АНУ-ын Майами хотод байгалийн гамшиг нүүрлэж, тус хот тэр чигээрээ шахуу усанд автсан. Дэлхийн хамгийн баян гүрний нэг боловч америкчууд байгалийн сүр хүчний ялагдаж буйг нийтээрээ харсан юм. Байгалийн гамшиг болж, олон зуун мянган хүн орон гэргүй болж буй энэ үеийг ашиглаж, хулгай дээрэм их гарах болсон аж. Майами хотын цагдаагийн байгууллагаас жирийн эргүүлийн цагдаа 12 цагийн турш эрчимтэй ажиллаж байгааг мэдэгдсэн. Тэд хар салхины үеэр дээрэм тонуул хийсэн хэрэгт 50 гаруй хүнийг буруутгаж, саатуулсан байна.
Баривчлагдсан иргэдийн 26 нь "Wallmart" сүлжээ дэлгүүрийг тонож байгаад саатуулагдсан гэнэ.
Орон нутгийн цагаар өнгөрсөн даваа гаригт лаптоп, пүүз зэрэг зүйлс дээрэмдсэн хэргээр зургаан хүнийг саатуулжээ. Орон нутгийн телевиз шууд дамжуулалт хийх үеэр нутгийн иргэд "Footlocker" дэлгүүрийг дээрэмдэж, уут уутаар нь бараа зөөж байсныг илчилсэн юм. Тэдгээр иргэдийг саатуулсан бөгөөд дээрэмдсэн барааг нь хураан авчээ.
Майами хотын цагдаагийн албаны төлөөлөгч Рик Маглойр болсон үйл явдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд "Пүүз хулгайлаад шоронд суух бол маш тэнэг шийдвэр" гэж тодотгосон байна.