Японы эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн мэдээлснээр 2015 онд мэндэлсэн 20 хүүхэд тутмын нэг нь “хуруу шил”-нийх гэнэ. Тодруулбал, тус улсын эмч нар 424.2 мянган үр суулгаснаас 51 мянган хүүхэд төрсөн байна.
Хүн амын тооллогын дүнгээс үзвэл Японы хүн амын тоо 2010 оноос буурчээ. Өнгөрсөн онд нэг сая хүрэхгүй тооны хүүхэд мэндэлсэн нь насанд хүрсэн 1000 хүнд 1.43 нярай ногдсон үзүүлэлт аж. Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд үргүйдлийг эмчлэхээр шийджээ. Үүний үр дүнд 27600 хос анх удаа хүүхэдтэй болох оролдлого хийлгэсэн нь тус улсын хувьд төрөлтийн дээд амжилт тогтоох боломжийг бүрдүүлсэн гэнэ.
Үр шилжүүлэн суулгах аргыг Японы эмч нар 1983 онд, Их Британиас зургаан жилийн хожуу нэвтрүүлжээ. Ийм аргаар 2015 онд 482.5 мянган хүүхэд мэндэлсэн нь дэлхий даяарх “хуруу шилний хүүхэд”-ийн аравны нэг хувийг эзэлсэн байна. Ийм арга хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 40 хувь нь 40-өөс дээш насныхан байсан аж. 2026 он гэхэд улсынх нь төрөлт 1.8 хувиар нэмэгдэнэ гэж Японы Засгийн газар найдаж байна.
Үүний сацуу энэ сарын 15-ны байдлаар 90, түүнээс дээш настай япончуудын тоо хоёр сая 60 мянга болжээ. Энэ нь тус улсын Засгийн газар ийм статистик мэдээлэл цуглуулж эхэлсэн 1980 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Өчигдөр Ахмад настнаа хүндэтгэх өдрийг япончууд тэмдэглэсэн байна. Тэрчлэн 65-аас дээш насныхны тоо 35 сая 140 мянгад хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 570 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болов. Тэдний 12 сая гаруй нь эрэгтэй, 19 сая орчим нь эмэгтэйчүүд аж. Ажил эрхэлдэг 65-аас дээш насныхны тоо өнгөрсөн онд долоон сая 700 мянга болж нэмэгдсэн байна.