ЗХУ-ын армийн офицер, хурандаа Станислав Петровыг дэлхийг аварсан хүн хэмээн цоллодог. Учир нь хурандаа 1983 оны есдүгээр сарын 26-ны өдөр хүн төрөлхтөн түүхэнд байж болох хамгийн аюулт дайнаас аврагдсан юм. Хүйтэн дайны оргил үед коммунист оросууд, капиталист америкчууд далайн хоёр эрэгт бие биенийхээ эсрэг юу ч хийхэд бэлэн цаг үе. Олон арван жил дайсагналцсан хоёр их гүрний харилцаа Солонгосын 007 дугаарын зорчигч тээврийн онгоцны сүйрлийн дараа улам хурцдаад байв. 1983 оны есдүгээр сарын 1-нд оросууд 269 хүнтэй явсан дээрх онгоцыг устгажээ. Тэдний дунд Америкийн сенатын гишүүн хүртэл байв. Ихэвчлэн америк тагнуулчдын хяналтад байдаг бүсэд нисэж явсан онгоц агаарын зурвас ялимгүй нэвтэрмэгцээ эргэн нисчээ. Цэргийн үйл ажиллагаа байж магадгүй гэж сэжиглэсэн оросууд шуудхан пуужин харваж онгоцыг хэдэн мянган метрийн өндрөөс тэнгист унагасан байна.
Энэ үйл явдалд америкчууд цочирдож, хүйтэн дайны асуудал улам даамжирсан. Америкчууд дайнд бэлдэж, оросууд ч хариу цохилт хийхэд бэлэн байдалд шилжсэн юм. Москва хотын захад байрлах нууц албаны хурандаа Станислав Петров дайсан нь эх орон руу нь халдвал хариу барих бүхий л ажиллагааг хянаж байсан билээ. Түүний урд бүх цаг үеийн хамгийн хөнөөлт зэвсгийн удирдлага байсан юм. Энэ үеэр дэлгэцэнд "Эхэл" гэсэн дохио очсон бөгөөд энэ нь америкчууд халдлаа гэсэн тэмдэг гэдгийг хурандаа сайн мэдэж байлаа. Гэхдээ тэр хүлээхээр шийдэв. Тусгай албаныхан ч удирдлагынхаа шийдвэрийг дагасан гэдэг. Хэрвээ тэр товчлуурыг дарсан бол оросууд цөмийн пуужин хаях шийдвэрийг гаргаж, дэлхийн дайн эхлэх байлаа. Харин С.Петров яарахыг хүсээгүй юм. Хожим хиймэл дагуулын тооцоолох төхөөрөмж андуурч ажилласныг илрүүлсэн түүхтэй. Ердөө л цаг уурын тогтворгүй байдал цөмийн пуужин мэдрэгчийг хэлбэлзүүлж, "Сэм Авгын" хөнөөлт зэвсэг Орос орон руу халдаж буй мэтээр мэдээлэл ирсэн гэдэг.
Германы кино найруулагч Карл Шумахер гэдэг хүн түүний талаарх кино хийхээр төлөвлөж, хурандаатай холбоо тогтоохыг оролдсон ч харамсалтай нь нас барсан талаарх мэдээлэл хүлээж авсан гэнэ. Түүний хүү Димитри Петров найруулагчид эцэг нь өнгөрсөн тавдугаар сарын 19-нд бурхан болсныг дуулгажээ.
Петровын талаар олон баримт дэлгэгдсэнээс хамгийн алдартай нь 2014 онд гарсан "Дэлхийг аварсан хүн" хэмээх баримтат кино. Харин ертөнцийг аварсан баатраа бид чимээгүйхэн алдсанаа хожим мэджээ.