ОХУ-ын Москва хотод циркийн "Шүтээн - 2017" фестивал наадам болж буй. Энэ наадамд Хойд Солонгосын акробатчин дэлхийн дээд амжилт тогтоох оролдлого хийж, агаарын үзүүлбэрийнхээ үеэр унаж, бэртжээ. Тэрбээр агаарт зургаан удаа эргэж, дэлхийн дээд амжилт тогтоох оролдлого хийх үеэр золгүй явдал болсон юм.
Хохирогч толгойгоороо "газардсан" бөгөөд золгүй явдлын дараа шууд эмнэлэгт хүргэгдсэн. Гэхдээ яг ямар гэмтэл авсан нь тодорхойгүй байв. Циркийн сургагч Эдгард Запашнигийн Оросын хэвлэлд ярьснаар бол гэмтсэн циркчний хүзүү нь хугарч, гар болон, хөлөө мэдрэхгүй байгаа бололтой.
Гэхдээ нэр нь тодорхойгүй циркчин залуу эдгэрлээ ч цаашдынх нь хувь заяа бүрхэг гэж таамаглаж байна. Эх орондоо эргэн очвол золгүй эрийг сайхан амьдрал угтахгүй нь бололтой.
Хойд Солонгосын циркчин, спортын тамирчид хатуу болзол, даалгавартай харь оронд амжилт гаргахын төлөө зүтгэдэг нь нууц биш. Тус улсын урлаг соёл, спортынхон амжилт гаргахгүй бол Хөдөлмөрийн хорих лагерт очдог хатуу хуультай. 2009 онд улсаасаа оргосон Ким Хёнг Со энэ талаар "Daily Star" сонинд дэлгэрэнгүй ярьсан билээ.
Өнгөрсөн онд Риогийн олимпын хүндийг өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Ким Кук Хян Хятад тамирчны ард орж, мөнгөн медаль хүртэх үедээ уйлж байсан нь олны дунд багагүй дуулиан тарьсан. Энэ зурагны дараа Хойд Солонгосын дарангуйллын талаар багагүй шуугисан билээ.