Саяхныг хүртэл Сингапурын Парламентын даргаар ажиллаж байсан Халима Якоб тус улсын Ерөнхийлөгч боллоо. Түүний штабаас өгсөн баримт бичгийг шалгаж дууссаны дараа Сонгуулийн комиссынх нь дарга Эн Вай Чун ийн мэдээлжээ. Тийнхүү 63 настай Х.Якоб тус улсын анхны эмэгтэй Төрийн тэргүүн болов. Мөн 47 жилийн хугацаанд малайчуудын нийгэмлэгийн төлөөлөгч анх удаа Ерөнхийлөгч болж байна. Малайчуудаас гадна хятад болон энэтхэгчүүдийн нийгэмлэг гэж Сингапурт байдаг аж. Тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөгчид төрийн алба хашиж байсан туршлагатай, эсвэл 371 сая ам.доллар давсан хөрөнгөтэй компани удирддаг байх шаардлага тавьдаг гэнэ. Энэ оны зургадугаар сард баталсан уг шалгуурт зөвхөн Х.Якоб нийцжээ. Ийм тохиолдолд хуулийн дагуу сонгууль явуулахгүйгээр Төрийн тэргүүн тодрох боломжтой болсон байна.
Үүний сацуу Сингапурын Ерөнхийлөгчийн эрх хязгаарлагдмал, улс орноо Ерөнхий сайд нь удирддаг. Төрийн тэргүүн нь төсвийн төсөл хэлэлцэх үед хориг тавих, Засгийн газарт томилгоо хийх, гэмт хэрэгтэн өршөөх эрх эдлэхээс гадна алт, валютын нөөцийг хадгалагч болдог.