Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн тоо бий. Иймд Канад Улсын Засгийн Газрын санхүүжилтээр "Оюуны бэрхшээлтэй иргэдийн хувийн туслахаар ажиллуулах боломж” төслийг Монголд нэвтрүүлж байна. Тухайлбал, “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв, “Хөгжлийн алтан боломж” ТББ хамтран 2017 оны есдүгээр сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд төслийг хэрэгжүүлж байна.
Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвийн захирал Ч.Ундрахбаяр "Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх, хувийн туслах үйлчилгээний бэлтгэл сургалт явуулах, сургалтад хамрагдсан хүмүүсийг цагийн ажлаар хангах, хувийн туслах үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох үнэлгээний аргачлал боловсруулах, хувийн туслахыг бэлтгэх, сургалт зохион байгуулна. Эхний ээлжинд 10-20 хүнийг хувийн туслах болгон цагийн ажлаар хангана. Одоогоор гурван иргэнийг хувийн туслахаар ажиллуулан ажлын байртай болгоод байна"
Канадын улсын элчин сайд Дэвид Спрул "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд оролцуулах нь бидний өгч буй хамгийн том дэм юм. Эд юу ч чадахгүй гэж хэлэх биш тэдний тусламжийг авч эхэлсний дараа өмнө нь яаж тэдний тусламжгүйгээр амьдарч байснаа гайхах цаг ирнэ гэж найддаг" гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийн 32-р зүйлээр хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрхийг баталгаажуулсан байдаг. Бие даан амьдрах эрхийг хэрэгжүүлэхэд нэн чухал үйлчилгээ хувийн туслах үйлчилгээ юм.