БНАСАУ газар дээр баллистик пуужин хөгжүүлж буй төдийгүй усан доорх пуужингийн хөтөлбөртөө эрчимтэй дэвшил гаргаж байна. Японы “Tokyo shimbun” сонинд мэдээлснээр БНАСАУ баллистик хэд хэдэн пуужингаар цэнэглэж болох шумбагч хөлөг үйлдвэрлэж, бараг дуусах шатандаа орсон гэнэ. “Удирдагч Ким Жөн Ун нь ирэх оны есдүгээр сарын 9 гэхэд буюу БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх үед шинэ шумбагч онгоцтой болсон байх үүрэг өгсөн бөгөөд энэ төлөвлөгөөний дагуу ажил эрчимтэй өрнөж байгаа” гэж Умард Солонгос дахь эх сурвалжаасаа эш татан “Tokyo shimbun” бичжээ.
Умард Солонгос усан доор байрлалтай баллистик пуужингийн хэд хэдэн туршилтаа амжилттай хийсэн. Энэ нь Пхеньяны хийж буй үйлдэлд түгших бас нэг шалтаг болжээ. БНСУ-ын шинжээчдийн үзэж буйгаар БНАСАУ-д 2000 орчим тонн усан түрцтэй, пуужин тээгч шумбагч онгоц бий гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр шинэ шумбагч хөлөг онгоц нь Умард Солонгостоо хамгийн томд тооцогдох бөгөөд 3000 тонн орчим усан түрцтэй, баллистик пуужин харвах 2-3 төхөөрөмжтэй байх аж. Тэрчлэн шинэ онгоц нь усан доор удаан хугацаагаар байх, илүү гүнд шумбах чадалтай болсон нь гэнэтийн цохилт өгөх боломжийг эрс нэмэгдүүлнэ. Японы хэвлэлийн эх сурвалжийн уламжилснаар шумбагч хөлөг онгоцны хөдөлгүүрийг БНАСАУ-ын Ёнчхон хот дахь үйлдвэрт хийсэн байна. Шинжээчдийн таамагласнаар шинэ хөлөг онгоцонд 2500-4000 км-ийн радиуст тусгалтай, хараахан туршаагүй байгаа “Пуккыксон-3” пуужинг суурилуулах гэнэ.
Үүний сацуу цөмийн зургаа дахь туршилтаа хийснийх нь дараа Пхеньянд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нэмж хориг арга хэмжээ авснаас хэдхэн хоногийн дараа Умард Солонгос Японы хойд нутгийг давуулан Номхон далай руу баллистик пуужин харважээ. “Хвасон-12” пуужин Хоккайдо арлын Эримо хотоос 2000 км зайтай орших усанд унасан байна. Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдээлснээр Умард Солонгосын пуужин 770 км-ийн өндөрт гарч, 3700 орчим км зам туулсан байна.
Үүний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосыг эрс зэмлэн буруушааж, “Ийм нөхцөлд Пхеньянтай яриа хэлэлцээ хийх боломжгүй” гээд, “БНАСАУ-ыг сэхэхгүй болтол нь цохилт өгөх хүчин чадал бидэнд бий” хэмээн мэдэгджээ.