Тайландын өдөр тутмын нэгэн хэвлэлд бичсэнээр тус улсад 120 эхнэр, 28 хүүхэдтэй нэгэн эр хууль зөрчсөн хэргээр мэдүүлэг өгчээ. Хачирхалтай нь, энэ эрийн эхнэрүүд нь бүгд бие биенээ мэддэг, зохицож амьдардаг гэнэ.
Тайландын нийслэл Бангкок хотоос 90 км-ийн зайд орших Накорн Найок мужийн Промнее дүүргийн захирагч Тамбон Прасерт албан ёсоор 100-гаас дээш эхнэртэй тайландын анхны хүн болжээ. Энэ жил 58 настай Тамбон улс төрд орохоосоо өмнө барилгын бизнесээр хөлжиж, хөрөнгөтэй болсон нэгэн. Түүнээс сэтгүүлчид 100-гаас дээш эхнэртэй гэдэг нь үнэн эсэхийг тодруулахад сайн эр "Би 120 эхнэр, 28 хүүхэдтэй" гэж томорсон аж.
Прасерт анх 17 насандаа гэрлэсэн. Энэ талаар "Анх 17 насандаа гэрлэсэн. Эхний эхнэр маань надаас хоёр насаар дүү. Эхнэр маань надад гурван хүүхэд төрүүлж өгсөн. Ихэнх эхнэрүүд маань 20-оос доош насандаа надтай гэрлэсэн. Нас ахимаг эхнэртэй болохыг хүсдэггүй" гэхчлэн хэвлэлд ярьжээ.
Тамбон барилгын компанитай учраас эхнэрүүддээ шинэ байр барьж өгдөг гэнэ. Тиймээс ч эхнэрүүд нь хэл ам хийдэггүй, элдэв маргаан дагуулдаггүй бололтой. Тэрбээр шинэ эхнэр авах бүртээ хуучин авгай нартаа мэдэгддэг аж. Тиймээс ч эхнэрүүд нь бүгд бие биенээ мэддэг гэнэ.
Прасерт хамгийн сүүлд 27 настай Нам Фонтой гэрлэсэн аж. Тайландын хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэр залуу эхнэр нь хамт байжээ. Одоогоор түүний олон гэрлэлтэд ямар шийтгэл оногдуулах нь тодорхойгүй байгаа аж.