НҮБ-д тодорхой өөрчлөлт хийх ажлыг дэмжих тухай тунхаг бичигт АНУ, Герман, Их Британи, Канад, Японоос гадна 137 улс нэгдэж, уг үйл явцыг тэргүүлэхийг тус байгууллагын тэргүүн Антониу Гутерришид уриалсан байна. 10 заалт бүхий баримт бичгийг НҮБ-ын дэргэдэх Америкийн дипломат төлөөлөгчийн газрын цахим хуудсанд нийтэлжээ.
Үүний сацуу Вашингтоны боловсруулсан тунхаг бичгийг 56 улс, тэдгээрээс, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох ОХУ, Хятад, Франц дэмжсэнгүй. “Бид (ОХУ) энэ тунхаг бичигт гарын үсэг зурна гэж бодохгүй байна. Түүнд тусгасан олон санаа чухал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлсэнтэй ч нийцэж байна. Гэхдээ НҮБ-ыг тунхаг бичгээр шинэчлэхгүй” гэж тус байгууллагад суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензю хэлснийг ТАСС агентлаг эш татжээ.
Тэрбээр “Засгийн газар хооронд хэлэлцээ хийх замаар л НҮБ-ын бүтээмжийг дээшлүүлэх боломжтой. АНУ-ын санал болгосон баримт бичиг нь уг асуудлаар ижил үзэл бодолтой орнуудын тунхаг болохоос тус байгууллагыг өөрчлөн шинэчлэх талаар Ерөнхий нарийн бичгийн даргад өгч буй заавар биш” гэж хэлсэн байна.
Тэрчлэн НҮБ-ыг шинэчлэх талаар АНУ-ын дэвшүүлсэн төсөл нь дэлхийг нэг туйлтай болгоход чиглэсэн алхам учир ОХУ түүнийг дэмжихгүй хэмээн тус улсын Парламентын доод танхимын Олон улсын хэрэг эрхэлсэн хорооны дарга Леонид Слуцкий НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганы үеэр мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг уламжилжээ. “Шинэчлэх үйл явцыг ОХУ эсэргүүцээгүй. Гэхдээ далд эвсэл байгуулах бус, бүрэн дүүрэн яриа хэлэлцээ хийх замаар үүнийг шийдэх ёстой. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилгыг хэлэлцэхэд ОХУ болон БНХАУ оролцоогүй нь далд хэлбэрээр шийдвэр гаргасантай холбоотой” гэж Л.Слуцкий үзэж байна.
Янз бүрийн салбар хоорондын ажлын уялдааг сайжруулахын тулд НҮБ-ын бүтцийг өөрчлөхийг АНУ тунхаг бичгээрээ дамжуулан уриалжээ. Үүнийгээ цомхтгол хийх замаар хэрэгжүүлэх гэнэ. “Манай хөрөнгө оруулалтад нийцсэн үр дүнг бид олж харахгүй байна. Дэлхийн хүн ардын итгэлийг сэргээх НҮБ бидэнд хэрэгтэй. НҮБ хэрэгждэггүй, улиг болсон арга барилын барьцаанд байх ёсгүй” хэмээн Д.Трамп мэдэгджээ.
Вашингтон жил бүр 10 тэрбум орчим долларыг НҮБ-ын хөтөлбөрүүдэд зарцуулдгийг тэрбээр удаа дараа онцлон хэлсэн. Энэ нь тус байгууллагын гишүүдийн өгдгөөс хэд хэдэн их мөнгө юм.
“2000 оноос хойш НҮБ-ын төсөв 140 хувиар өсөж, ажилтнуудынх нь тоо хоёр дахин нэмэгдсэн. Ийм хөрөнгө оруулсны үр дүн мэдрэгдэхгүй байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэжээ. НҮБ-ын гишүүд бүгд цэргийн болон санхүүгийн хувьд ижил татвар төлдөг болох ёстой гэж тэрбээр хэлсэн байна. “Хэрэв бид хамтран ажиллаж, шинэчлэл хийвэл НҮБ манай гаригт энх тайвныг бэхжүүлэх үйл хэрэгт илүү үр нөлөөтэйгөөр сэргэн мандах болно” гэж Д.Трамп тэмдэглэсэн байна.
АНУ-ын 2018 оны төсвийн төсөлд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд зориулах мөнгийг нэг тэрбум доллароор бууруулахаар тусгажээ. Мөн олон улсын янз бүрийн байгууллагууд, тэдгээрийн дотор НҮБ-ын төсөвт оруулах мөнгөө багасгах бололтой.