Зүүн гар талаас Европ дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн орлогч, генерал Жон Гронски, Израилийн армийн Агаарын цэргийн газрын командлагч, генерал Цвика Хаймович
“Израиль улс батлан хамгаалахын хувьд сайн бэлтгэгдсэн, аюул заналхийллийн хариуд өгөх цохилтоо боловсронгуй болгож буйг энэ үйл явдал харуулж байна” гэж тус улсын армийн Агаарын цэргийн газрын командлагч, генерал Цвика Хаймович АНУ-ын цэргийн баазын нээлтийн үеэр мэдэгджээ. Баазыг хоёр жилийн хугацаанд байгуулсан гэнэ. Цэргийн хамтын ажиллагааны шинэ үе эхэллээ хэмээн Вашингтон ч, Тель-Авив ч үзэж байна.
АНХНЫ БААЗ, ГЭХДЭЭ ШИНЭ БИШ
АНУ-ын далбаан доор тус улсын цэргийн байнгын баазыг Израиль анх удаа байгуулсныг генерал Ц.Хаймович мэдэгдэв. Гэхдээ үүнээс гадна Израилийн Негев цөл дэх Димона хотын ойролцоо Америкийн цэргийн нэг объект буюу радарын цогцолбор бий. Түүгээр зогсохгүй, Машабимын ойролцоох шинэ бааз Израилийн нутаг дэвсгэрт оршдог, тус улсын армийн зарчим, хэм хэмжээг мөрдлөг болгон ажилладаг бол “Димона” цогцолборт зөвхөн АНУ-ын цэргийн алба хаагчид л нэвтрэх боломжтой аж. Тэнд хөдөлгөөнт радиолокацын “AN/TPY-2” систем 2008 оноос байрлуулсан юм. Израилийн цэргийн эх сурвалжаас эш татан “Time” сэтгүүлд мэдээлснээр тэдгээр радар 2400 орчим км-ийн зайтай яваа ямар ч пуужин, эсвэл нисэх онгоцны байршлыг илрүүлж чадна.
Гэхдээ Америкийн “бүхнийг хардаг” радарууд нутаг дэвсгэрт нь байрлах болсонд израильчууд таатай бус байдаг аж. Израилийн Засгийн газар дахь эх сурвалжууд “Эхнэр, нөхөр хоёрт ч бие биеэсээ нуух зүйл заримдаа гардаг” гэжээ. Гэхдээ бараг 10 жилийн дараа Тель-Авив “Димона” цогцолбороос ердөө 30 км-ийн зайд АНУ-ын армийн байнгын баазыг байрлуулахаар боллоо.
ОБЪЕКТ 883
Цэргийн баазын нээлтэд оролцохоор ирсэн Европ дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн орлогч, генерал Жон Гронскигийн мэдээлснээр “Site 883 life support area” (Объект 883-ын үйл ажиллагааг дэмжих бүс) нь АНУ, Израилийн хооронд хүчтэй харилцаа байдгийн бэлгэдэл юм. Тэгвэл Израилийн генерал Ц.Хаймовичийн тайлбарласнаар тус улсын болон АНУ-ын зорилтот бүлэг хамтын ажиллагаагаа нэгэн зэрэг бэхжүүлснээр агаарын цэргийн салбарт илрүүлэх, амдан сөнөөх, шилжүүлэн байрлуулах үйл явцаа сайжруулах боломжийг эл шинэ бааз олгож байна.
Америкийн хэвлэлүүд бааз нээгдсэнийг мэдээлэхдээ Ираны баллистик пуужингийн хөтөлбөр хөгжсөөр буйд Тель-Авив түгшиж байгааг сануулав. Ираны дээд удирдлага Израилийг газрын хөрснөөс арчина хэмээн нэг бус удаа сүрдүүлсэн билээ. Хамгийн сүүлд өнгөрөгч даваа гаригт Ираны Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Абдулрахим Мусави мэдэгдэл хийхдээ “Бид Тель-Авивыг газрын хөрснөөс арчина. Израиль ямар нэг буруу алхам хийвэл бид санасандаа хүрнэ” гэжээ. Ийм явдал гаргуулахгүйн тулд Америкийн цэргийнхэн объект 883-ыг байгуулсан аж.
НАЙДВАРТАЙ ХАМГААЛАЛТ
Зэвсэгт хүчнийхээ пуужингийн хүчин чадлыг үлэмж хэмжээгээр өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа Израилийн Батлан хамгаалахын дэд сайд Амир Хатами өнгөрсөн наймдугаар сарын дундуур мэдэгдсэн. Үүний өмнө Иран баллистик пуужин бүтээх хөтөлбөрийнхөө санхүүжилтийг 0.5 тэрбум ам.доллароор нэмсэн билээ.
Гэвч Тель-Авив Ираны баллистик пуужингийн овоо хараанд аль хэдийнэ орсон байж болох юм. Тель-Авив, Тегеран хооронд 1760 км зайтай. 2014 онд зэвсэглэлд шилжсэн “Сажил” баллистик пуужин нь 2000 км-ийн зайд орших байг устгах чадалтай юм. Мөн ийм төрлийн пуужинг устгах бүх хэрэгсэл Тель-Авивт бий. Тодруулбал, Израильд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Праша Давида”, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Төмөр бөмбөгөр орой” болон “Хец” систем байдаг. Тус улс 2014 онд туршсан “Хец-2” системээ Пентагонтой хамтран бүтээжээ.