Сүүлийн хэдэн сар Ливиэс Газар дундын тэнгисээр дамжин Италийг зорих дүрвэгсдийн цуваа эрс багассан. “The New York times” сонинд мэдээлснээр дүрвэгсдийг Европт ирүүлэхгүйн тулд Ливийн босогчдын толгойлогчдод мөнгө өгдөг хэмээн Италийг сэжиглэж буй гэнэ. Үүнийг Италийн эрх баригчид няцааж, дипломат хүчин чармайлтаар дүрвэгсдийн цувааг багасгасан хэмээн тайлбарлаж байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр буюу наймдугаар сарын байдлаар дүрвэгсдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 85 хувиар буурч, 2700 болсон. Ийм байдал үүссэнийг хүний эрхийг хамгаалагчид нэг бус удаа анзаарч, Ливи дэх дүрвэгсдийн хуаран бөөнөөр хорих газартай адил нөхцөлтэй болсныг тэмдэглэсэн байна.
Сонинд бичсэнээр тийм аргыг урьд нь ч хэрэглэдэг байжээ. Тодруулбал, дүрвэгсдийн цувааг зогсоохын тулд Италийн эрх баригчид Муаммар Каддафид мөнгө өгдөг байв. Европын олон улсын харилцааны зөвлөлийн дэргэдэх Ливийн шинжээч “Энэ нь Итали улс М.Каддафид мөнгө өгч байсантай адил боловч хамрах хүрээ нь том. Учир нь нэг дарангуйлагчийн оронд босогчдын хэдэн арван толгойлогчид мөнгө өгөх болсон байна. Хэдий хэмжээний мөнгө өгч буйг дурдахгүйгээр босогчдын бүлэглэл нь Европыг чиглэх хаалгыг хянадаг, үүнд нөлөөлөх хөшүүрэг тэдэнд бий гэдгийг дурдахад л ойлгомжтой байх” хэмээн мэдэгджээ.
Германы “Rheinische post” сонинд бичсэнээр Италийн эрх баригчид Ливийн омгуудын удирдагчдын нэг Ахмед Дабашид мөнгө өгдөг байж болзошгүй. Тэрбээр урьд нь Газар дундын тэнгисээр дамжуулан дүрвэгсдийг илгээдэг байсан бол сүүлийн гурван сар уг ажлыг саатуулж буй гэнэ. Түүний удирдлагад байдаг 500 орчим босогч Италийн Сабрата хот орчмын эргийг ажиглаж, тус улсыг зорих дүрвэгсдийн замыг хааж байдаг аж. А.Дабашид 5-10 сая евро төлдөг байх гэж Италийн “Corriere della sera” сонин эх сурвалжаасаа эш татан мэдээлжээ.
Эргийн хяналтын системээ сайжруулахад нь зориулж Итали улс Ливийн Засгийн газарт хөрөнгө мөнгө өгдөг. Гэвч тэд улсынхаа нутаг дэвсгэрийн өчүүхэн хэсгийг л хянадаг байна.
Италийг чиглэсэн дүрвэгсдийн цуваатай тэмцэхэд нь идэвхтэй туслахгүй байна хэмээн тус улсын эрх баригчид Европын холбооны бусад улсыг удаа дараа зэмлэн буруушаажээ. Өнгөрсөн наймдугаар сард Италийн Гадаад хэргийн сайд Анжелино Альфано Германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө “Европын холбооны түншүүд нь цагаач, дүрвэгсдийн талаар Ромыг дэмжиж, туслахгүй байгаа. Гишүүн орнуудад дүрвэгсдийг тараан байрлуулахаар баталсан хөтөлбөр хэрэгжихгүй байна” хэмээв.
Италийн Дотоод хэргийн сайд Марко Миннити Ливийн дотоод хэрэгт улам бүр идэвхтэй оролцож, тус улс дахь босогчдын толгойлогчидтой хамтран ажиллаж байна.
Ливид эрх барихын төлөө өрсөлддөг Засгийн газруудын нэгийнх нь Гадаад хэргийн сайд Мохаммед Дайри Италийн бодлого гамшиг тарихыг анхааруулжээ. “Босогчдын бүлэглэлүүд өгсөн мөнгөөр бүр их зэвсэг худалдаж авна” хэмээн тэрбээр мэдэгдсэн аж.
Ливиэс гадна Италийг зорих өөр зам дүрвэгсдэд бий. Тухайлбал, дүрвэгчид Алжираас Газар дундын тэнгисээр дамжин явж байна. Он гарснаас хойш эл замыг 800 орчим хүн ашиглажээ.