БНАСАУ-ын ГХЯ-ны өндөр албан тушаалын төлөөлөгчтэй АНУ-ын дипломатч асан Швейцарь улсад уулзаж, албан ёсны бус хэлэлцээ хийжээ. Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Азийн хэрэг эрхэлсэн туслах Эванс Ревере Умард Солонгосын ГХЯ-ны Хойд Америкийн газрын орлогч дарга Чхве Кан Ир-тэй санал бодлоо солилцсон байна. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх гурван өдөр үргэлжилсэн бага хуралд тэд оролцсон аж.
Тэдний хэлэлцсэн асуудлын талаар тодорхой мэдээлээгүй байна. Пхеньян цөмийн туршилт хийж, цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлсний хариуд Умард Солонгост авсан арга хэмжээгээ чангатгасан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баталсан тухай тэд уулзалтынхаа үеэр ярилцсан бололтой.
БНАСАУ-ын ГХЯ-ны Хойд Америкийн асуудал хариуцсан өндөр албан тушаалтнууд жилийн хугацаанд Европ, Зүүн өмнөд Азид болдог олон улсын хэлэлцээний үеэр АНУ-ын Засгийн газрын хуучин төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулздаг аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг Умард Солонгосын удирдлага эдийн засгийн хувьд бүрэн хавчих замаар улс орныг нь болон ард иргэдийг нь боомилоход чиглэсэн арга хэмжээ хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдээлсэн билээ. “Санаанд багтамгүй бөгөөд түрэмгий бүх арга хэрэгслийг тусгасан энэ тогтоол манай улсын өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхийг хасахад чиглэсэн өдөөн хатгалгын үр дагавар” гэж Умард Солонгосын ГХЯ мэдэгдэлдээ тэмдэглэсэн билээ.
Үүний сацуу БНАСАУ цөмийн туршилт хийсний дараа цацраг идэвхт ксенон-133 хэмээх бодисын ул мөр агаар мандлаас илрүүлснээ БНСУ-ын Цөмийн аюулгүй байдлын агентлаг уламжилсан. Гэхдээ Өмнөд Солонгосын иргэдийн эрүүл мэнд, экологид аюул заналхийлээгүй болохыг уг мэдээлэлд тэмдэглэжээ.
Умард Солонгос өнгөрсөн долдугаар сард тив хоорондын баллистик пуужин хоёр удаа харваж, энэ сарын 3-нд тээгч пуужинд угсарч болох цөмийн цэнэгт хошууг амжилттай туршсанаа зарласан билээ. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн эрс эсэргүүцэлтэй тулгарсан юм. Пхеньяны үйлдлийг тухайлбал, БНХАУ зэмлэн буруушааж, Өмнөд Солонгос, АНУ хоёр цэргийн хариу арга хэмжээ авахыг ч үгүйсгээгүй билээ.