Хуулиар хориглосон бүх нийтийн санал хураалтыг дэмжиж буй, эсэхийг нь асуухаар Испанийн Ерөнхий прокурор Каталони мужийн 700 гаруй удирдах албан тушаалтныг дуудсан гэж ВВС мэдээллээ. Дуудсан хугацаанд ирэхгүй бол Испаниас тусгаар тогтнох асуудлаар ирэх сард явуулах гэж байгаа санал хураалтыг дэмжсэнд тооцон баривчлах гэнэ. Саналын хуудсууд болон сурталчилгааны материалуудыг хураах шийдвэр ч мөн гаргажээ.
Испанийн Дээд шүүх хууль бус үйлдэл болохыг мэдэгдсэн хэдий ч Каталони муж тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалтаа төлөвлөснийхөө дагуу ирэх сарын 1-нд явуулах гэж байна. Өөрийн гэсэн хэл, соёлтой каталоничууд өөртөө засах эрхтэй хэдий ч Испаниас тусгаар тогтнохыг тус мужийн иргэдийн 50 орчим хувь нь дэмжиж байгаа аж. Испанийн хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Каталонийд иргэдийн дунд “татварын орлогоос хэт их мөнгийг Испанийн Засгийн газарт өгч байна” гэсэн яриа тархсан нь тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах шийдвэр гаргахад хүргэжээ.