Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сарын 22-нд буюу хугацаанаас нь өмнө сонгууль явуулахын тулд Парламентын доод танхимаа пүрэв гаригт тараахаа мэдэгдэв.
2019 онд төлөвлөсөн ёсоор хэрэглээний татварыг наймаас 10 хувь болгон нэмэхийн тулд орлогын хуваарилалтыг эргэн авч үзэх төлөвлөгөөгөө дэмжүүлэхийг Ш.Абэ эрмэлзэж байна. Хүн амын тоо цөөрч, өндөр настнууд олон болсон асуудлыг шийдэхийн тулд бүх үеийнхний эрх ашигт нийцсэн нийгмийн халамжийн системтэй болохын тулд нэмэлт сан ашиглахыг тэрбээр хүсэж буй аж.
Ажиглагчдын үзэж буйгаар авлигын хэрэгтэй холбоотой дуулианы улмаас Сайд нарын танхимын нэр хүнд нь унасны дараа шинэчлэлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх дэмжлэг авах нь Японы Ерөнхий сайдад чухал байгаа юм. Тус улсын Парламентын ээлжит бус чуулган пүрэв гаригт эхэлнэ.