Барилгын бетон бэлтгэхэд элс заавал ордог. Африк даяарх гол, мөрний голдиролд элс олборлох ажил эрчимтэй өрнөж байна. Барилгын салбарын хөгжил эрчээ авсан нь ийм байдалд хүргэжээ. Энэ нь гол, мөрөнд, тэдгээрийн эрэг дагуух оршин суугчдад хэрхэн нөлөөлж буйд санаа тавих хүн харамсалтай нь ховор. Тус улсад очсон ВВС-гийн сурвалжлагч Харриет Констебль ийн бичжээ.
Элс. Энэ үгэнд хүүхэд насны жаргалтай дурсамжууд оршино. Бүгд л элсээр цайз, хэрэм байгуулж, хавчнууд элсэн дээгүүр хэрхэн гүйхийг, ухсан нүхэнд хэрхэн унахыг хардаг байж билээ. Нарны туяанд гялтганах элснээс наран шарлагын газар бүрдэнэ. Олон сая, тэрбум элсэн ширхэг нь чулуу үрэгч салхи, ус хоёрын эцэс төгсгөлгүй ажлын үр дүн. Хаа сайгүй байдаг элсийг хүрэлцэхгүй боллоо гэж хэн нэгэн, хаа нэгтээ ярьж байхыг сонсоогүй. Гэтэл хомстох цаг нүүрлэдэг л юм байна.
Учир нь барилгын гол материалууд буюу бетон зуурмаг, тоосго, шил нь элс агуулсан байдаг. Хүн ам, орон сууцны өсөн нэмэгдэж буй хэрэгцээ нь усны адил элсийг дэлхийн хамгийн эрэлттэй баялаг болгожээ. Түүний эрэлт жилээс жилд ихсэж, олон тэрбум тонноор хэмжигдэж байна. НҮБ-ын тооцоолсноор, 2012 онд дэлхий даяар ашигласан элсээр 27 метр өндөр, мөн тийм зузаантай ханыг экваторын дагуу босгохоор байв. Элсэн дунд очихын тулд заавал наран шарлагын газрыг зорих шаардлагагүй. Бидний оршин суугаа хотууд бетоноор далдалсан элсэн, аварга том цайзууд билээ, үнэн хэрэгтээ. Барилгын материал хийхэд шаардлагатай элсийг гол, мөрөн, тэнгисийн ёроолоос олборлож буй. Говь, цөл газрын элс хэтэрхий нарийн, үйрмэг учир барилгын материал хийхэд тохиромжгүй.
Аварга том барилгууд нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын тэнгисийн эргийн элсийг богино хугацааны дотор хоосруулсан бөгөөд энэ хот улс уг нь элсэн дээр оршдог ч одоо Австралиас уг түүхий эдээ авч байна. Элсний хэрэгцээ асар их байгаа нь нийгэм, эдийн засгийн асуудал үүсгээд зогсохгүй хүмүүсийг үхэлд хүргэдэг болж. Энэтхэгт сүүлийн жилүүдэд бий болсон элсний хар зах тэндхийн мафийн хяналтад байдаг гэнэ. Элсийг нь олборлосны улмаас Хятадад дотооддоо хамгийн томд тооцогддог цэнгэг уст Поянху нуур түргэн ширгэж байна. Уг нь нутгийн хэдэн зуун иргэн нуурын загасаар амь зуудгаас гадна энд нүүдлийн олон сая шувуу бууж амардаг, чухал зогсоол юм. Кенийн зүүн нутгийн Макуени мужид гол, мөрний голдирлоос элс олборлож буйн улмаас тариачдад ус хүрэлцэхээ байжээ. Африкийн зүүн хэсгийн энэ улсын хүн ам ойрын 40 жилд хоёр дахин өсөх тооцоотой. Дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төслүүд, тухайлбал, шинэ төмөр замын хэрэгцээ маш чухал байна. Гэвч үүнд олон сая тонн элс шаардана. Эрэг орчмын болон дотоодын гол, мөрний элсний нөөц шавхагдах дөхсөн бол Макуенид элсний хомстолын уршиг онцгой мэдрэгдэж байна. Тус мужид жилийн дундаж температур 35 градус давж буй. Зун гол, мөрөн ширгэж, хатах нь газар зүйн хэвийн үзэгдэл болжээ. Өвөл, хавар гол, мөрөн усаар дүүрдэг ч элсэнд шингэчихдэг.
Хуурай улиралд нутгийн бараг нэг сая оршин суугч гол, мөрний элсэнд худаг гарган устай болж байна. Гэвч элсгүй болохоор ус хадны ёроол руу орж, хүнд үлддэггүй.
Элс олборлодог мужуудын хэд хэдэн газарт очиж үзлээ. “Гол, мөрөн “үхлээ” л гэж бид бодож байна” гэж Макуенийн Киломе-Иколья голын өндөр эрэгт зогсонгоо нутгийн оршин суугч Энтони ярив. Ердөө хоёр жилийн өмнө ийм эрэг байгаагүй. Харин одоо голын ёроол хүртэл 10 хүрэхгүй шахам метр болж. Газар доороос бидний хөлд модны үндэс тээглэж байсан бол голын ёроол элсгүй, чулуурхаг, хуурай хөрс л үлджээ. “Эндээс дахин элс олборлох боломжгүй болжээ” гэж Энтони шүүрс алдав. Нутгийн оршин суугчдын амьдрал энэ голын хувь заяанаас хамаатай. Зарим нэгийнх нь хувьд элс амь зуулга нь болдог. Ажил байдаггүй энэ ядуу газарт байгалийн баялаг хомсотсон нь цус урсахад хүргэжээ.
Макуенид хууль бусаар элс олборлохыг цагдаа Жеффри Касиоки таслан зогсоохыг оролдсон гэнэ. 2011 оны хоёрдугаар сард гэгээн цагаан өдөр түүнд хэсэг залуу халджээ. Тэд түүний толгойг хагалж, хортой сумаар хатгасан аж. Шарилынх нь дэргэд зогсох, бэлэвсэн эхнэр Айрин “Элс олборлохын тулд л түүнийг минь хороочихсон” гэж ярилаа. Шарил дээр овоолсон элсийг илэнгээ тэрбээр нулимсаа арайхийн барьж байв. Энтони бид хоёр гол дагуу явж байгаад хэсэг ажилчинтай таарсан. Тэд үд дундын халуун наран дор ээлжит ачааны машинаа элсээр дүүргэхээр бэлдэж байлаа. Удахгүй хүүхэд насны л дурсамж болох элсний тухай намайг бодож зогсох хооронд эргэн тойронд байсан хүмүүс элс, усгүйгээр энд амьдрал үгүй болж, энэ голтойгоо бүрмөсөн салах ёс гүйцэтгэх нь гэсэн илүү тулгамдсан асуудлын тухай тунгааж байв.