижгэрч байна, бизнесийн үйл ажиллагаа цахимжиж, зардал багатай болж байна, мэдээллийн технологийн хөгжил биднийг шинэ эрэмбэнд хүргэлээ хэмээн шагширч байх хооронд цөөн тооны компани бараг бүх салбарт нэвтрэн орж, ус агаар мэт хэрэгцээтэй зүйл болон хувирч, үйл ажиллагаанаас нь хэт хамааралтай болох эхлэл тавигдсаныг Бээжин сая л анзаарсан бололтой.

Хэрэв тус компани үйл ажиллагаагаа зогсоовол юун түрүүн дэлхийн харилцаа холбооны хамгийн том компани болох “China Mobile”-ийн компанийн 527 сая хэрэглэгч сөрөг нөлөөг нь мэдэрнэ. Учир нь, тус компани гар утасны үйлчилгээндээ “Google” ийн хайлтын систем, газрын зургийг хэрэглэдэг. Цагтаа Хятадын “Baidu” компани “China Mobile”-д хайлтын системээ санал болгож байсан боловч нэр томьёоны асуудал дээр тохиролцоогүй тул тэд “Google”-ийг сонгосон. 384 сая хэрэглэгчтэй Хятад интернэтийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Хөгжмийн салбар дахь оюуны өмчийн хулгай эргээд цэцэглэн хөгжих магадлалтай. “Google” дэлхийн дөрвөн том хөгжмийн компани, бие даасан 14 том студитэй хамтран Хятадад дуу хөгжмийн зангилаа (portal) саит нээсэн.

Онлайн зар сурталчилгаанаас ашгаа олдог, хэрэглэгч дуртай дуу, хөгжимөө үнэгүй татан авч болдог энэ саит бусдын бүтээлийг хулгайлан, зөвшөөрөлгүйгээр хувилан зардаг хар бизнест том цохилт өгсөн. Зөвхөн google. cn-ээр дамжин холбогддог дуу хөгжмийн Top100.cn-ийн зарим хэсгийг ч “Google” эзэмшдэг. Top100.cn компанийн гүйцэтгэх захирал Эрик Зан “Google.cn”-ийн хаагдаж магадгүй байгаа учраас зарим нэг бэлтгэл ажил хийж байгаа” гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Зах зээлийн судалгаагаар мэргэшсэн “BDA China” компанийн менежментийн газрын дарга Дункан Кларк “Google” хаагдсанаар бүх юм хуучин хэвэндээ орж, оюуны өмч хулгайлагчид хамгийн том хожлыг авах болно” гэжээ. Хятадын гар утас хэрэглэгчид “Google”-ийн Android системийг хэрэглэхийг Засгийн газар зөвшөөрч магадгүй байгаа ч тус компани шинэ төрлийн гар утасны үйлчилгээний нээлтээ хойшлуулсан нь одоо үүсээд байгаа нөхцөлтэй холбоотой. Асуудлын гол нь Google.cn хаагдлаа ч гэсэн “Google” компани зар сурталчилгаа, гар утас болон бусад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг Бээжин зөвшөөрөх эсэхэд байгаа юм. “Google” компанитай ойр байдаг эх сурвалж “Тэд Хятад дахь зар сурталчилгаа болон гар утасны бизнесээ үргэлжлүүлэн хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаа” гэсэн байна.

“Google” гарч явах нь түүний цахим шуудангийн үйлчилгээг ашиглан хятад хэлээр зар сурталчилгаа, үгэн зар зэргийг явуулж, үйл ажиллагаагаа сурталчилдаг Хятадын үй түмэн жижиг бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөө үзүүлэх нь бараг тодорхой. Хятадыг орхиод явлаа гэхэд “Google” биш Хятадын компаниуд хохирохоор байгаа нь Бээжингийн голыг харлуулж, сэтгэлийг нь гонсойлгож байгаа. “Google” компани өнгөрсөн жил Хятадын экспортын чиглэлтэй компаниудын хийлгэсэн зар сурталчилгаанаас 300 сая долларын ашиг олсон тооцоо байна.

Шинжээчдийн үэж байгаагаар тус компанийн энэ ашиг хэвээрээ хадгалагдах гэнэ. Учир нь захиалагч google.cn-ийг google.com-оор солиход ямар ч бэрхшээл байхгүй, хэдэн товчлуур дарах асуудал л гарах гэнэ. Хамгийн гол нь “Google” компанийн Хятадын зах зээл дээр буй болгосон эрүүл, хүчтэй өрсөлдөөн суларснаар тус улсын хайлтын систем, интернэтийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын үйл ажиллагаа суларна. Зах зээлийн эрүүл, хүчтэй өрсөлдөөн байхгүй газар авлига үүрлэдэг нь бичигдээгүй хууль. Яваандаа дэлхийн дэвжээн дээр өрсөлдөх хүсэлтэй тус улсын компаниудад өрсөлдөөн ус агаар шиг хэрэгтэй. Дотоодын ширүүн өрсөлдөөнд ялж байж л дэлхийд гарна гэдгийг тус улсын мэргэжилтнүүд тун сайн ойлгож байгаа юм. Тэд “Интернэтийн компаниуд болон хэвлэл мэдээлэлд тавих хяналтыг чангаруулах нь тэдний хөгжилд саад болох болно” хэмээн анхааруулж байна.

Харин Хятадын Аж үйлдвэрийн сайд Ли Ю Жон “Хятадад интернэтийн салбар “Google” байсан байгаагүй хөгжих болно” хэмээн мэдэгдэв. Хятадын нөлөө бүхий зангилаа сайтуудын нэг “Sohu Inc”-ийн захирал Чарльз Жан “Зах зээлийн эрүүл өрсөлдөөн байхгүй бол чанар, сахилга бат, ажиллах хүч, тогтвортой байдал, хөгжлийн тухай ярилтгүй. Засгийн газрын оролцоо их байгаад л хамаг асуудал үүсч байна” гэсэн байна. “China Business News” сонин “Google” компани гурав дугаар сарын 22-нд Хятад дахь бизнесээ зогсоож байгаагаа зарлан, орон нутгийн салбарууддаа нөхөн олговор өгөхөөр болсноо зарлаж магадгүй байна” хэмээн мэдээлсэн. Гэвч уг компанийн Хятад дахь хэвлэлийн төлөөлөгч хатагтай Марша Ван энэ мэдээллийг няцаагаад “Бид ямар нэг өөрчлөлт хийхээр төлөвлөсөн зүйл одоохондоо байхгүй” гэж AFR агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. “Google.cn хаагдах магадлал 99.9 хувьтай” гэж “Financial Times” мэдээлсэн байна.

Тус компани Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд гарах бизнесийн алдагдлыг хэрхэн барагдуулж, нөхөн олговор олгох талаар нээлттэй ярилцахыг уриалсан захидлыг Хятадын зар сурталчилгааны 27 компаниас хүлээн авсан гэдгээ “Google” компани нотолсон. Марша Ванг “Бид захидлыг судлан үзэж байгаа” гэдгээс өөр хариулт өгсөнгүй. “Google”-ийг тагнасан гэх асуудалд Вашинг тон, Бээжин хутгалдан орсноор асуудал улам хурцдаж, нөхцөл байдал хэвийн хэмжээнээс давчихад байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.